М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хүрэл медалийн тавцанд хамт зогслоо

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад үргэлжилж буй Азийн XVIII наадмын жүдогийн тэмцээн өчигдөр эхэллээ.

60 кг-ын жинд хүч үзсэн Д.Амартүвшин эхний тойрогт Макаогийн Чон Ху Лиог цэвэр ялсан ч БНСУ-ын Харим Ли, дагах барилдаанд Тайванийн Юнвей Янд тус тус цэвэр хожигдсоноор тэмцээнийг орхижээ.

66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр Тайландын Сурасак Пунтанамыг вазари үнэлгээгээр даваад Казахстаны Елдос Жумаканов, дагах барилдаанд Киргизстаны Артур Тед тус тус цэвэр хожигдов.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Г.Ганцэцэг Хонг Конгийн Шук Ки Цуй, Туркменистаны Гулбадам Бабамуратоваг тус тус цэвэр ялаад БНСУ-ын Да Сол Пакт цэвэр хожигджээ. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд Тайландын Качаком Варасихад вазари үнэлгээгээр ялагдав.

Харин 48 кг-ын жинд барилдсан М.Уранцэцэг Тайванийн Жин Инь Гаог цэвэр ялаад БНСУ-ын Бок Ён Жонд вазари үнэлгээ алдан хожигдсон ч БНАСАУ-ын Ю Сун Жоныг цэвэр хаяж хүрэл медаль хүртлээ. Түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг хамт зогссон билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE