Сэтгүүлч бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Болгарт гарлаа

 

Болгарын Рус хотын ойролцоо 30 настай сэтгүүлч эмэгтэй Виктория Мариноваг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. Виктория Маринова нь Болгарын TVN орон нутгийн телевизийн захирал мөн хөтлөгчөөр ажилладаг байжээ.

Сэтгүүлчийг цэцэрлэгт хүрээлэнд зодож, хүчиндэж, боомилж хөнөөсөн гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Тус хэргийг Мариновагийн ажилтай шууд холбоотой гэж таамаглаж буй ажээ.

Маринова сүүлийн хэдэн сарын хугацаанд Европын Холбооноос дэд бүтцээ сайжруул гэж олгосон мөнгийг үр ашиггүй зарцуулж буй талаар мэдээ мэдээлэл бэлтгэж байсан гэнэ. Энэ мэдээлэлтэй холбоотой авлига, хээл хахуулийн хэргийн баримтуудыг олж, эрэн сурвалжлах сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэж байгаад ийнхүү амиа алджээ.

Ойрын нэг жилийн хугацаанд Европын Холбооны улсуудын нутаг дэвсгэрт амиа алдсан гурав дахь сэтгүүлч нь Виктория Маринова боллоо. Түүнээс өмнө 2017 оны аравдугаар сард Панамын архив хэмээх материалыг дэлгэн тавьж, эрэн сурвалжилж байсан Мальтын сэтгүүлч эмэгтэй Дафне Галиция автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан хэрэг гарсан.

Мөн өнгөрсөн зун Словакийн сэтгүүлч Ян Куциак найз бүсгүйнхээ хамт бусдын гарт амь үрэгдсэн. Тэрээр Словакийн төр засгийн удирдлагуудыг Италийн мафитай холбоотой асуудлуудыг дэлгэж, эрэн сурвалжилж байсан юм. 70 мянган еврогоор Куциакийн амийг хөлсний алуурчнаар хөнөөлгөсөн болохыг цагдаа нар тогтоосон.

Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

SHARE