Хон Хэрээдийн Б.Энхбат: Анхны Ерөнхийлөгч П.Очирбат шоронд сууж байх ёстой хүн /IV хэсэг/

Төгсгөл. Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

 

Хон Хэрээдийн Энхбат гэхээр хүмүүс “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, хар нүдний шил, бүдүүн мөнгөн гинж, хас тэмдгээр гангарсан үндсэрхэг үзэлтэй нөхөр гэж ойлгох нь бий. Харин  бид түүнтэй  үндсэрхэг бус харин  үндэсний үзэл, монгол өв соёл, уламжлал, зохиол бүтээлийнх нь талаар хөөрөлдсөн юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, зохиолч, сэтгүүлч Хон Хэрээд овогт Банзрагчийн  Энхбатын ярилцлагын үргэлжлэлийг таалан болгооно уу.

-Шүүхийг шударга болгохын тулд яах вэ. Ямар гарц байна вэ?

-Шүүхийн тухай хуулийг өөрчлөх ёстой, шүүхийн системийг бүтнээр нь өөрчлөх хэрэгтэй. Шүүгч нарын алдааг хянадаг системийг  бий болгох ёстой. Пратикаас харахад шүүхийн систем маань  уруудсаар уруудсаар  бүр ёроолдоо хүрчихлээ. 1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацааг  авч  үзвэл шүүхийн анхан шатанд гарч ирээгүй баримт  давах шатны шүүхэд гарч ирэхэд  хянадаг байсан. Гэтэл одоо анхан шатны шүүх дээр яригдаагүй бол дараагийн шатны шүүх авч хэлэлцэхгүй гээд анхан шатны шүүгчийн алдаатай бодлогыг тэр чигээр нь хадгалаад явчихдаг болсон. Анхан шатны шүүх дээр л гаргаагүй бол давах шатны шүүхэд баримт гаргах  эрхийг  нь хязгаарласан. Ингэснээр шүүгч зүгээр л муйхраар ажиллах боломжийг нээгээд өгчихсөн. Хэрэг болгон адилгүй, янз бүрийн шалтаг шалтгаантай.  Тухайн хүн шүүх дээр олон баримт гаргаж  өгөх боломжгүй  байсан ч байж болно шүү дээ. Ийм тохиолдлууд байдаг. Гэтэл анхан шатны шүүхэд энэ баримт хэлэлцэгдээгүй гэх үндэслэлээр  дараагийн шатны шүүхүүд  нь баримтыг   няцаадаг  асуудлыг болих ёстой. Дээр нь шүүгч нарын боловсролын түвшин харьцангуй  ялгаатай учраас нэг шүүгч  хуулийн заалтыг өөрөөр ойлгож байхад нөгөө нь бас  өөрөөр ойлгоод явчих жишээ цөөнгүй гардаг. Иймд анхан шатны шүүгч хэргийг нэг янзаар ойлгоод  шийдчихдэг,  давах шатны шүүгч нь мөн тэр хуулийн заалтыг  өөрөөр ойлгонгуутаа  нөгөө хэргийг нь өөр болгочих тохиолдол байдаг.  Тэгэхээр шүүгч нар хуулийнхаа  тухай нэгдсэн ойлголтгүй байна. Тиймээс  өнөөдөр  Хөвсгөл аймагт болон Улаанбаатарт  нэг ижил хэрэг шийдэгдэхэд  өөр  шийвэр гарч байх жишээтэй. Энэ нь тухайн  шүүгчийн боловсрол,  ур чадвараас  хамаарч байгаа юм. Түүнээс нэг л  хуулиар   ижил хэргийг шийдэж байгаа шүү дээ. Ижил  хэрэгт  ойролцоо ял авч болох  байтал тэр нь тэнгэр газар шиг зөрөөтэй байна. Тиймээс ижил хэрэг дээр Хөвсгөлд таван жил, Улаанбаатарт арван жилийн ял өгөх  жишээтэй  байна. Ийм байдлаар олон хүн хохирч байхад тэр шүүгчтэй хэн ч хариуцлага ярьдаггүй. Шүүгч алдаа гаргасан бол нөхөн төлбөр төлөх ёстой.  Шүүгчийн алдааг хянаж, хариуцлага тооцож чаддаг тогтолцоо хэрэгтэй. Шүүхийн шинэчлэлээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөх гэж шинээр оруулж ирсэн байгаа. Гэтэл манайд нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг шүүгч байхгүй.Тэр бүү хэл нөлөөллийн мэдүүлэг гэдгийг гуйвуулчихаад явж байгаа шүү дээ. Хохирогч нь өөрөө хөтлөөд бичээд явж байх жишээтэй. “Би нөлөөлөөгүй ээ” гээд. Нөлөөллийн мэдүүлэг гэдэг чинь тэр шүүгчид улстөрчдөөс, прокуророос, мөрдөн байцаагчдаас, хохирогчийн талаас нөлөөлөх гэж оролдсон талаар шүүгч  өөрөө тайлагнадаг нууц тайлан болохоос нөгөө байцаагдаж байгаа хүн нь “Би шүүчид нөлөөлөхгүй” гэж тайлан бичдэг  юм биш. Гэтэл энэ систем нь хүртэл Монголын шүүхэд байхгүй. Би өнөөдөр энэ хулгайн хэргийг шийдэх гэсэн чинь аав нь надад хахууль өгч нөлөөлөх гэж оролдлоо, эсвэл би хар тамхины энэ хэргийг шийдэх гэтэл аав нь УИХ-ын гишүүн тэр юм байна. Тэгээд хэргийг зөөлөн шийдэж өгөөч гэж надад нөлөөлөх гэж оролдлоо  гэсэн тайланг ёс зүйн хороондоо гаргаж өгөх ёстой болохоос байцаагдаж байгаа хүн нөлөөллийн тайлан хөтлөх ёсгүй. Шүүхийн практикийг аваад үзэхэд нөлөөллийн тайлан гэж шал тэнэг юм байж байна. Дээр нь Монголд хүнийг цагдан хорих эрх ганцхан шүүхэд л бий. Гэтэл захын прокурор, цагдаа нар хүн барьж хорьж байна. Тэд шүүгчийн эрхэнд халдаж байна. Прокурор хүсэлт гаргаад өгөхөд шүүгч хорихгүй гэвэл  хэл ам хийгээд, эрхэнд нь халдаад эхэлдэг. Прокурор тэр хүнийг хорих ёстой гэдэг хөдөлшгүй баримтыг нотлоод гаргаад өгсөн тохиолдолд шүүгч зөвшөөрөл өгнө үү гэхээс өөрөө тухайн хүний нотлох баримтыг гаргаж өгөөгүй байж “энийг хориод аль” гэж хүсэлт гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр прокурорууд шүүгчийг дарамталдаг болсон. АТГ  мөн дарамталж байна. Улстөрчид ч шүүгчийг  дарамталж байна. Энэ дарамтаас гарч чадаагүй шүүхийн систем хэзээ ч ариун байж чадахгүй. Тэгэхээр шүүхийг эдгээр дарамтаас гаргах ганц арга нь шүүгчдийн алдаа, оноог шүүдэг тусдаа зөвлөл байж л асуудлыг шийднэ. Тэр зөвлөл нь  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа байх ёстой. Тэр байгууллага нь АТГ-ын байцаагчидтай, прокурортой хариуцлага тооцдог байх ёстой. Шүүхийн системийг цогц байдлаар засахгүйгээр зөвхөн дээврийг нь солиод, эсвэл хуулийг нь өөрчлөөд нэмэргүй.

-Шүүгч нарын боловсролыг яаж дээшлүүлэх вэ. Энд боловсролын системийн шинэчлэл бас яригдаж таарах байх?

-Мэдээж боловсролын системийг нь өөрчлөх хэрэгтэй. Түүнээс нэг хувийн дээд сургууль, Монгол үндэсний дээд сургууль юм уу, Их засаг эсвэл Шихихутаг сургуулийг төгсөөд шүүгч хийгээд явдаг жишээ олон байна. Ингэж болохгүй. Шүүгч болохын өмнө  хуулийн байгууллагын мөрдөн  шалгах ажиллагааны бүх дамжлалыг дамжин дадлага хийсэн байх ёстой гэж би ойлгодог. Яагаад гэвэл, шүүгч  мөрдөн байцаагч хийж үзсэн байх ёстой, прокурор, өмгөөлөгч  хийж үзсэн байх ёстой, шийдвэр гүйцэтгэлд ч дадлага хийгээд үз, ингэж байж ойлгоно. Энэ нөхцөлд сая шүүгч хийнэ. Тэгэхээр шүүгчийг бэлддэг сургууль тусдаа байхаас өөр  аргагүй. Нэг жилийнхээ дадлагыг прокурорт, дараагийнхийг нь цагдаа, өмгөөллийн байгууллагад хий. Энэ зөвхөн миний санаа шүү. Тийм учраас шүүхийн шинэтгэл гэдэг цаасан дээр хэдэн зүйл өөрчилж, шинэ хууль гаргаснаар болчихгүй. Бүтэц , зохион байгуулалтыг маш сайн өөрчилж байж шүүхийн шинэчлэл явагдана. Өнөөдөр Монгол Улсад эрхээ хязгаарлуулах  боломжтой  хоёрхон салбар байдаг. Нэг нь цэргийн салбар, нөгөө нь шүүгч. Жишээ нь шүүгч хүн олон эрхээ хязгаарлуулах  ёстой.

-Жишээлбэл?

-Жишээ нь, шүүгч хүн зээл авах эрхгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын шүүгчид банкнаас зээл аваад тэдний хараат болчихож байна. Ингэж болохгүй шүү дээ. Шүүгч хүн занал, зүхэл дор орохоос айхгүй байх ёстой. Тэгэхээр маш олон эрхээ хязгаарлуулах ёстой байгаа юм. Гэтэл манайд шүүгчийн эрхийг хязгаарладаг юм алга. Тэгсэн хэрнээ цалинг нь нэмж өгөөд байдаг, эргээд хянаж чаддаггүй.

-Та сүүлийн үед хэр их уншиж байна?

-Уншихын хувьд уншиж байна. Гэхдээ хүн төрөлхтөнг далай гэвэл маш их бохирдож байна, түүн шиг сонин хэвлэлийн ертөнц, мэдээллийн ертөнц маш их бохирджээ. Түүн дотроос зөв мэдээлэл, зөв юм олж авах гэдэг маү хэцүү болчихож. Нэг үнэн зөв мэдээлэл олж авахын тулд дор хаяж 5-6 сонин дамжуулж үзэж байж ойролцоо ойлголт авах  ийм л   хувилбар руу орчихсон байна шүү дээ. Хэвлэл, мэдээлэл дэндүү замбараагүй байна. Тэгэхээр уншихад бэрхшээлтэй болчихоод байна. Ном, зохиолын  ертөнцийг  харж  байхад, жишээ нь  нэг хүүхэн шоронгийн тухай ном бичээд байх юм. Эмэгтэйчүүдийн хорих, эрэгтэйчүүдийн хорих гэхчлэн баахан юм бичиж. Тэр хүний зохиолыг би шоронд байхдаа ч харж байсан, гарч ирээд ч харж л байсан, их гайхаж байгаа. Би социализмын үеэс эхлээд Монголын шоронгийн бүх системийг биеэрээ туулсан хүн шүү дээ. Шоронгийн тухай бичихээсээ би айдаг. Гэтэл шоронгийн хаалгаар орж үзээгүй хүн шоронгийн тухай ном бичээд байхаар ард түмэн тэндээс юу ойлгох вэ. Шорон дотор мөлхөөд, ташуурдуулаад, өлсч цангаж зовлонг нь туулсан би тэр тухай бичихээс эмээж байхад үзээгүй хүн тийм зүйл бичээл ном нь бестселлер болоод байна гэдэг эмгэнэлтэй. Ийм л эрин байна.

-Та шоронгийн талаар бичихээс үнэхээр  эмээсэн  гэж үү.Яагаад?

-Яагаад эмээж байна вэ гэвэл, тэнд байгаа үнэнийг ард түмэн мэдэх юм бол бослого гаргана. Хямрал үүснэ. Үүнээс л болгоомжилж байгаа болохоос тэнд байгаа  юмыг үнэнээр нь  ярьж,  бичих шиг амархан  юм  байхгүй. Ард түмэн мэдвэл бослого гарна. Тэнд аав нь, хүү нь, охин нь, дүү нь байгаа шүү дээ, энэ ард түмний чинь. Шоронд ямар нэгэн хүн нь байхгүй өрх гэр олоод ир гэвэл Монголд байхгүй, гарахгүй. Тэгэхээр тэр хүмүүсийнхээ  байгаа байдлыг ойлгох юм бол эмгэнэл үүснэ. Тиймээс үнэнийг нуухаас өөр аргагүй. Иймд одоо бол 1930-1940-өөд оны үеийн юм уу, 1960-1970-аад оны үеийн шоронг бичиж болж байна. Жишээлбэл, Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэдэг хүн Гаагын шүүхээс асуугдаж, шоронд сууж байх ёстой л хүн шүү дээ. Тэр хүнийг Ерөнхийлөгч байхад Монголын шоронд хэдэн зуун аавын охин, ээжийн хөвгүүд  үхсэн шүү дээ, өлсгөлөнд нэрвэгдэж. Тэр өрх гэрүүд энэ хүн буруутай байна гээд Гаагын шүүхэд гомдол гаргавал яах вэ. Шүүхэд хандсан тохиолдолд  хэргийг шүүж   л таарна. Энэ түүхийг хүмүүс өнөөдөр ярихгүй байгаа.

-Та  олныг судалж, эргэцүүлж, сэтгэж, бичдэг  хүн. Өнөөгийн нийгэмд ямар дүгнэлт хийж  байгаа нь сонин байна?

-Чонын сүргийг устгая гэвэл сүргийн тэргүүнийг л устгадаг. Тэгэхэд сүрэг замбараагаа алддаг. Сүргийн  тэргүүн бус аль нэг чоно, эсвэл гичий чоныг буудвал маш аюултай. Тэгвэл Монголын ард түмэн өнөөдөр сүргийн тэргүүнгүй байна. Толгойлогчгүй байна. Төрийн тэргүүнгүй байна. Төр аваад явах шударга түшээд алга. Лидерийн өлсгөлөнд нэрвэгдсэн учраас Монголын ард түмэн  маш их хямарч байна. Тэднийг нэгтгээд зөв замаар аваад явах улстөрч, лидергүй болчихжээ.

2020 оны сонгуульд ард түмэн яаж ч тийчлээд МАН, АН хоёр дахиад л төр барина. Энэ бол хөдөлшгүй үнэн. Ардын нам 20, АН 20 суудалтай ороод ирэхэд эвсээд засгаа байгуулчихна. 40 хүнтэй хоёр нам эвсэхэд Засгийн газар байгуулахгүй хаачих юм бэ. Энэ хоёр намыг л Монголын хоёр сая иргэн хуваагдаад дагаж байгаа. Тэгэхээр хүссэн, хүсээгүй энэ хоёр нам л гарна. Өнөөдөр УИХ-ыг тараагаад дахиад байгуулахад ч ялгаагүй, энэ хоёр  нам төр  барина. Ийм л нийгэмд  байгаагаа ард түмэн ухаарах хэрэгтэй. Дов жалгаараа хүртэл  хуваагдаж, АН, МАН болж тоглодог энэ жүжгийг таслан зогсоогоогүй цагт Монголын нийгэмд шинэчлэл явагдахгүй. Аймаг, сум, довж жалгандаа, гэр бүл дотроо Ардчилсан нам, Ардын намыг дэмждэг гээд талцаж, хэрэлдэж, жүжиглэж яваа энэ жүжгийг таслан зогсоогоогүй нөхцөлд Монгол хөгжихгүй.

-Ирээдүй бүрхэг байна гэсэн үг үү?

-Бүрхэгээр барахгүй  бүрхэг. Гол нь юмыг бодитоор харж сурах хэрэгтэй л дээ. Чи бод л доо, захын айлд ороход гэр бүл дотроо хуваагдчихсан байна шүү дээ. Бэр нь Ардчилсан намын, хүргэн нь Ардын намын, аав ээж нь Ардын нам, нэг ах нь МАХН-ынх гээд хоорондоо үзэлцээд сууж байна.

-Тэгэхээр бидэнд юу дутагдаж байна вэ?

-Замбараагүй, цэгцгүй  байдлыг цэгцлэх улстөрийн лидер л хэрэгтэй. Үүнээс болж бүх хямрал болж байгаа болохоос Монголд байгалийн баялаг байхгүй, ажилгүйдэл газар авснаас болж хямарсан юм биш. Тиймээс монголчууд сайхан ирээдүйг хүсвэл замбараагүй байдлаа цэгцлэх ёстой. Наад зах нь гэр бүл дотроо намаар талцдагаа болих хэрэгтэй.  Гэр бүлээрээ хуралдаад энэ хүн гайгүй юм, дэмжье гэдэг болчих. Хороо, баг, сум ч ялгаагүй. Манай нам, танай нам гэхгүй хүнийг нь  хардаг, судалдаг, тэгээд сонгодог, дэмждэг  болчих. Нэг зүйлийг хэлэхэд, луйварчид бол яг ийм замбараагүй байхад л баяжиж, жаргаж байдаг. Ийм байдалд Монгол Улсыг байлгахыг хүсч байдаг. Луйварчдад айдаг зүйл алга. Уг нь тэднийг ард түмэн л айлгаж чадна. Гэтэл ард түмний тархийг угаагаад байна. Гэхдээ муу юм болгон  өөрийгөө даран сөнөөдөг. Луйварчид өөрсдийгөө устгах замыг засч байгаа. Тэд ч, бид ч адил хүн л дээ, уг нь. Тэд ч, би ч муу юм хийж явсан. Гэхдээ муу юм хийсэн ч алдаагаа засч чаддаг  байх хэрэгтэй. Хичээвэл чадахгүй хүн ч байхгүй, гагцхүү хичээх хэрэгтэй юм даа. Айхтар өнгөт хувьсгал хэрэв явагдах юм бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан     хүмүүсийг гудамжинд гаргаж зодож албал яана. Хэн ч тэднийг хамгаалахгүй шүү дээ. Дошгирсон, хуйларсан ард түмнийг хэн ч зогсоож дийлэхгүй. АН-ын нэрээр энэ аймгийн өмч идсэн гээд ард түмэн босвол яана. Ийм зүйлд хүрэхгүйн тулд луйварчид  эртхэн сэхээрч монгол төрийг цэгцлэх хэрэгтэй. Төриг цэгцлэхэд шүүх эхлээд цэгцрэх хэрэгтэй. Гэхдээ шүүх  шударга болж байж л үүнийг хийнэ.

-Бидний урилгыг хүлээж авч цаг зав гарган  ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: www.news1.mn Ч.Ариунганга

 

 

SHARE