Хон Хэрээдийн Б.Энхбат: Зөөлөн, хатуугийн туйл нэгдэж байж эр хүний чанарыг бий болгодог /II ХЭСЭГ/

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

Хон Хэрээдийн Энхбат гэхээр хүмүүс “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, хар нүдний шил, бүдүүн мөнгөн гинж, хас тэмдгээр гангарсан үндсэрхэг үзэлтэй нөхөр гэж ойлгох нь бий. Харин  бид түүнтэй  үндсэрхэг бус харин  үндэсний үзэл, монгол өв соёл, уламжлал, зохиол бүтээлийнх нь талаар хөөрөлдсөн юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, зохиолч, сэтгүүлч Хон Хэрээд овогт Банзрагчийн  Энхбатын ярилцлагын үргэлжлэлийг таалан болгооно уу

-Сэтгүүлчийн мэргэжлийг та юу гэж боддог вэ?

-Хүн төрөлхтний хамгийн хатуу бас хэцүү  мэргэжил. Намайг сэтгүүлзүйн тавцанд хөл тавьж байхад аав минь нэг зүйлийг чандлан захиж байсан юм. тэр нь “Миний хүү сэтгүүлч болох гэж байгаа бол худал юмыг үнэн гэж,  үнэн юмыг худал гэж ард түмэнд итгүүлж чаддаг болсон цагтаа өөрийгөө сэтгүүлч боллоо гэж ойлгоорой гэсэн. захиас. Маш айхтар үг шүү. Сэтгүүлчийн мэргэжил маш хэцүү. Бас сэтгүүлч болж чадаагүй хүн зохиолч болдог ч гэлцдэг. Тэгэхээр би сайн сэтгүүлч болж чадаагүй шиг билээ. Яагаад гэвэл би зохиолчийн замыг хөөсөн. Сэтгүүлч болж чадаагүй хүн үргэлжилсэн үгийн зохиолч болдог, үргэлжилсэн үгийн зохиолч болж чадаагүй нь яруу найрагч болдог гэж хэлц үг байдаг л даа. Яруу найраг гэдэг зүйл гайхамшигтай. Гэтэл түүний дээд талд нь үргэлжилсэн үгийн зохиолч нар байж байдаг. Энэ бас л гайхамшиг. Гэтэл үргэлжилсэн үгийн зохиолчдын сэтгүүлч нар байна гэхээр бүр гайхалтай байгаа биз.

-Та шүлэг бичиж байсан уу?

-Бичиж явсаан. Гэхдээ шүлэг гэдэг юмнаас арай дээд түвшин рүү юм бичи х хэрэгтэйг ойлгочихсон юм уу даа. Хүн болгон яруу найрагч байх албагүй.

-Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, “Болор цом”*-ын эзэн П.Бадарч гуай таны багш уу?

-Бадарч ахыг би багш аа гэж хүндэлж  явдаг. Бадарч ах ч намайг орон шоронд ороод байж байхад эргэж очиж байсан хүмүүсийн нэг. Ер нь бол П.Бадарч, Ш.Сүрэнжав нарын мундагчуудтай би аль тэртээ социализмын үеэс нөхөрлөсөн. Тийм болохоор бүгдийг нь багш гэж хүндэтгэхээс аргагүй.

-П.Бадарч гуай бол маш зөөлөн хүн. Ш.Сүрэнжав гуай ч адил. Гэтэл тийм зөөлөн хүмүүсийн  шавь атал та хас тэмдэг зүүчихээд  “Даяар Монгол”, “Хөх Монгол”  сэртүгэй гэж хашгирдаг ширүүн, дориун нөхөр шүү дээ. Ярьдаг зүйлүүд чинь ч өөр, нэг тийм  үндсэрхэг үзэлтэй. Бичсэн зохиол чинь ч детектив маягийн, нэр нь хүртэл “Захиалгат аллага” гээд л айдас төрөхөөр…?

Би хатуу, зөөлний хоёр туйлыг хоёуланг нь туулсан хүн. Би зөөлний туйлын оргил дээр ч байж үзсэн. Хатуугийн туйлын оргил дээр ч байж үзсэн, ийм л хүн. Миний багш нар дотор хатуугийн туйлын үзсэн хүмүүс бий. Л.Түдэв багш бол тэрийг үзээгүй. Ерөөс зөөлний туйл дээр байсаар хорвоог туулж байгаа хүн. Гүнжийн Сүхбаатар багш маань хатуугийн туйлыг үзсэн хүний нэг. Энэ хоёр туйлын хоёр тал руу савлаж явсан учир арга билгийн зарчмаар хатуу хийгээд уян чанар надад адил хэмжээнд бий. Ингэж хэлэхээр биеэ магтсан болох байх л даа. Ер нь эр хүнийг ганцхан зүйлээр үнэлэх хэрэгтэй л дээ.

-Яаж, юугаар  үнэлэх ёстой гэж? 

-Эр хүнийг гурван хүн  хүндэлж байвал  болоо, тийм байх аваас тэр  жинхэнэ эрх хүн гэж үг бий. Нэгдүгээрт, нялх хүүхэд тэр эр хүнд эрхэлж байх юм бол, хоёрдугаарт эмэгтэй хүн түүнд эрхэлж хүндэлж байвал, гуравдугаарт ямар ч зэрлэг амьтан тэр эрх хүнд  халдахгүй, довтлохгүй тойрч байвал түүнийг эр хүн гэдэг. Түүнээс биш нялх хүүхэд айдаг, эмэгтэй хүн дөлдөг, ан амьтад дайрдаг байх юм бол эр хүн болж чадахгүй. Тэгэхээр зөөлөн, хатуугийн туйл нэгдэж байж эр хүний чанарыг бий болгодог. Би тэгж ойлгодог.

-Би түрүүнд асуусан даа”Захиалгат аллага” гээд таны номын тухай.  Зохиолуудынхаа тухай ярьж өгөөч?

-“Захиалгат аллага” ном бол  миний намтар. Тэр миний  туулсан амьдрал. Зохиолоо өнөө хүртэл дуусгаж чадахгүй байгаа. Яагаад гэвэл би 1990-ээд оноос өнөө хүртэл тэр л хүмүүстэй нийлж, Ардчилсан холбоог байгуулж, Ц.Элбэгдорж нартай уулзан  цуглаан зохиож  явахдаа хожим тэднийг Монгол төрийн тэргүүнд гарч,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж, Монголын толгой баячууд болоод сууж байх юм гэж тооцоогүй. Гэтэл тэр хүмүүсийн тийм өндөрлөгт хүрсэн замууд нь үр хүүхдээсээ эхлээд ард түмнээс нуухаар маш олон зүйлтэй. Тиймээс ном маань цааш үргэлжлэхэд хүндрэлтэй болчихсон. Яагаад гэвэл тэр хүмүүсийн нуудаг юмнуудыг ил гаргаж тавих уу, үгүй   юу гэдэг асуудал яригдана. Би баримтат зохиолын хүн, уран зохиол бичээд байдаггүй, чадах ч үгүй. Баримтат зохиол гэдэг болсон явдал дээр тулгуурлаж бичигддэг. Гэтэл миний зохиолын баатрууд өнөөдөр маш өндөр түвшинд гараад явчихсан. Би гэхэд л харын ертөнцийн оргилд гараад явчихсан. Цаазын ял хүртэл аваад ачигдаж байлаа шүү дээ. Харин нөгөөдүүл маань төрийн өндөрлөгт гарчихсан, зарим нь баячуудын өндөрлөгт гараад явчихсан.  Энэ түүх одоохондоо   тэр хүмүүст ч, надад ч задалмааргүй олон нууцыг хадгалж байдаг. Тийм учраас зохиолоо цааш үргэлжүүлж бичихэд хүндрэл учраад байгаа юм.

-Танд одоо хэвлүүлж амжаагүй хэчнээн ном байна. Яагаад ингэж асуув гэхээр та 10 гаруй жил “Хэцүү нэрт”-д  хоригдохдоо цаг хугацааг бичиж барсан байх?

-Хэвлэгдсэн ном гэвэл 20 гаруй юм бий. Хэвлүүлээгүй нь 30, 40-өөрөө байна.  Удахгүй нэг ном гаргана. Миний нэг шинэ ном гаргахад нийгэмд шинэ давалгаа үүсгэж байдаг. “Хойт дүр” ном маань удахгүй хэвлэгдэнэ. Уг нь шоронд байхдаа энэ номын нэг дэвтрийг нь хэвлүүлсэн юм. Монголын нийгэм, тэр дотроо буддын соёлтой улс гүрэнд нэлээн том давалгаа үүсгэнэ.

-Төрөл,  жанрын хувьд алинд нь багтаж  байгаа вэ?

-Баримтат зохиол.  Ер нь тэгээд өнөөдөр    чи өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүй бол  боол, зарц нар чиний өвөг дээдэс байсан болж жүжиг тавьдаг болсон цаг шүү дээ. Монголын түүхийг Оросууд өөрсдийнх болгох гэж, Хятадууд ч өөрийн болгох гэж, Солонгос, казах, Түрэгүүд өөрсдийн өвөг дээдсийн түүх болгох гэж оролдож байна. Энэ цаг үед монгол үндэстэн өөрийн түүх, соёлыг энэ чинь биднийх шүү, та нарын яриад байгаа зүйл эзэнтэй, эзэн нь бид юм шүү гэж тунхаглан зарлах цаг ирсэн. Би нэг зүйлд бат итгэлтэй явдаг. Тэр нь юу вэ гэвэл, амьтны сүрэг ч толгойлогчтой байдаг. Тэгвэл хүн төрөлхтөн гэх дэлхий дээр байгаа  долоон тэрбум хүний толгойлогч нь хэн байх  вэ гэдэг сонин. Өнгөрсөн түүхэнд хүн төрөлхтөний толгойлогч, сүргийн эзэн болох гэж маш олон улс үндэстэн ородож байсан чинь  монголчуудаас өөр энэ түвшинд хүрсэн хүн гараагүй. Энэ утгаараа Хүннүгийн үеэс өнөөг хүртэл өнөөдрийн бидний газар нутаг дээр сууж байгаа монгол угсаатнууд таван саяд хүрч үзсэнгүй шүү дээ. Гэтэл тойрон хүрээлж байгаа улс гүрнүүд хэдэн зуун сая хүн амтай байна вэ. Тэгэхээр энэ түүхүүдийг үнэн зөвөөр бичиж, ард түмэндээ болон дэлхийд хүргэх нь миний гол эрмэлзлэл. Миний зохиолуудын гол зарчим ердөө л  хаалттай түүхүүд, нуугаад байгаа зүйлүүд. Үүнийгээ л бид хүн төрөлхтөнд үнэн зөв гаргаж өгөх ёстой. Өнөөдөр манайхан түүхээ бичиж чадахаа байсан. Түүхээ мэдэхээ байсан, ойлгохоо ч байсан.

-Түүхээ ойлгохын тулд яах ёстой юм бэ?

-Үүний тулд тухайн хүнд чадвар байх ёстой. Эрдэмтэн хүн, түүхч хүн хоёр адилхан. Маш мундаг логик сэтгэлгээний ур чадвартай байх ёстой. Баримтыг маш олон талаас нь үнэлж дүгнээд зөв дүгнэлт гаргаж чаддаг байх ёстой.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: www.news1.mn Ч.Ариунганга

SHARE