Дензел Вашингтон: Энгийн амьдарч, их ажиллах л чухал

63 насандаа Дензел Вашингтон “Оскар”-ын хоёр ч баримал гардаж, дөрвөн хүүхдийн эцэг болжээ. Ингэхдээ тэрээр нэг ч сиквел кинонд тоглож байсангүй. Харин өнгөрсөн зун дэлгэцнээ гарсан “Тэнцүүлэгч 2” (“The Equalizer 2”) үргэлжлэл кинонд анх удаа тогложээ. Найруулагч Антуан Фукуа алдарт жүжигчинтэй хамт тав дахь удаагаа кино бүтээсэн ч өмнө нь сиквел мөн л хийж байгаагүй аж.

Дензел Вашингтоны “Hello” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Дензел, та анх удаа сиквелд тоглохоор шийджээ. Яагаад тэр вэ?

-Яагаад гэвэл надад тоглох санал тавьсан юм.

-Урьд нь тийм санал тавьдаггүй байсан хэрэг үү?

-Санал тавьдаггүй байсан гэвэл худал хэлсэн болчихно. Гэхдээ “Тэнцүүлэгч” миний хувьд маш сониролтой төсөл байлаа.

-Та найруулагч Антуан Фукуатай үнэхээр гар нийлэх юм аа?

-Бид хоёр таашаал сонирхол төстэй, дээр нь кинонд ижил сэдэв хөндөх дуртай гэх үү дээ.

-Таны сүүлд тоглосон киноны нэг бол “Гайхамшигт долоо”. Танд өшөө авалтын сэдэв тийм чухал уу?

-“Гайхамшигт долоо” дахь миний баатар “Тэнцүүлэгч” дахь Роберт Макколтой энгийн хүмүүсийг хамгаалж өмгөөлдгөөрөө төстэй. Шударга бус явдалтай эвлэрэлгүй гэмт хэрэгтнүүдийг өөрийн биеэр шийтгэнэ гэдэг буруу зүйл гэж үү?

-Өдгөө гудамжинд элдэв хэргийн гэрч болбол хүмүүс өөрийн биеэр оролцолгүй цагдаа дуудах нь элбэг шүү дээ. Харин та хэрхэх нь зөв гэж үздэг вэ?

-Мэдээж, цагдаа дуудах нь зөв. Тусгайлан бэлтгэгдсэн тэр хүмүүсийг дуудах нь дээр шүү дээ. Гудамжны зодоонд оролцсон нэг залуу нүүр рүүгээ буудуулсан тухай би саяхан сониноос уншсан юм. Алхаж явсан жирийн л нэг залуу тэрээр хэнд тусалж чадав? Сэжиг бүхий зүйлийн хажуугаар зүгээр өнгөрч болохгүй ч юм бүхэнд хутгалдан оролцох гэсний хэрэггүй л болов уу. Ялангуяа терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг газар авсан өнөө цагт.

 

-Боксоор хичээллээд удаж буй таныг хүнд дээрэлхүүлдэггүй тухай сонсч байлаа?

-Боксоор хичээллэх нь биеийн байдлаа нэг түвшинд барихад тус болдог юм. Спортын танхимд ердийн дасгал хийх дэндүү уйтгартай санагддаг. Харин боксдоход адреналин ялгараад сайхан шүү.

“Хар салхи” (“The Hurricane”) кинонд хуучны алдарт боксчны дүрд тоглосныхоо дараа би бокст татагдах болсон юм. Би өөрийгөө, гэр бүлээ хамгаалж дөнгөх л байх. Гэхдээ тэгэх шаардлага бүү гараасай. Дэмий юм дэмий, тийм биз?

-“Тэнцүүлэгч”-ийн үргэлжлэлд таны баатар өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бол? 

-Тэр таксины жолоочоор ажиллаж, хүмүүстэй байнга харьцдаг болсон нь түүний хувьд нэлээд том дэвшил. Учир нь тусгай албаны байлдагч асан түүнд энгийн амьдралд дасан зохицох амаргүй байсан юм.

-Киноны нэгэн хэсэгт тэрээр дайснууддаа хандан, “Би та нарыг бүгдийг нь ална. Ганцхан удаа алж чадахдаа л харамсч байна” гэдэг. Тэгэхээр таны баатрын сэтгэл дотор бухимдал их хэвээр байх шиг?

-Байлдагч байсан хүмүүс энгийн амьдралд ганц өдөр, тэр ч бүү хэл ганц жилийн дотор дасан зохицох хэцүү. Ирак, Афганистанаас буцаж ирсэн залуустай би ярилцаж байлаа. Байлдаж, бусдыг буудаж байгаад гэнэт Сан-Францискод амьдралд хэрэгтэй ямар ч мэдлэг чадваргүй хүн газардахыг төсөөл дөө. Сан-Франциско чинь бөөн Старт-ап, Цахиурын хөндий, электрон бараа үйлдвэрлэгчдийн төв байруудаар дүүрсэн газар. Тийм ертөнцөд мэргэжлийн алуурчны чадвар хэрэгтэй юу?

-Тэгээд яах ёстой вэ?

-Зарим нь харуул хамгаалалтын албанд ажиллаж, зарим нь спортын янз бүрийн төрлийн дасгалжуулагч болдог. Харин дийлэнх нь бүхнийг цоо шинээр эхэлдэг. Үүнд ичиж зовсоны хэрэггүй. Хүн хүсвэл хэзээ ч өөрчлөгдөж чадна шүү дээ.

-Та жүжигчний мэргэжлийг санаандгүй сонгосон гэдэг. Яг юунаас болсон нь сонин?

-Нэг удаа ээжийнхээ эзэмшдэг гоо сайхны салонд орсон юм. Тэнд үйлчлүүлж байсан нэг настай эмэгтэй надаас харц салгадаггүй дээ. Тэгснээ, “Чамайг олон сая хүн мэддэг болох юм байна” гэж билээ. Тэгээд бичгийн цаас аваад дээр нь “Зөгнөл” гээд намайг чухам яагаад олны танил хүн болохыг нэгд нэгэнгүй бичиж өгсөн юм. Ээжийн маань хамгийн өндөр настай үйлчлүүлэгчдийн нэг түүнийг хүмүүс ирээдүйг хэлж өгдөг гэдэг байлаа.

-Түүний зөгнөлд та ер эргэлзээгүй юу?

-Эргэлзээ байсаан. Тэр үед би 21 настай, нэлээд хэдэн жилийн өмнө дунд сургуулиасаа гарчихсан байлаа. Иймд түүний бичсэн юм бүхэн жинхэнэ уран зөгнөлт зохиол шиг л санагдсан. Би гэртээ харингуутаа тэр цаасыг толин дээрээ нааж билээ. Тэнд юу гэж бичсэнийг үргэлж санахын тулд шүү дээ. Гэснээс тэр цаасыг би өнөөг хүртэл хадгалж буй.

Анх би 1975 онд жүжигчин болохыг оролдож, мөн жилдээ нэгэн мюзиклд дүр авсан даа. Тэр цагаас хойш жүжиглэсээр өнөөг хүрчээ. Тэгэхээр настай эмэгтэйн зөгнөл бүрэн биелсэн байгаа биз?

-Төдөлгүй та өөрийн гэргий, киноны хувцасны дизайнер Паулеттатай учирсан. Тэгээд салж хагацсан удаагүй гэнэ лээ. Таны амжилттай гэрлэлтийн нууц юу бол?

-Нэг нэгнээ хүндэлж, хуурч мэхлэлгүй үнэнээ хэлж байх л хэрэгтэй болов уу. Ер нь гэр бүл төдийгүй миний бүхий л амьдралд Бурханд итгэх итгэл минь тус болсон гэж боддог.

-Та уран илтгэгч хүн. Иймд хүүхдүүд тань таныг үргэлж хүндэлдэг байх даа?

-Тэд ээжийгээ илүү өр зөөлөн гэдгийг мэднэ. Харин аавыгаа үргэлж хүндэлдэг юм. Хэдий тийм ч би тэднийг мэргэжлээ сонгоход нь саад болоогүй. Жон хүү маань америк хөлбөмбөгийн тоглогч болсонд би баярладаг шүү.

-Та нэг охиндоо яагаад Катя гэх орос нэр өгсөн бэ?

-Эхнэр маань орос гаралтай найз бүсгүйтэй байсан юм. Түүнийг хүндлэн охиндоо эгшиглэнтэй Катя нэр өгсөн дөө.

-Таны охин аавынхаа замналаар явж байх шиг?

-Охин маань Холливудад продюсерээр ажилладаг. “Чөлөөлөгдсөн Жанго” зэрэг кинонд ажиллаж байлаа. Гэхдээ Катя кадраас гадуур байхыг эрмэлзэдэг хүн. Түүнд жүжиглэлтээс илүүтэй зохион байгуулагчийн авьяас заяасан гэлтэй.

-Алдартай жүжигчдээс олон найз нөхөдтэй болсон биз?

-Үнэнийг хэлэхэд найз нөхөд маань огт өөр салбарын хүмүүс.

-Мэргэжил нэгт жүжигчидтэй дотно харьцаатай байхаас зориудаар зайлсхийдэг үү?

-Би найз нөхдөө нэлээд өөр зарчмаар сонгодог болов уу. Жишээ нь, нэг сүмд очдог хүмүүс дунд олон найзтай. Пастор ламтай ч дотно харилцаатай. Харин Холливудад хүмүүс эргэн тойрноосоо илүүтэй өөрийн асуудалдаа голлон анхаардаг юм. За тэгээд ухаалаг утас, сошиал сүлжээнд донтсон залуу үеийн тухай ярихыг ч хүсэхгүй.

-Та сошиал сүлжээнээс хол хөндий хүн үү?

-Үгүй. Гэвч би өөрийн тухай мэдээллийг хором бүр дэлгэхийг хүсдэггүй. Та утсаа удаан хугацаагаар унтрааж чадах уу? Үгүй л болов уу. Тэгэхээр бид чинь өөрсдийнхөө зохиосон технологийн боолууд болчихсон нь үнэн шүү дээ.

-Мэдээллийн шинэ технологийн ачаар олон од гарч ирсэн. Та Кардашяны гэр бүлийн тухай мэдэх л байлгүй?

-Мэднэ. Гэхдээ яагаад алдаршсаныг нь ер ойлгодоггүй юм.

-Интернетэд таны зөвлөгөөнүүдийн эмхтгэл их таардаг. Тэр бүгдийг нэгтгээд нэг л зөвлөгөө болговол та юу гэж хэлэх вэ?

-Энгийн амьдарч, их ажилла гэнэ дээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE