“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтаар “Улаанбаатар” тунхаглал батална

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт үргэлжилж байна.

Чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “НҮБ-ын Бүсийн хөгжлийн газраас Улаанбаатар хотод “Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд ялангуяа хотын нийтийн тээвэр, байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлаар тодорхой мэргэшсэн мэргэжилтэн цөөн байна. Хотыг яаж төлөвлөх вэ гэдэг гаднын орнуудын туршлага судлах зайлшгүй шаардлага байна.  Энэхүү чуулга уулзалтаар бүх талын тээврийн асуудал тэр дундаа хотын нийтийн тээвэр, хот төлөвлөлт, хотод зөвхөн нийтийн тээвэр байхуу, хувийг унааг хэрхэн зохицуулах вэ, дугуй, цахилгаан тээвэр гээд олон асуудлаар ярилцана. Зам тээвэр, барилга зэрэг олон салбарын мэргэжилтнүүд нийтийн, аюулгүй тээвэрт ямар шинэ бодлого байна, хэрхэн зохицуулах зэрэг шинэ туршлагыг мэдэх ач холбогдолтой. Мөн энд олон хотын дарга нар иржээ. Азийн хотуудын тэлэлт нь НҮБ болон Азийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхтэй холбогдон аюулгүй тээврийг хэрхэн бий болгох, хотын нийтийн тээвэр болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг яаж шуурхай зохион байгуулах вэ гэдэг тулгамдсан асуудал байна. Улаанбаатар хотод байдаг түгжрэл Азийн хотуудад ч мөн адил бий. Үүнийг хэрхэн шийдсэн болон шийдэх туршлага солилцоно” гэлээ.

“Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Далайд гарцгүй орнуудад тулгарч буй тээврийн хүндрэл болон боломжууд сэдвээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж байна. Мөн хурлын төгсгөлд “Улаанбаатар” тунхаглал гарган батлах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

SHARE