Венецийн кино наадмын “Алтан арслан”-г Алфонсо Куарон гардлаа

11 хоногийн турш үргэлжилсэн дэлхийн ууган кино наадам 75 дахь удаагаа Италийн Венеци хотноо болж өндөрлөлөө. Венецийн “Палаццио дел Синема” ордонд болсон хаалтын ажиллагаагаар “Ром” киног бүтээсэн Мексикийн кино зохиолч, найруулагч Алфонсо Куаронд тус кино наадмын Гран-при шагнал “Алтан арслан”-г гардуулсан байна.

Шилдэг найруулагчийн “Мөнгөн арслан” шагналыг Францын Жак Одияр “Охин ах дүү нар” (“The Sisters Brothers”) киногоор хүртжээ.

Шилдэг эрэгтэй жүжигчнээр суут зураач Ван Гогийн тухай “Өнө мөнхийн хяанд” (“At Eternity’s Gate”) кинонд тоглосон Виллем Дефо, шилдэг эмэгтэй жүжигчнээр “Хамгийн дуртай бүсгүй” (“The Favourite”) кинонд дүр бүтээсэн Оливиа Колман нар тус бүр шалгарч Волтигийн цомыг гарджээ.

Шилдэг кино зохиолын шагналыг ах дүү Итан, Жоэл Коэн нар “Бастер Скраггсын дууль” (“The Ballad of Buster Scruggs”), шүүгчдийн тусгай шагналыг эмэгтэй найруулагч Женнифер Кентийн “Гургалдай” (The Nightingale) хүртжээ.

Энд тэмдэглэхэд, өнгөрсөн жил тус наадмын тэргүүн шагнал “Алтан арслан”-г “Усны хэлбэр” киногоороо хүртсэн Мексикийн Гильермо Дел Торо энэ удаа Венецийн кино наадмын шүүгчдийг тэргүүлсэн юм. Тус кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд түүнээс гадна Австрийн Кристоф Валц, Английн Наоми Ваттс, Данийн Трине Дүрхолм, Тайванийн Силвиа Чанг, Францын Николь Гарсиа зэрэг жүжигчин бүсгүйчүүд,  Шинэ Зеландын Тайка Вайтити, Польшийн Малгожата Шумовская зэрэг найруулагч эмэгтэйгээс гадна Италийн найруулагч, зохиолч Паоло Женовезе нар багтсан билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE