Хон Хэрээдийн Б.Энхбат: Монголын нийгэмд боловсролоороо гологдсон хүмүүс л шүүгч болж байсан /III хэсэг/

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.
Хон Хэрээдийн Энхбат гэхээр хүмүүс “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, хар нүдний шил, бүдүүн мөнгөн гинж, хас тэмдгээр гангарсан үндсэрхэг үзэлтэй нөхөр гэж ойлгох нь бий. Харин  бид түүнтэй  үндсэрхэг бус харин  үндэсний үзэл, монгол өв соёл, уламжлал, зохиол бүтээлийнх нь талаар хөөрөлдсөн юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, зохиолч, сэтгүүлч Хон Хэрээд овогт Банзрагчийн  Энхбатын ярилцлагын үргэлжлэлийг таалан болгооно уу.

-Та 10  жил “Хэцүү нэрт”-д байхдаа  олон зүйлийг  алдсан нь ойлгомжтой. Уучлаарай, гэхдээ тэндээс  олсон, өөртөө нээсэн  юм байна уу?

-Зүгээр ээ, зүгээр. Би ер нь их дотогшоо хүн байгаа юм. Өөрийгөө таних, мэдэх гэж их оролддог. Энэ миний бүр багын зан. Саяын 10 жилд би өөрөө өөрийгөө л олж нээсэн. Би өөрийгөө ойлгосон,  мэдсэн. Цааш юу хийх ёстойгоо ухаарсан. Одоо би боддог юм, надад ямартай ч 20-оод жилийн нас үлдсэн. Тэгэхээр ядаж ард түмэндээ үгээ хэлчихдэг байя гэж байгаа. Би ийм нэг зүйлийг байнга бодож явдаг юм. Жишээ нь эрэлчин хүн гэж байдаг. Хүн төрөлхтөн өөрөө эрэлчин юм. Гэтэл эрэлчин хүнд хааяа нэг сайн хүн таараад чиний эрж яваа юм тэр уулын ар бэл рүү, тийм далай хөвөө рүү байгаа шүү гэж чиг гаргаж өгвөл энэ маш том аз юм. Хүн төрөлхтөнд, эрэлчин болчихоод байгаа монголчууддаа чигийг нь заагаад өгчихдөг хүн болох юмсан. Зохиол бүтээлээрээ нэг тэр чиг рүү явбал зүгээр байна шүү, энэ зүг рүү явбал зүгээр байна шүү гээд заагаад өгчихдөг байхыг л үлдсэн 10 жилд чиг зүгээ болгоно доо. Намайг шоронгоос гарч ирсний дараа нэг мундаг хүн уулзсан юм. Тэр хүн   хэлж байсан юм. Энхбат аа, чи бол нийгмийн хог шаар, би бол гавьяатай том хүн. Гэтэл би чамд атаархаж байна. Чам дээр олон сайхан залуус ирээд  “Багш аа” гэж духаа үнэрлүүлээд, зарим нь өшиглүүлээд  явах юм  гэж. Багш хүний барилдлага албан тушаал, цол хэргэм дагадаггүй. Сэтгэл дотор байгаа мөнхийн эрэлхийлэлд л зөв чиг зааж өгдөг хүн л багш болдог.  Сэтгэлд долгилж байгаа хүсэл мөрөөдөл, эрэлхийлэл бүхэнд тэр уулын зүг, тэр далайн эрэг рүү яваарай гэсэн чиг өгч чаддаг хүн л шавьтай байдаг болохоос өндөр цол хэргэмтэй хүн багш болчихдог юм биш. Өнгөрсөн 10 жилд өөрийгөө олж нээснээ л би хамгийн том гавьяа гэж бодож байгаа. Хүн төрөлхтний хамгийн хэцүү зүйл нь өөрөө өөрийгөө олж таньж нээх юм. Энэ  бол бүх хүн төрөлхтөн, дэлхийн суутнуудын халз тулгарсан, эцэст нь өөрөө өөрийгөө олж нээж чадсан гайхамшиг юм. Ийм хүмүүсийг аваад үзэхэд хүн төрөлхтний оршин тогтносон 2000 жилийн түүхэнд 500 хүрэхгүй хүн л байдаг.

-Өөрийгөө олсон, нээсэн учраас та “Би өөрчлөгдсөн, үндсэрхэг үзэл маань үндэсний үзлээр солигдсон” гэж хэлсэн юм уу?

-Тийм.

-Таны үндсэрхэг үзэл хэзээ, хаанаас эхлэлтэй вэ. Хэдэн настайгаас түүгээр “өвчилсөн” юм бэ?

-Үндсэрхэг үзэл амьдралаас эхэлдэг юм. Оготно, зурам, тарвага ч дошин дээрээ дошоо л хамгаалдаг. Түүн шиг хүүхэд байхдаа тэр өвчнөөр өвчилсөн. Үүнийг миний үеийн залуус мэднэ, одоогийнхон бол ойлгохгүй л дээ. Гэртэй, хашаатай байсан цаг, байр байраараа хуваагдаж чулуун байлдаан хийнэ. Гудамж гудамжаараа талцаад байлдаад эхэлдэг. Энэ чинь л үндсэрхэг үзлийн эхлэл тавигдаж байгаа нь тэр. Яагаад гэвэл, тэр хашаа, байр танайх, чинийх. Тиймээс бусдыг цаашаа бай гээд эхэлдэг. Тэр нь өргөсөхөөр сумаа хамгаалж эхэлдэг. Цаашлаад аймаг болж томордог. Тэгээд улсаа хамгаалж эхэлдэг. Тэгээд хүн төрөлхтний хамгаалах түвшин рүү ороод ирвэл үндэсний үзэл болж хувирдаг. Улсаа хамгаалах болон аймгаа хамгаалах түвшинд байхад үндсэрхэг үзлээрээ байдаг. Ялгаа нь ердөө л энэ байхгүй юу. Хүн төрөлхтний төлөө тэмцэж эхлээд дэлхийгээ хамгаалж эхлэхээр үндэсний үзэл болж байгаа юм. Яагаад гэвэл би монгол үндэстэн,  би сайхан байвал хойд, урд хөрш сайхан амьдарна гэдэг үзэл үндэсний үзэл болж байгаа юм. Үндсэрхэг үзэлтэй гээд би муусайн хятад, муусайн орос гэж хараагаад, эсвэл цагаач иргэдийг зодоод байхын хооронд асар том ялгаа бий.

-Ингэхэд шүүхээс цаазын ял авч шоронд ороод амьд гарч ирсэн хүн таниас өөр байхгүй байх аа, Монголд?

-Байхгүй.

-Тэгвэл шүүх тогтолцооны  талаарх таны бодлыг сонирхъё?

-Төрт улсын  оршин тогтнохуй нь  шүүх байдаг.  Шүүхгүйгээр төрт улс оршин тогтнохгүй. Гэхдээ төрийг захирч байгаа хүмүүсийг нэг талд шүүгч нар өөрсдөө байдаг. Зарчим нь ердөө энэ. Тийм учраас Монголд шүүх засаглал ерөхийдөө ХХ зуунд ч, XXI  зуунд ч төрд үйлчилж ирсэн. Төрд гэдэг нь  юу вэ гэхээр, төрийн эрх мэдлийг атгаж байгаа хэдхэн хүнд үйлчилж байсан.  1990 оны  дунд болон доод шатны шүүгч нарыг  аваад үзэхэд Монголын нийгэмд бараг боловсролоороо гологдсон хүмүүс л шүүгч болж байсан шүү дээ.  Ингэж хэлэхэд  хилсдүүлсэн болохгүй. Яагаад гэвэл тэр үед Хуулийн дунд сургууль  төгссөн хүмүүс шүүгч болдог байсан шүү дээ. Тиймээс 1990 оны ардчилсан хувьсгалын дараа  Хуулийн  дундыг дүүргэсэн шүүгч нараа  дээд боловсролтой болгоно гэж Засгийн газар ямар сайндаа  түргэвчилсэн курс төгсгөж байх вэ. Ер нь бол 1990 оноос хойш Монгол Улсад  хөдөгдөөгүй үлдсэн ганцхан салбар нь шүүхийн салбар л байгаа. Хэн ч оролдоогүй. Мөн 1990 оноос хойш Монголын хамгийн боловсролгүй тэнэг  бүдүүлэг хүмүүс ажилласан салбар бол шүүхийн салбар.

-Яагаад тийм болчихов ?

