Нефть боловсруулах үйлдвэрийг 15-аас олон жил ярьж байгаа шүү, хатагтай Ж.Оюунгэрэл ээ?

Ард түмний амьдрал шатахууны үнэтэй шууд холбоотой. Сүүлийн хэдхэн сард шатахууны гурван ч удаа нэмэгдлээ. Өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүх “юм”-ны үнэ өсөв. Энэ бодитой юм.

Учир нь Монголд нефть боловсруулах үйлдвэр байдаггүй. Түүхийгээр нь экспортолдог. Харин өөрсдөө импортын шатахуун хэрэглэдэг.

Шатахуун импортлогчид нефть боловсруулах үйлдвэрт дургүй.

Үе үеийн Засгийн газар нефть болоьсруулах үйлдвэртэй болно гэж ярьдаг. Гэхдээ чаддаггүй. Яагаад тэгдэг вэ?

Ерөнхий сайд болгон энд тэнд нефтийн үйлдвэрийн шав тавиад явдаг. Одоогийн Ерөнхий сайд Дорноговьт шав тавьсан. Энэ ажил хэрэг болох болов уу. Ард түмэн үүнд эргэлзэж байгаа нь нууц биш.

Гэтэл нефтийн үйлдвэрийг дэмждэг нь, хүсдэг нь зөвхөн ард түмэн биш, улстөрчид ч олон бий. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Монгол Улсын эдийн засгийн үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдлын асуудал, тусгаар тогтнолын асуудал гэж бий. Энэ бүх өнцгөөс харахад нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, хоёрдугаарт нефтийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, аюулгүй байдлаа баталгаажуулах асуудал юм. Тэгэхээр бидэнд нефть боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй, удаан хугацаанд хүлээгдэж байсан хүлээлт” гэж байна.

Бас УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Нефтийн үйлдвэр бол 2-3 жил бариад, ашиглалтад орж үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа эдийн засагт давхар эерэг нөлөөллүүдийг гаргаж ирдэг. Тиймээс нефть боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд үр өгөөжөө өгнө. Манай улсын хувьд үр дүн нь маш хурдан мэдрэгдэнэ. Эдийн засаг саарсан энэ үед жилдээ 600-700 сая ам.долларыг шатахуун импортолж байна. Энэ мөнгийг дотооддоо үйлдвэр барьж хэмнэх хэрэгтэй. Одоо яаралтай ажил болгохыг ард түмэн, УИХ Засгийн газраас шаардах ёстой” гэлээ.

Яг үнэндээ нефтийн үйлдвэр “гацаад” байдгийн шалтгааныг дээр хэлснээр импортлогчидтой холбож ярьсаар ирсэн.

Тэгвэл Монголын нефть импортлогчдын томоохон төлөөлөл болох “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл цахилгаан станцад санаа тавьж, “жиргэсэн” байна. Тэрээр “5-р цахилгаан станц барих тухай яриад 15 жил болж байна. Монголын компаниуд гадныхантай хамтраад өөрсдөө барьж ажиллуулж чадах хэмжээнд оччихсон шүү. Ганцхан төрийн дэмжлэг хэрэгтэй” гэжээ.

Уг нь хатагтай Ж.Оюунгэрэл цахилгаан станцааас түрүүлээд нефтийн үйлдвэрт санаа тавибал жинхэнэ эх оронч үйлдэл болох юм. Та санаачлаад бусад компанитайгаа хамтраад, гаднаас мөнгөө босгоод, өөрсдөө барьж ажиллуулаад явж болно. Та бүхэн тэгж чадах хэмжээнд оччихсон шүү.

Гэтэл одоо манай Засгийн газар Энэтхэгээс 1.0 тэрбум долларын зээл авч, түүнийхээ хүрээнд нефтийн үйлдвэр байгуулах гэж байна. Тэрбум долларын өр гэсэн үг.

Тэгээд ч нефть боловсруулах үйлдвэрийг 15-аас олон жил ярьж байгаа шүү, Ж.Оюунгэрэл захирал аа?

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE