Э.Анарын найз О.Баттөмөр “Шижир алт” ХХК-ийн захирал болохдоо ийм хөрөнгө, орлоготой байжээ

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анарын найз О.Баттөмөр гэдэг залуу “Монголросцветмет”-ийн “Шижир алт” ХХК-ийн захирлаар ажилладаг. О.Баттөмөр 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр энэ албан тушаалд томилогджээ. “Шижир алт” ХХК-ийн захирал болоод жил гаруйхан болж байгаа гэсэн үг. Гэхдээ мань эр тэр хавьдаа хөөрхөн хэл ам татлаад эхэлсэн гэх мэдээлэл хийгээд мэдэх хүмүүсийнх нь яриа түгээд байгаа юм.

“Шижир алт” ХХК бол “Монголросцветмет”-ийн  Заамарт байдаг алтны уурхай юм. Нөөц ихтэй. Ухаж олборлох техник, хүч сайтай уурхай байдаг.

Тэгвэл О.Баттөмөр энэ компанийг удирдахаар очихдоо ямархуу хөрөнгө бэлтэй залуу байсан бэ гэдгийг бид сонирхлоо. Төрийн өмч, бас хөрөнгө бэлтэй холбоотой асуудал нь хэл ам татлаад байж мэдэхээр байгаа тул түмэнд нээлттэй байх ёстой гэж үзсэн юм.

О.Баттөмөр 2017 оны хөрөнгө, орлогоо АТГ-т ингэж мэдүүлсэн байна.

Тэрээр жилд 50409.18 мянган төгрөг олдог. Гэр бүлийн гишүүд нь орлогогүй.

Орон сууц, хаус байшин, зуслан, үйлдвэр үйлчилгээний зориулалтай объект зэрэг барилга байшин нэг ч байхгүй. Авто зогсоол ч байхгүй.

Бас машингүй.

Тэрээр малтай. Хурдан удмын 37 адуу, таван үхэр, 200 хоньтой. Малаа 109000.0 мянган төгрөгөөр үнэлсэн байна.

Дансандаа буюу хадгаламждаа 24844.08 мянган төгрөгтэй.

“Алтан чонос холдинг” ХХК-ийн 50 ширхэг хувьцаа буюу 50 хувийг эзэмшдэг. Энэ компани юу хийдэг нь тодорхой бус. Мэдээлэл нь маш ховор. Ямартай ч төрийн ямар нэг тендерт оролцож ажил гүйцэтгэж байсан удаагүй юм байна.

Хувийн нууцад нь халдах гэсэн зорилгогүй гэдгийг дахин онцолъё.

Харин О.Баттөмөр нэгэнт төрийн өмчит компанийн захирлаар ажллаж байгаа, бас ажилтай нь холбоотой “хэрэг” мандаж мэдэхээр байгаа тул анх захирлаар очихдоо “хэн” байсныг нь сануулж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

 

 

SHARE