-Манайд  шүүгч бэлддэг сургууль  байхгүй. Шүүгч бэлддэг дүрэм ч байдаггүй. Дээр нь шүүгчдийг шалгадаг газар байдаггүй. Энэ нь өөрөө маш том аюулын  ситсем. Тиймээс өнөөдөр шүүхийн салбарт ажиллаж байгаа шүүгч нарын боловсрол өрөвдмөөр байгаа юм шүү дээ. Үнэхээр өрөвдмөөр. Шүүгч хүний хамгийн гол эзэмшсэн  байх зүйл нь философи, логик хоёр. Энэ бол гүн ухаан, учир шалтгааны ухаан хоёр юм. Өнөөдөр манайд энэ ухаанд  нэвтэрсэн  шүүгч алга.  Ийм байж шүүгч хийнэ  гэдэг байж боломгүй. Дээр нь 1990 оноос хойш шүүхийн салбарт өөрчлөлт ороогүй, шүүх нь дампуурсан учраас шүүгч нь ч дампуурчихаад байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монголын  шүүхэд шинэчлэл хийх зайлгүй шаардлагатай. Шүүх луйварчдын атганд орчихоод байна.

-Шүүхийг атгасан луйварчид нь хэн  юм бэ?  

-Хуулиараа   Монгол Улсын шүүгчид хэнээс ч хараат байх ёсгүй гэж тунхагласан байгаа. Гэтэл шүүгч нарыг атгадаг нэг байгууллага байгаад байдаг.  Шүүгч нарыг АТГ шалгадаг. АТГ-ыг улстөрчид томилдог. Тэгэхээр шүүгч нар хараат  байж чадаж байна уу. “Бидний хэлснээр байхгүй бол хохь чинь шүү, албан тушаалаас чинь хална шүү” гээд АТГ-ын нэг мөрдөн байцаагч орж  ирээд самрахад яах  вэ, юу болох вэ.  Шүүхийг улс төрийн эрх мэдэлтнүүд ингэж үймүүлж байна.  Шүүх байгууллага масст үйлчилдэг зарчим нь болоод л  байгаа харагддаг.  Гэхдээ шүүх хуралдаан явуулдаг зарчим нь маш их  алдагдсан.

-Тэгвэл ямар байх ёстой юм бэ?

-Уг нь шүүгч бол  мөрдөн байцаагч биш,  прокурор ч биш. Тиймээс хохирогч нэхэмжлэгч  нарыг хэргээ ярь гэчихээд чагнаад  зогсдог хүн биш юм. “Тэр баримт нь худал байна”  гээд сууж байх ч ёсгүй. Өмнөө чөтгөр, бурхан хоёрыг суулгаад өөрөөр хэлбэл, прокурор, өмгөөлөгч хоёрыг  мэтгэлцүүлээд тэрийг нь чагнаад сууж байдаг хүн байх ёстой юм. Тэгээд “За чөтгөр зөв яриад байна шүү, бурхан худал хэлж байна”, эсвэл “прокурор худал  ярьж, өмгөөлөгч зөв  ярьж байна шүү” гэж анализ хийдэг. Эцэст нь  би та хоёрын мэтгэлцээнээс  дотоод итгэл үнэмшлээрээ ийм дүгнэлт хийлээ гээд алхаа цохих ёстой. Өнөөдөр манай шүүгч нар яаж байна гэвэл,  ерөнхийдөө өмгөөлөгч, прокурор хоёрынхоо  атганд орчихсон гурвалжин сүлжээтэй, мөнгө олдог нэг хоббитой хамтрагчид болсон. Түүнээс  хэрэг шийддэггүй. Ийм л  системд орчихсон. Тиймээс мөнгө салгах  боломжгүй жирийн хүмүүсийг хайр найргүй шийтгэдэг. Өөрт нь мөнгө өгчих чадалтай  хүмүүсээс мөнгийг нь аваад  ялаас мултлаад явуулчихдаг. Ийм  систем ноёлж байгаа  учраас манайд өнөөдөр  Шүүхийн ерөнхий  зөвлөл гэж нэг байгууллага  байгаа шүү дээ. Гэвч шүүгч нарыг  хянадаг тусгай системийг төгс болгох ёстой. Шүүгч нарыг шалгаруулдаг,  томилдог системийг төгс болгох ёстой:. Манайхаас бусад оронд шүүгч нар  УИХ-ын гишүүд шиг  ард түмний сонголтоор томилогддог. Энэ нөхцөлд тэднийг  хэн ч хөдөлгөх  эрхгүй болох учиртай. Түүнээс биш нэг  луйварчин Ерөнхийлөгч гарч ирээд  шүүгчдийг  томилдог, эсвэл  АТГ нь шүүгчийг  томилдог байх юм бол луйварчин Ерөнхийлөгч нь өөртөө үйлчлэх  луйварчин шүүгчийг л тавина,  АТГ ч мөн адил.

Эх сурвалж: www.news1.mn Ч.Ариунганга

SHARE