Вера Брежнева: Амьдралаа өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй

Оросын дуучин Вера Брежневагийн “7 дней ТВ” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулж байна.

-Вера, өдөр тутмын мэдээллээс харахад таны хувьд зун жинхэнэ утгаараа халуун болж өнгөрчээ. Жишээ нь, ганцхан долоо хоногийн дотор та Юрмала, Бакугийн наадамд оролцсоноос гадна Амстердамд олон улсын бага хуралд оролцжээ?

-Дээр нь гэртээ засвар хийж, цэцэрлэгтээ цэцэг тарьсан шүү. /Инээв/ Ердийнхөөс арай л давчуу хуваарьтай байсан гэж хэлж болно. Тэр өдрүүдэд би үндсэндээ онгоцонд л амьдарсан даа. Учир нь ихэвчлэн шөнийн, эсвэл үүрийн нислэг таарсан юм. Нөгөөтэйгүүр тэр бол миний энгийн л нэг долоо хоног байсан. Зүгээр л тэрхүү долоо хоногт би илүү өргөн дэлгэр мэдээлдэг үйл явдлуудад оролцсон хэрэг. Заримдаа олигтой унтаж, хооллож амжихгүй өдрүүд ч тохионо шүү дээ. Тэр бүхэн кадраас гадуур үлддэг ч миний дурсамжинд ойр дотны хүмүүс, огт танил биш үзэгчдийн сэтгэл хөдлөл зэргээр бичигддэг.Хамгийн гол нь амжиж амьдран өчигдөр юм уу маргааш бус, чухам өнөөдөр аз жаргалтай байх л чухал.

-Таны галзуу долоо хоног Юрмала дахь “Лайма. Рандеву” наадмаар эхэлсэн. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Гайхалтай дулаан уур амьсгал, олон сонирхолтой тоглолт, тэгээд мэдээж Лайма өөрөө хөгжим дэх давтагдашгүй стиль, хэв маягаа мэдэрдгээрээ, үзэгчидтэй хэрхэн харьцдагаараа дахин бишрүүлсэн шүү! Лаймагаас өөрөөс нь урилга гардах маш сайханбайлаа. Нэгэн концертод бид хамт тоглосон юм. Тэгэхэд би Лаймагийн хувцас солих өрөөнд орж мэндчилээд “Би чиний, чи миний муза” гэх шинэ дуу нь маш их таалагдсан тухай хэлж билээ. Тэр дуу нь танхимд гайхалтай сайхан сонсогдож, шууд цээжлэгддэг л дээ. Тэгэхэд л Лайма Юрмалагийн наадамдаа урьсан юм.

-Ер нь шоу бизнест нэг од нөгөөгөө магтах нь олон тохиолддог уу?

-Би биширч хүндэлдэг хүмүүстэй уулзахдаа заавал ч үгүй энэ тухайгаа хэлдэг. Ингэхэд, “Ты мой человек” (“Чи миний хүн”) дууны клип гарсны дараа би ч гэсэн мэргэжил нэгт дуучдаас бишгүй магтаал сонссон ба энэ нь үнэхээр таатай байлаа. Бид клиптээ ямар нэг шинэ юм хийхийг эрмэлзсэн л дээ. Тэгээд магтаалаас харахад гайгүй юм хийсэн юм шиг байгаа юм.

-Рига хотоос та НҮБ-ын ДОХ-ын асуудлаархи сайн санааны элчийн хувьд шууд Амстердам руу олон улсын бага хуралд оролцохоор ниссэн. Английн ханхүү Харри, Нидерландын хааны гэр бүл, Шарлиз Терон, Элтон Жон зэрэг олон алдартнууд оролцсон тэр арга хэмжээг урьдчилан төлөвлөсөн байсан уу?

-Би эндүүрээгүй бол Амстердам руу явахыг бид аль хоёрдугаар сард төлөвлөсөн санагдана. Иймээс ч тийш явах үедээ би өөр зүйл товлоогүй. Дөрөвдүгээр сард Москвад бүс нутгийн бага хурал болж, харин Амстердам дэлхийн өнцөг булан бүрээс 15 мянга гаруй хүн ирсэн юм. Уригдсан хүн бүр өөр өөрийн зорилготой байсан. Жишээ нь би “Хайхрамжгүй бус хүмүүсийн аян”-д оролцсон юм.Тэр үйл явдлыг би тэгж онож нэрлэсэн л дээ. Учир нь маш олон хүн өвчинтөйгөө халз тулж ганцаардсанаар хүнд, бүр эмгэнэлт үр дагаварт хүрснийг би мэднэ.

