“Монголд үйлдвэрлэв” таны үед сөнөх үү, Б.Батзориг сайд аа?!

Монгол бол үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон гээд бид бүр итгэчихсэн. Гэтэл манай жижиг дунд үйлдвэрлэгчид “бор зүрх”-ээрээ зүтгэж, үйлдвэрлэлээ бизнесээ аваад л яваад байдаг.

Өнөөдөр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн их болсон доо. Цайгаа, оймсоо, ноолуураа, ер нь л зөвхөн “Монголд үйлдвэрлэв” хэрэглээд явахад Б.Болдсайхан эмчийн хэлдгээр “Өлсөхгүй, даарахгүй” даарахгүй болчихоод байгаа юм.

Харин жижиг дунд үйлдвэрэгчдийг дэмждэг төрийн бодлого манайд бараг байдаггүй. Байдаг ганц нь ХХААХҮ-ийн сайдын мэдэлд байдаг ЖДҮХС юм. Энэ сангаар дамжуулж Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгодог. Бага хүүтэй багахаан мөнгө байдаг юм. Тэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй алга болчихно.

Хамгийн харамсалтай нь ЖДҮХС-гийн зээл очих ёстой хүндэээ очих, олгогдох ёстой газартаа олгогддоггүй. Яриа хөө, найраа нууцын замаар тардаг гэдэг. Энэ ч үнэний ортой байж мэдэхээр эд.

ЖДҮХС-гийн зээл авсан компаниудыг нарийн судалбал араас нь айхтар том “амьтан” гараад л ирнэ. Одоо эхнээсээ Эрүүгийн цагдаагийн газар хавиар шалгагдаж байгаа сураг бий. Хамгийн сүүлийн буюу өнгөрсөн хаврын шалгаруулалтад хүртэл улайм цайм УИХ-ын гишүүний компани тууж л явсан. Тиймээс хамгийн түрүүнд энэ зээлийг шударга олгодог шалгуурыг бий болгох ёстой юм.

Яг одоогийн байдлаар бол ЖДҮХС-гийн зээл шударга олгогдох боломж огт байхгүй. Учир нь ЖДҮХС-гийн захирлын 2016 оны 12 дугаар сарын А/18 дугаар тушаалаар зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцааны хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байгаа юм. Ингэхдээ ямар эрх зүйн актанд үндэслэсэн нь тодорхойгүйгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн дүнгээс доогуур үнээр, зарим хөрөнгийг УБЕГ-аар баталгаажуулалгүйгээр, тэр ч бүү хэл барьцааны гэрээгүй байхгүй байсан байна. Төслийг сонгон шалгаруулахдаа тавигдах шаардлагыг хангаагүй, баримт дутуу зэрэг оролцогчийг шалгаруулдаг. Ингэж балиартуулж байгаад сонгон шалгаруулалт хийдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Энэ асуудлыг Үндэсний аудитын газраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны санхүүгийн тайлан,  тодруулгад аудит хийх үеэр илрүүлжээ. Үүнээс ч ноцтой олон баримт факт илэрсэн байна. Ямартаа л 2017 онд аудит хийлгэсэн Монгол төрийн бүх байгууллагаас Сөрөг санал дүгнэлтийг гаргуулсан хоёрхон газрын нэгээр тодрохов дээ.

Зөвхөн энэ аудитаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж 2016 оны 12  дугаар сарын А/62 дугаар тушаал гаргаад батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгож, санхүүжилтийг 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан байна.

Зээл болон хүүгийн 7.024.3 сая төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлээгүй. Хугацаа нь хэтэрсэн 22 зээлдэгчийн 274.024.7 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар хуулийн байгууллагаар шийдүүлээгүй. 32 зээлдэгчийн  984.0 сая төгрөгийн зээлийн авлага, 205.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн НШШГ-ын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-иас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сангийн хөрөнгөд бүртгээгүй байжээ.

“Их Модун” ХХК нь 2013 онд 620.0 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байхад нь 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосон. Одоо тэр нь хуулийн байгууллагаар шийдэгдэхээр явж байгаа.

“Их буянт цагаан эсгий” хоршоо болон иргэн Д.Од-Эрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байтал авлагыг барагдуулснаар тайланд тусгасан байна.

Энэ мэтээр Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой зүйлүүд дээрх шалгалтаар илэрсэн байна. Ухвал үүнээс ч балиар асуудлууд гарч ирнэ.

Монгол Улс хэрэглэгч улс байхаа болих ганцхан боломж нь үндэсний үйлдвэрлэл хөгжих ёстой гэдэг. Ингэхийн тулд өнөө хэдэн жижиг дунд үйлдвэрлэгчээ л дэмжихэд болно. Төр бас үүнийг ойлгоод үе үеийн Засгийн газар ЖДҮХС хэмээх Засгийн газрын тусгай санг ХХААХҮ-ийн сайдын дэргэд байгуулж “Монголд үйлдвэрлэв”-ийг дэмжихийг хичээсэн бодлого гаргасан юм.

Гэтэл энэ нөхдүүд ийм булхайтай ажиллачихаад өөрсдийнхөө ажлыг сурталчлах гэж ажлын тайлангаа 7.0 сая төгрөгөөр хэллүүлж, зээлийн барьцаа хөрөнгө, эрсдлийг судална гэж ганхцан томилолтоор 8.0 сая төгрөгийн зардлыг гаргаж, ЖДҮХС-гийн захирал нь Хятадад дөрөвхөн хоног ажиллахдаа төсвийн 2.5 сая төгрөг үрж байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогыг  хэрэгжүүлж байгаа сайд, дарга нарын царай энэ. Тиймээс “Монголд үйлдвэрлэв” таны үед сөнөх үү, Б.Батзориг сайд аа гэж асууя?!

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨСВИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Эх сурвалж: news1.mn 

SHARE