Хон Хэрээдийн Б.Энхбат: Лодонгийн Түдэв гуай бол яах аргагүй миний “Загалмайлсан эцэг” бас багш

 

Хон Хэрээдийн Энхбат гэхээр хүмүүс “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, хар нүдний шил, бүдүүн мөнгөн гинж, хас тэмдгээр гангарсан үндсэрхэг үзэлтэй нөхөр гэж ойлгох нь бий. Харин бид түүнтэй үндсэрхэг бус харин үндэсний үзэл, монгол өв соёл, уламжлал, зохиол бүтээлийнх нь талаар хөөрөлдсөн юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, зохиолч, сэтгүүлч Хон Хэрээд овогт Банзрагчийн Энхбатын ярилцлагыг таалан болгооно уу.

-Таныг хүмүүс Банзрагчийн гэхээс илүүтэй Хон Хэрээдийн Энхбат гэж овоглон ярьж, бичдэг. Хон Хэрээд гэдэг “Монголын нууц товчоо” дахь Хонгирад аймгийг хэлж байна уу, эсвэл Ван хан Тоорилын захирч явсан Хэрээд аймгийг хэлээд байна уу?

-Би Хон Хэрээд гэж алдаршсан Хонгирад угсааны хүн. “Монголын нууц товчоо”-нд гардаг Хонгирад аймаг мөн. Галиглаж бичихээр тэгж бичдэг. Яг бол Хон Хэрээ гэсэн үг. 3000 жилийн тэртээгээс Монголын түүхэнд нэр нь бичигдэж ирсэн эртний овог. Дарлиган Монголын нэг салбар юм. XVI зууны үед II Богдын /Занабазарын хойд дүр/ зарлигаар Манж Чин гүрнээс Хон Хэрээд аймгийнхан бослого гаргасан байдаг. Гурван жил тулалдсаны эцэст ялагдаж, II Богд Манж, Хятадын гарт орохгүй гэж амиа хорлож үхсэн. Түүний аав нь манай овгийн толгойлогч Гүрсаваатай хамт эцсээ хүртэл байлдаад ялагдсан. Манжийн эзэн хааны зарлигаар Хон Хэрээдийн нутагт өлгийтэй хүүхэд ч үлдээж болохгүй гэснээр овог, аймгийг тэр чигт нь газрын хөрснөөс арчсан. Язгуур нутаг нь Халх голын сав газраас цааш Манжуурын наад бэлээр байсан. Хойшоо Ангар мөрөнгөөс урагш Бээжин, Шаньдуны шар тал хүртэл байсан. Энэ нутгийн 400 гаруй мянган өрх айлыг устгасан. Тэр хөл үймээн дундуур цөөхөн өрх айл зугтаж гарсан. Манжийн эзэн хааны зарлигаар Хон Хэрээд овгоос дүрвэж явсан айл өрхийг мэдээлсэн хүнийг асар их мөнгө хөрөнгөөр шагнадаг. Хүмүүсийг нь барьж өгвөл мөн шагнадаг байж. Баруун тийш дүрвэсэн айл өрхүүдээс Узбекстан, Киргизстан, Казахстан гээд олон овог ,аймаг гарсан. Монголд хонгирад угсаатнууд маш цөөхөн үлдсэн. Нэгэнт нутгийг нь хүнгүй болгочихсон учраас Халх голоос цааш, Манжуурын наад бэлийн нутгаар буриад, өөлд, захар, үзэмчингүүдийг хүчээр авчирч суурьшуулсан. 1970-аад оны үед эрдэмтэн, доктор Б.Ринчен гуай манайд нэг удаа ирээд аавд хэлсэн байдаг. Монголын нутагт гуравхан Хон хэрээд овогтой айл бүртгэгдсэн байдаг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд танайх, Хөвсгөл аймагт хоёр айл байна гэж. Тэрийг сонсоод манай аав уйлж байсан юм. Хон Хэрээд овгийнхны сүлд дуу гэж Ази, Европ даяар алдартай “Хонгурэ” гэдэг дуу бий. Энэ дуугаа дуулаад бие биеэ таньдаг байсан ч гэлцдэг.

-Тэр дуунд юуны тухай өгүүлдэг юм бэ?

-Дууны үг нь олон зүйлийг шингээсэн гүн утгатай. Тухайлбал: “…Жараад түмэн адууны минь нутаг нь хаана байна Хонгурэ Зургаан хошуу нутгийн минь ард нь хаана байна Хонгурэ Долоон түмэн адууны минь алаг нь хаана байна Хонгурэ Долоон хошуу нутгийн минь ард нь хаа байна … “ гэж дуулдаг. “Хонгурэ” гэдэг нь Хон Хэрээ гэсэн үг, нэг ёсондоо хэрээ шувуунаас асууж байгаа утгатай. Овог аймгийнхны сүлд, шүтээн нь хон хэрээ шүү дээ. Хон хэрээ бол хэрээний төрөл дотроо хамгийн том шувуу. Тас хар хошуутай, маш ухаалаг. Эрдэмтэд хэрээг хүний үгийг үндсэн утгаар нь ойлгож хэрэглэж чаддаг адгуусан төрөлтний нэг гэж үздэг. Өлсч байвал “өлсч байна” гэж хэлж чаддаг, өөрөөр хэлбэл өлсч байна гэдэг үгийг яг тэр утгаар нь хэрэглэж чаддагтаа хон хэрээ алдартай шувуу юм. Эрт цагт монгол овог, аймгийн цэргүүд бие биеэс ялгарахадаа их төлөв мориныхоо зүсийг ижилсүүлж ялгардаг байж. Хонгирад аймгийнхан алаг морьтой морддог байж л дээ. Энэ мэтчилэн язгуур түүхийг нь яривал Хонгирад аймгийнхан тал нутгийн хүмүүс учраас өнгөлөн далдалт маш сайн хийж сурсан, ан гөрөө хийхдээ сурмаг. Эрчүүд нь дайчин болдог, хүүхнүүд нь царайлаг учраас хатад болдог байсан түүхтэй. Энэ ч үүднээс эртний монголчуудын алдартай үгэнд “Хааныг хатан захирдаг, хатныг хайрт нь захирдаг” гэж бий. Хатны сэтгэл сэвтэй байх аваас хаан төр доголдоно гэж бас үздэг байв. Хатан хүн нууц амраг гэх мэт зүйлд сэтгэл алдрах ёсгүй, эр нөхөртөө үнэнч байх зарчимтай. Үүний тулд тэр хүнээс асар их эрдэм боловсрол,тэсвэр тэвчээр шаарддаг. Үүнд багаас нь бэлдсэн хонгирадын охид давж гардаг байсан түүхтэй. Эрчүүдийнх нь тухайд Азийн орнуудад Хон хэрээдийн цэргүүдийг “Шөнийн чөтгөрүүд” гэж нэрлэдэг. Европ, Арабын орнуудад “Тамын цэргүүд” гэдэг байсан түүхтэй. Хон Хэрээдийн цэргүүд эзэн хааны армид явахдаа тусгай үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь юу вэ гэвэл, их төлөв шөнийн тулаан хийдэг. Мандах нарнаас шөнө хүртэл өдөржин байлдсан хоёр талын цэргүүд амрах үед хонгирад овгийн цэргүүд морьтойгоо тулаанд ордог. Дайсны талыг шөнөжин амраахгүй үймүүлдэг байсан гэдэг. Тийм учраас Хон Хэрээд овгийн түүх ч бас хөөгөөд судалбал тун сонирхолтой.

-Та овог гарвалынхаа тухай хэзээнээс судлав. Хүн болгон тань шиг өөрийн гарал үүсэл, овог аймгаа мэддэг бол улсын ч тэр, хувь хүний ч тэр хөгжил огт өөр байх сан?

-Саяхан Чингис хаан киноны Бөртэ хатны дүрийг бүтээсэн Хятадын нэг алдартай жүжигчин хонгирад овогтнуудын түүхээр кино хийх юм сан гэж ярьж байна лээ. Хонгирад овгийнхон бол XIII зуун буюу Чингис хааны үед дархлагдсан овог л доо. Тиймээс Монголын Эзэнт гүрний агуу хаадын зарлигт “Энэ овогт хөвгүүн төрвөл тайж, хүүхэн төрвөл гүнж” гэж. Тиймээс язгуурын тайж овогтны эгнээнд орчихсон, автоматаар тайж угсааны хүмүүс болсон түүхтэй. Гэхдээ газар нутгаа бусдад алдаж дуусаад, ёс заншил, соёл нь мартагдаж, маш их нууц байдалд амьдарч явсан учраас түүх нь их бүрхэг. Би энэ талаарх түүхийг бараг социализмын үеэс судалсан. Орост сургуульд сурч байхдаа овог, эцэг, нэр гэсэн гурван асуулттай тулгараад “Овог гэдэг дээр өвөөгөө бичих юм уу” гэдэг асуудалтай тулах үеэс би анх энэ түүхийг сонирхож, аав, ээж, эмээгээсээ асууж, мэдэж эхэлсэн. Манай өөрийн ёс заншил бол их нарийн. Хон Хэрээд угсааны хүн учраас надад бас зарчим бий.

-Тэр нь юу билээ?

-Эзэнт төр буюу монгол төрийн шударга түшээд хийгээд гэгээрсэн мэргэдийг хамгаалахын төлөө бүхнээ золих ёстой. Энэ овгийнхны зарчим нь ийм юм. Яагаад гэвэл эзэнт гүрэн, төрт улс оршин тогтнохыг хүсвэл, төрийн шударга түшээ хийгээд шударга мэргэдийг хамгаалж чаддаг байх ёстой, аливаа нэг аюулаас. Аюул гэдэг нь маш олон төрөл зүйл байна. Би түүхээ их судалдаг учраас өөрийн зохиолд ч энэ талаар түлхүү оруулдаг. Мэргэжлийн сэтгүүлчийн хувьд 1980-аад оноос хойш миний бичсэн зүйлүүдээс маш олон зүйл төрийн бодлого болж орсон байдаг юм. Тухайлбал, би 1980-аад оны сүүлчээс монголчууд овгоо сэргээе, ургийн бичиг хөтөлье. Ингэхгүй байгаагаас төрөл, цус ойртож байна. Эрэмдэг, зэрэмдэг хүүхэд төрж байна, ёс заншил мартагдаж байна гэдэг асуудлыг түлхүү хөндөж, орон нутгийн болон төрийн хэвлэлүүдэд энэ сэдвээр нийтлэл бичиж байлаа. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Үндэсний сэргэн мандлын намынхантай нэгдэж, Монголд овгийг сэргээх асуудпыг албан ёсоор төрийн бодлого болгож оруулсан. Харин нэг зүйлд харамсдаг.

-Яагаад?

-Би монголчуудын овог, ургийн бичгийн талаар хийсэн судалгааныхаа дөнгөж 10 хүрэхгүй хувиар л тэр нийтлэлүүдийг тавьсан. Гэтэл миний тэр үед тавьсан нийтлэлүүдээс өнөөдөр хүртэл хүмүүс цааш ахиж чадахгүй байна. Овог гэж юу байдгийг мэддэггүй, ургийн бичгээ хөтөлж мэдэхгүй. Үүнд би маш их харамсдаг. Боломж гарвал, монголчуудын овгийн түүхээр болон ургийн бичгээр судалгаагаа гүйцээж цааш хийхээс дээ гэж боддог юм. Энэ асуудлаар би бардам хэлнэ, миний өөдөөс “Чи худал ярьж байна” гэж салаавч өгөх нэг ч хүн гарахгүй. Ер нь 1980-1990-ээд онд овог, ургийн бичгийн асуудлаар бичиж байсан хүн надаас өөр байхгүй.

-Ингэхэд та ер нь ямар мэргэжилтэй вэ?

-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Гэхдээ би сэтгүүлчийн гал тогоо руу орж ирэхдээ байлдагчаас генерал боллоо гэдэг шиг жирийн үсэг өрөгчөөс Монголын сэтгүүлзүйн тавцанд мэргэжлийн сэтгүүлч болж гарсан. Манай аав сэтгүүлч хүн байсан юм. Би нэг юмыг их боддог. Жишээ нь, хүмүүс өнөөдөр тийм, ийм их, дээд сургууль төгссөн гэж гайхуулдаг. Гэтэл сургуулийн диплом хүний боловсролыг хэмждэггүй юм. Хүний боловсролыг амьдрал өөрөө өгдөг. Би хүний амьдралын сайн, муу хоёр том сургуулийг төгссөн хүн.

-Тэгвэл таны хадаг барьсан номын багш нар хэн байв. Танд юу зааж өгөв?

-Миний номын багш бол доктор, профессор Гүнжийн Сүхбаатар. Лодонгийн Түдэв гуай бол яах аргагүй миний “Загалмайлсан эцэг” бас багш. Бавуугийн Лхагвасүрэн миний багш. Харин түүх рүү, Хятадын асуудал руу хөтөлж орсон хүн бол яах аргагүй Гүнжийн Сүхбаатар. Баримтат зохиол руу хөтөлж оруулсан нь Лодонгийн Түдэв багш. Задгай сэт гэлгээний ур чадвар руу хөтөлсөн хүн нь Бавуугийн Лхагвасүрэн. Бүгдийг нэгтгэн зангидаж, энэ цаг үед Хон Хэрээдийн Энхбат гэж хүнийг бий болгосон их багш бол миний аав.

-Та аавыгаа их ярих юм аа. Ээжийгээ дурсахгүй юү?

-Би ээжгүй өссөн. Намайг бага байхад бурхан болсон, би гурван настай өнчин үлдсэн юм. Тийм болохоор амьдралын хатуу хөтүүг багаасаа амссан.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE