“Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулж байна

УУХҮЯ, СЕСМИМ төсөл, Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэн /НБХСХ/ хамтран өнөөдөр “Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр судалгааны үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулж, судалгааны дүгнэлт, бодлогын зөвлөмж дээр оролцогчдоосоо санал авах юм. Уулзалт хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын Жендэрийн асуудал эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаа Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, СЕСМИМ төслийн Монгол дахь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вит Семинюк, төрийн болон төрийн бус байгууллагын жендэрийн мэргэжилтнүүд оролцож байна.

Монгол Улсын олборлох салбарын менежментийг сайжруулах Канадын Засгийн газрын СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр УУХҮЯ, НБХСХ хамтран “Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг хийжээ. Энэ нь Монголд анх удаа хийгдсэн томоохон хэмжээний, цогц судалгаа бөгөөд “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулахад ач холбогдолтой юм.

Судалгаанд Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг болон Өмнөговь, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд аймгуудыг хамруулжээ. Эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн болон аж ахуйн нэгж байгууллагын жендэрийн асуудал, салбарын хүрээнд орон нутаг, өрх иргэдэд үзүүлж буй жендэрийн нөлөөллийг үнэлэх, нотолгоонд суурилсан үр дүнтэй судалгаа болсон талаар мэргэжилтнүүд хэлж байв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. 

SHARE