Цагаачид герман эрэгтэйг хөнөөсний дараа Хемницэд мөргөлдөөн болж 20 хүн бэртжээ

Энэ сарын 26-ны шөнө Германы Хемниц хотод олон хүн оролцсон зодооны үеэр 35 настай Даниэл Хиллиг амь насаа алдаж, хоёр хүн хутганы шарх авчээ. Цагдаа нар тус хэрэгт 22 настай Иран, 23 настай Сирийн цагаачдыг сэжиглэн саатуулсан аж.

Энэ хэргийн дараа Хемницийн төвд зургаан мянга гаруй баруун радикал үзэлтнүүд цуглаан зохион байгуулж цагаачдын урсгалыг зогсоохыг шаарджээ. Тэднийг нацизмыг сурталчилсан гэж буруутган зүүний үзэлтнүүд мянга гаруй хүн оролцсон хариу цуглаан зохион байгуулсан аж.

Хоёр цуглаанд оролцогчдын хооронд мөргөлдөөн болж 20 хүн, үүний дотор хоёр цагдаагийн албан хаагч гэмтсэн тухай “Deutsche Welle” агентлаг мэдээллээ.

Германы удирдлага баруун радикалуудын цуглааныг буруушааж, тус улсын Канцлер Ангела Меркел гадаадын иргэдийн хавчин гадуурхах нь ардчилсан улсад байж боломгүй зүйл гэж мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE