Хабиб: Би өрсөлдөгчийнхөө тухай, эцгийнх нь тухай, шашин шүтлэгийнх нь талаар хэзээ ч доромж үгс чалчихгүй

UFC-гийн энэ оны оргил тулаан дуулиантайгаар өндөрлөлөө. Оросын Хабиб Нурмагомедов эхний гурван үед илүү давамгай тулалдаж, улмаар дөрөвдүгээр раундад өрсөлдөгчөө боох мэхээр ялсан.
Гэвч тулааны дараагаар октагоныг даван гарч Макгрегорын бэлтгэл хангагч Диллон Дэнис рүү дайрсан. Мөн Хабибын талынхан Конор руу ч дайрч цохиж авсан явдал гарсан.
Тулаан нэгэнт дуусчихсан байхад ийм үйлдэл хийсэн нь олны зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлээд хүрээд байна.


Хабиб Нурмагомедов хийсэн үйлдлийнхээ талаар хэлэхдээ өрсөлдөгчийгөө хүндэлж байхыг хэл амаар бус нударгаараа биед нь ойлгуулсан гэх утгыг илэрхийлжээ.
“Торноос үсэрч гарсан үйлдлийн минь талаар яагаад ингэж их яриад байгааг би ойлгохгүй. Конор миний шашин шүтлэг, миний эх орон, миний эцгийн тухай хүссэнээрээ ярьж, доромжилсон. Тэр бас Нью-Йоркт автобус руу дайрч, хүмүүсийг бэртээсэн. Үүнийг нь яагаад ярьдаггүй юм бэ?

Яагаад заавал өнөөдрийн энэ үйлдлийг яриад байгаа юм?
Би нэг зүйл хэлэхийг хүсч байна. Хүмүүс юмыг өөрчилсөн… Үгүй ээ, хүмүүс биш ММА өөрчилсөн. Холимог тулаан бол хэн хэнээ хүндлэх ёстой спорт. Тэрнээс амны зоргоороо чалчдаг газар биш. Би энэ байдлыг өөрчлөхийг хүсч буйгаа хэлж байсан. Би хувьдаа өрсөлдөгчийнхөө тухай, эцэг өвгөдийнх нь тухай, шашин шүтлэгийнх тухай доромж үгс чалчихгүй ээ. Энэ их чухал чанар.
Аравдугаар сарын 6-нд би бүхнийг өөрчилнө гэсэн. Түүнийгээ л хийлээ” хэмээн Хабиб өгүүлжээ.

Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

SHARE