Иймд хүмүүс хайхрамжгүй байх бус, улс орон, хот бүрт хамааралтай энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд хүчээ нэгтгэх нь маш чухал. НҮБ-ын элчийн хувьд би ДОХ-ын асуудлаар дөрөв дэх жилдээ ажилласан ба дээрх аянд оролцогчидтой уулзаад дахин эрч хүч авсан шүү. Нидерландын хааны гэр бүлийн гишүүн, хатагтай Мейбл Оран-Нассаугийн хэлсэн үг ихийг ухаарулсан. Тэр эмэгтэй надад урам зориг өгсөн. Орчин үеийн, идэвхтэй, аливаад өөрийн байр суурьтай түүний чин сэтгэлээсээ хэлсэн үг цол гувшингаас нь илүүтэй хүмүүст хүрсэн юм.

-Та хоёр охинтой. Том охин Соня тань НҮБ-ын элчийн хувьд таны юу хийдгийг ойлгож буй нь мэдээж. Харин энэ амаргүй сэдвийг найман настай Сарад хэрхэн тайлбарладаг вэ?

-Сара маань мэдээж буяны үйлс, бусад хүмүүст туслах ямар чухал болохыг мэднэ. Гэвч нас бага тул нарийвчлан ойлгож чадахгүй л дээ. ДОХ-ын талаар бид хоёр дэлгэрэнгүй ярих цаг болоогүй. Харин Сонятай энэ тухай гурван жилийн өмнө ярилцсан юм. Тэр үед Соня 14 настай байлаа. Охин маань энэ сэдэвт анхааралтай хандан сонирхолтой, насанд хүрсэн хүн шиг тулхтай асуултууд тавьж байсан нь надад таалагдсан шүү. Түүний үеийн хүүхдүүд энэ сэдвээр юу мэддэгийг түүнээс сонсох нь надад чухал байсан юм. Хүүхэд бүр том болох өөр өөрийн хүрдацтай болов уу. Иймд би Саратай энэ сэдвээр Сонягаас арай эрт ч ярьж магадгүй. Гол нь хүүхдээ сайн мэдрэх л хэрэгтэй.

-Хэрэв танд одоогийн Сонягийн насанд Европын хаадын түвшинд буяны үйлсэд оролцоно гэж хэлсэн бол итгэх байсан уу?

-Эгч дүү нартайгаа багаасаа шударга бус явдалтай бишгүй тулгарч байсан болохоор миний ертөнцийг үзэх үзэл нэлээд эрт төлөвшсөн байж болох юм. Амьдралын зарчмаа ямар нэг тодорхой насандаа гэнэт огцом өөрчлөх боломжгүй шүү дээ. Миний хувьд би багаасаа бусдад тусалж, сул дорой нэгнийг хамгаалахыг хичээж ирсэн. “ВИА Гра” хамтлагт элссэнээр бусдыг дэмжиж тэтгэх явдал илүү хялбар болсон нь мэдээж. Би хувийн санхүүгийн асуудлаа шийдэж, эцэг эхээ тэтгээд нүдэндээ хагалгаа хийлгэснийхээ дараа бусдад туслах материаллаг боломжтой болсон доо.

24 настайдаа би “Верагийн туяа” буяны сангаа нээсэн. Гэвч тэр үед би хүмүүсийн үзэл бодолд одоогийнх шиг нөлөөлж чадахгүй байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин 12 жилийн дараа би аз болж илүү олон хүний зүрх сэтгэлд хүрч, илүү олон хаалга нээх чадвартай болж чаджээ. Надад итгэл үзүүлэн дэмжсэн хүн бүрт талархаж байна.

-Гэвч шоу бизнест таны үйлдлүүдийг элдвээр хэлэлцдийг та ойлгож байгаа. Брежневад юу дутсан гэж буяны үйлсэд хөл тавив гээд л! Үүнд та эмзэглэдэг үү?

-Эмзэглэхээ больсон шүү. Тиймэрхүү ярианаас хамгаалах хуягтай болсон юм шиг ээ. Иймд ер тоодоггүй. Өөртөө эргэлздэг хүн бусдаас илүү хамааралтай байдаг шүү дээ. Харин зөв замаар явж буйдаа итгэлтэй болоход эргэн тойронд ямар зүйл ярьдагийг анзаарахаа больдог юм билээ. Тэгээд ч намайг дэмждэг хүн тэднээс хэдэн сая дахин их. Энэ бол ердийн математик, олонхи ялдаг шүү дээ. Урьд өмнө би өөр хүмүүс юу гэх бол гэж сэтгэл зовнидог л байлаа. Уйлж цөхөрдөг үе ч тоймгүй их байжээ.

-Тэгээд чухам хэзээ та хамгаалалтын хуягтай болсон бол?

-Саяхнаас, нас гуч гарсны дараа. Өөрийгөө өөрчлөх хүчин чармайлтаас уу, эсвэл зүгээр л нас ахиснаас тэгсэн үү, бүү мэд. Ер нь бид чинь нас ахих тусам илүү мэргэн ухаантай, илүү тайван болдог шүү дээ. Гэхдээ аливаа хийж буй зүйлдээ, үүний дотор НҮБ-ын сайн санааны элчийн ажилдаа итгэлтэй байх нь гэр бүлийн маань дэмжлэгээс ихээхэн хамаардаг юм. Нөхөр, хүүхдүүд, ээж, эгч дүү нар маань сонголтыг маань дэмжинэ гэдэг маш чухал.

-Багахан хугацаанд боловч хамт байхын тулд Амстердам руу ойр дотны хэн нэгнийг хамт авч явах бодол төрж байв уу?

-Миний гэр бүлийнхэн над шиг галзуу хэмнэлээр амьдрах ямар гэм хийсэн гэж? /Инээв/ Бод доо, би Юрмала, Ригад бүтэн хонолгүй Амстердамд яг 24 цаг болсон байгаа юм. Тэгээд Баку руу “ЖАРА” наадамд нисэхийнхээ өмнө үдийн цай хүртэл студид ажиллаад отгон дүү охин Викатай уулзаж амжсан даа. Бид хоёр Бэнксигийн үзэсгэлэнг сонирхож, Том Крузын тоглосон шинэ кино үзэх цаг зав гаргаж чадсан юм. Дараа нь шууд гэртээ харьж, авч явах эд зүйлээ баглаад есөн цаг гэхэд нисэх буудалд очоод шөнө дунд Баку руу ниссэн. Шөнийн нислэгт дургүй ч, заримдаа арга хэмжээнд цагтаа очихын тулд тэгэхээс өөр аргагүй.

Уг нь аливаа бүсгүйн адил надад телевизийн бичлэгийн өмнө амрах чухал. Иймд би зочид буудалд үүрийн таван цагт хүрээд өрөөний хөшгийг сайтар хаагаад бага боловч унтахыг хичээсэн. Тэгээд зургаан цагийн дараа босч дасгалаа хийгээд бэлтгэл, зураг авалт, улаан хивсний баяр зэрэгт оролцоод явчихсан. Бүх зүйл маш хурдан өрнөж, би хувцсаа арай гэж сольж амжиж байв.

Долоо хоногт зургаан цаг унтаж чадсан цорын ганц тохиолдол тэр өдөр тохиосон гэлтэй. Аймшигтай нь, дараа өдөр нь эрт нислэгтэй байсан тул мөн л унтаж чадаагүй. Дээр нь онгоцны нислэг гурван цагаар саатсаныг хэлэх үү. Унтах боломж олдоогүй дээ.

-Ер нь зун та амарч чаддаггүй бололтой?

-Зургадугаар сард бид гэр бүлээрээ амралтад явсан шүү. Гэвч үнэнийг хэлэхэд энэ жил амарсан гэдгээ би хэдийнэ мартжээ. Долдугаар сар маш завгүй өнгөрч, наймдугаар сар ч тийм болох төлөвтэй.

-Дээр нь Сара удахгүй сургуульд явна. Сургууль эхлэхээс өмнө эцэг эхчүүд нэмэлт стресстэй тулгардаг шүү дээ?

-Би эцэг эхчүүдийн сургууль цуглахын өмнөх сандралд автахаа больсон шүү. Наймдугаар сарын сүүлээр эхэлдэг бүх нийтийн хөл хөдөлгөөнөөс хол байхын тулд би Сарад хэрэгтэй бүхнийг эртлэн зэхдэг болсон. Хүүхдээ нэгдүгээр ангид оруулж буй эцэг эхчүүд нэлээд сандардаг шүү дээ. Харин би хашир суусан ээжийн хувьд тэгдэггүй. Есдүгээр сарын нэгнийг Сара бид хоёр тайван хүлээж, зуны сүүлийн өдрүүдийг амталж байна.

Орчуулсан Б.Сансар

Эх сурвалж: www.news1.mn 

SHARE