Солонгосын визний журамд өөрчлөлт орлоо

OLYMPUS DIGITAL CAMERA

Солонгосын элчин сайдын яамнаас визний журамд орсон өөрчлөлт болон Солонгосын долоо хоног арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Визний материал бүрдүүлэлтэд хуурамч бичиг баримт их байгааг Солонгосын элчин сайдын яамнаас мэдэгдэж байсан юм. Тодруулбал, ажлын тодорхойлолт, банкны баталгаа, нийгмийн даатгалын хуулбар, зэргийг хуурамчаар үйлддэг байна.

Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтарч, бүрдүүлэх материал болон визтэй холбоотой мэдээллийг илүү ойр хүргэж, виз хүлээх хугацааг багасгах тал дээр ч анхаарахаар болжээ. Ингээд олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт оруулсан байна.

Өмнө нь олон удаагийн визийг 1, 3, 5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар нөхцөлийг хангаж байгаа бол гурав, эсхүл таван жилээр олгохоор болжээ.

Харин Солонгосын 7 хоног-2018 арга хэмжээ энэ сарын 15-25 хүртэл зохиогдох юм.  Арга хэмжээний үеэр Сөүлийн гудамжны фестиваль, кино өдрүүд, Го даам, Таэквондогийн тэмцээн болно.

Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээ зөвхөн Монголд суугаа Солонгос иргэдэд зориулан зааланд болдог байсан бол энэ жил парти маягаар олон нийтийн чөлөөт уур амьсгалд ил талбайд зохиогдох юм байна.

Олон удаагийн визний журамд орсон өөрчлөлтүүд,

  • Олон улсад ашиглагддаг кредит карт нь Gold картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэргээс үүдэн олон удаагийн виз олгох эсэхийг шийднэ.
  • Эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст
  • Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг ААН-д хэлтсийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан иргэн
  • Солонгост бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой.
  • Олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин тухайн холбогдох нөхцөлийг хангасан иргэн
  • 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор боллоо.

Сонирхуулбал, Солонгосын 1000 орчим иргэн Монголд байнгын зорчих олон удаагийн виз авсан бол 37 мянган Монгол иргэн Солонгост зорчих олон удаагийн виз авчээ.

SHARE