Монголын баг тамирчид Азийн наадамд медалийн тоогоор 16-д жагслаа

Азийн зуны XVIII наадам Индонезийн Жакарта, Палембанг хотуудад наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нд спортын 40 төрлөөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны 11 мянга гаруй тамирчин оролцож, 465 багц медалийн төлөө өрсөлджээ. БНХАУ-ын баг тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл, нийт 289 медаль хүртэн тэргүүлж, Япон (алт-75, мөнгө-56, хүрэл-74, нийт-205), БНСУ (алт-49, мөнгө-58, хүрэл-70, нийт-177) удаалсан байна.

Зохион байгуулагч Индонезийн баг тамирчид түүхэн амжилт үзүүлэн 31 алт, 24 мөнгө, 43 хүрэл, нийт 98 медальтайгаар дөрөвт жагсчээ. Манай орны баг тамирчдын хувьд 2014 онд Инчёнд үзүүлсэн амжилтаа дөрвөн медалиар ахиулж таван алт, есөн мөнгө, 11 хүрэл, нийт 25 медальтайгаар 16 дугаар байранд орлоо.

Манай тамирчдаас чөлөөт бөхөөр Э.Бэхбаяр, П.Орхон, буудлагаар Г.Нандинзаяа, боксоор Э.Цэндбаатар, самбогоор Г.Наранцэцэг нар төрийн дууллаа эгшиглүүлэн аваргалсан юм.

Мөнгөн медалийг чөлөөт бөхийн Ш.Түмэнцэцэг, буудлагын Ч.Нарантуяа, боксын Б.Чинзориг, жүдогийн Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр, кураш бөхийн Б.Баасанжаргал, О.Мөнхцэцэг, самбогийн Ш.Эрдэнэбаатар, Б.Ойдовчимэд нар хүртжээ.

Харин хүрэл медалийн эздээр чөлөөт бөхийн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг, буудлагын Г.Нандинзаяа, жүдогийн О.Ууганбаатар, Л.Отгонбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Ц.Наранжаргал, самбогийн Ц.Батцэцэг, жиу-жицугийн Ц.Удвал нар тус тус тодорчээ.

Чөлөөт бөхийн П.Орхоноос сэргээш илэрсэн нь батлагдвал тэрээр гурван жил барилдах эрхээ хасуулах бөгөөд 2020 оны Токиогийн олимпийг харамсалтайгаар өнгжихөд хүрэх юм.

Манай улс анх 1974 онд Ираны Тегеран хотноо болсон Азийн наадамд оролцож эхэлсэн бөгөөд наадам бүрээс дор хаяж нэг алтан медаль хүртэж байсан түүхтэй билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE