Дэлхийн хамгийн ядуу экс-Ерөнхийлөгч хэрхэн амьдардаг вэ

Уругвайн тэргүүн асан Хосе Мухика амьдралын хэв маягаараа ерөнхийлөгчдийн тухай хэвшмэл ойлголтыг эвдсэн нэгэн. Тэрээр 2010 онд Уругвайн Ерөнхийлөгчөөр сонгогдоод тансаг шилтгээнд амьдрахаас татгалзан цалингаа бараг тэр чигт нь буяны үйлсэд хандивладаг байжээ.

Жимс, ногоогоор л хооллодог Хосе Мухика Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа эцгээсээ өв залгамжилсан хуучин фермээсээ нүүхгүй гэж мэдэгдэн дуулиан тарьсан юм. Фермийн давчуу байшиндаа тэрээр эхнэр, хоёр нохойн хамт өнөөг хүртэл амьдарсаар байгаа аж.

Тэрээр улс төрд хөл тавин Ерөнхийлөгч болохоосоо өмнө фермдээ цэцэг тарьж худалддаг байжээ. Түүний эхнэр Лусия тэргүүн хатагтай болсныхоо дараа ч цэцэг тарьсаар байсан гэдэг.

Ер бусын экс-Ерөнхийлөгч 1800 долларын үнэтэй 1987 оны “Volkswagen”-ы “Цох” машинтай.

Ерөнхийлөгчийн 12.5 мянган долларын цалинг хэт их гэж үзэн тэрээр 10 хувийг нь л хэрэглэж, үлдсэнийг нь буяны ажилд зарцуулдаг байжээ.

Ерөнхийлөгч болсон хүнд тансаг байдал, их мөнгөнд хүрэх боломж нээгддэг ч, Хосе Мухика тэдгээр боломжийг үл тоомсорлосон юм.

Хэдий тийм ч, ноён Мухика өөрийгөө ядуу гэж үздэггүй. Түүний бодлоор амьдралын тансаг хэв маягийн төлөө ажилладаг хүмүүс л жинхэнэ утгаараа ядуу аж. Учир нь тэд үргэлж илүү ихийг хүсэмжлэн санааширдаг гэнэ.

Тэрээр, “Танд элдэв эд зүйл бага байх тусам өөртөө зарцуулах цаг зав их болдог юм” гэж хэлсэн нь бий.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE