Рэйчел Броснахен, Билл Хейдер нар “Эмми”-гийн шагнал гарджээ

АНУ-ын телевизийн шилдэг уран бүтээлийг шалгаруулах “Эмми” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод 70 дахь удаагаа болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг “NBC” телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.

“Гайхамшигт хатагтай Мейсел” (“The Marvelouse Mrs. Maisel”) телевизийн олон ангит киноны гол дүрд тоглосон Рэйчел Броснахен шилдэг эмэгтэй инээдмийн жүжигчний номинацид “Эмми”-гийн шагнал гарджээ. Харин шилдэг эрэгтэй инээдмийн жүжигчнээр “Барри” олон ангит кинонд тоглосон Билл Хейдер тодорлоо.

“Эмми”-гийн шагналыг 1946 онд байгуулагдсан АНУ-ын Телевизийн урлаг, шинжлэх ухааны академиас гардуулдаг билээ. Гартаа атом барьсан жигүүртэй бүсгүйн хэлбэртэй “Эмми”-гийн алтан баримал урлаг, шинжлэх ухааны дэвшлийн нэгдлийг бэлгэддэг аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE