Антонио Бандерас: Хурим хийх үнэтэй, салах бүр ч үнэтэй тул би гэрлэхийг хүсдэггүй

Холливудын од Антонио Бандерас энэ жил сүрчигний “Antonio Banderas Fragrances” брэндийнхээ 20 жилийн ойгоор Испанийн Малага дахь шилтгээндээ томоохон үдэшлэг зохион байгуулжээ. Алдарт жүжигчний брэнд анх 1998 онд “Puig” компанитай хамтран “Diavolo” нэртэй сүрчгийг худалдаанд гаргаж байсан аж. Үдэшлэгийн үеэр тэрээр “Hello” сэтгүүлд ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

Антонио Бандерас найз бүсгүй Николийн хамт

 

-Хэдийнэ алдартай жүжигчин болоод байсан та 20 жилийн тэртээ яах гэж сүрчигний бизнест орохоор шийдсэн нь сонин?

-Бага насны найз нар маань тэгж зөвлөсний дараахан би Барселонд санамсаргүй Пучийн гэр бүлийнхэнтэй дотно танилцсан юм. Эхэндээ сүрчигний бизнес надад тийм ч сонирхолтой санагдаагүй боловч жилийн дараа би нэг мэдэхнээ тус бизнест татагдан брэндээ хөгжүүлэхэд өөрийн санаа сэдлээ шингээж эхэлсэн дээ.

 

Брэндийнхээ 20 жилийн ойгоор би дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гоо бүсгүйтэй зоог барьж сэтгүүлчид, манай брэндийн хэрэглэгчидтэй нүүр тулан уулзлаа. Хэрэглэгчидтэйгээ ярилцана гэдэг энэ бизнесийн чухал хэсэг бөгөөд надад ингэж харилцах нь таалагддаг юм.

Антонио Бандерас ба түүний охин Стелла

-Таны гэр бүл брэндийг үүсгэн байгуулахад тус дэм үзүүлсэн үү?

-Би 1997 онд “Puig” компанитай гэрээ байгуулж, дараа жил нь бид эхний сүрчигээ гаргаснаас хойш өөрийнхөө брэндийн сүрчгийг л хэрэглэсээр ирлээ. Тэр үед би Меллани Гриффиттэй гэрлэж, бид хоёр охинтой болсон байлаа. Мелани миний санаачлагыг шууд дэмжсэн шүү.

Би өнөөг хүртэл Меланид маш их хайртай, түүнгүйгээр амьдралаа төсөөлдөггүй хүн. Тэр миний хамгийн дотны найз хэвээр. Бид хоёр бараг өдөр алгасалгүй байнга утсаар ярьдаг юм. Би найз бүсгүй Николийн хамт Лос-Анжелест очих бүрийдээ Меланитай хамт хоолонд ордог. Мелани миний эхнэр биш хэдий ч намайг үхэн үхтэл миний гэр бүлийн салшгүй нэг хэсэг байх болно.

-Никольд алдартай жүжигчний найз бүсгүй байх ямар санагддаг бол?

Николь маань шоу бизнесээс хол, санхүүчээр ажилладаг хүн. Би ямар нэг хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл юуны түрүүнд Николиос зөвлөгөө авдаг нь мэдээж. Жишээ нь, хамгийн сүүлд би Малагад “El Pimpi” зоогийн газрыг худалдан авахад тэр дэмжсэн юм. Хэдийгээр Николь киноноос илүүтэй санхүүгийн салбарт ойр хүн ч надтай хамт байгаадаа баяртай гэдэгт би огт эргэлздэггүй.

 

-Николь та хоёрын харилцаа цаашид хэрхэх вэ?

-Юутай ч бид хоёр хуримлахгүй. Хурим хийх үнэтэй. Хүн гэдэг гэр бүл болохын тулд мөнгө төлж, гэр бүлээ цуцлахад хүрвэл бүр ч их мөнгө төлдөг бус уу? /Инээв/

Би тэртээ тэргүй өөрийгөө эхнэртэй эр гэж мэдэрдэг бөгөөд Николь жүжигчин биш нь таалагддаг. Урьд нь би хоёр ч жүжигчин эмэгтэйгээ гэрлэж явлаа. Бүх зүйл сайхан байсан л даа. Гэхдээ жүжигчид гэдэг их дураараа хүмүүс тул хамт амьдрахад амаргүй байдаг талтай. Анхны эхнэр Ана Лесатай уулзалгүй 25 жил болжээ.

Харин Николь огт өөр, биеэ барьж чаддаг, бусдын анхаарлын төвд байх дүргүй бүсгүй. Тэр маань миний амьдралыг илүү тогтвортой болгосон. Чухам ийм л хань жүжигчин хүнд хэрэгтэй гэдэгт би итгэдэг дээ.

-Таны охин Стелла мөн л жүжигчин болохоор Нью-Йоркт жүжигчний дамжаанд суралцаж байгаа гэсэн?

-Тэгж шийдсэн нь намайг эхэндээ гайхшруулсан шүү. Стелла хэзээний камерт дургүй байсан хүүхэд. Харин одоо түүний тэр авирыг зүгээр л шилжилтийн насны эсэргүүцлийн илэрхийлэл, эцэг эхээсээ огт өөр хүн болох гэсэн эрмэлзэл байсан гэдгийг ойлгож байна.

Гэхдээ охин маань жүжигчин болох эцсийн шийдээ хараахан гаргаагүй. Тэр надад, “Аав аа, би зүгээр л оролдоод үзэх гэсэн юм. Тайзыг мэдэрч, кино зохиол бичиж сурмаар байна” гэсэн. Тэр жүжигчний шилдэг дамжааны нэг болох “Stella Adler Studio of Acting” суралцаж байгаа. Би түүнийг бүх талаар дэмждэг. Тэгээд ч би өөрөө оюутан шүү дээ. Николь бид хоёр Лондоны “Central Saint Martins” коллежид хувцас загварын дамжаанд суралцаж байгаа.

Антонио Бандерас ба түүний экс эхнэр Мелани Грифитт

-Та хоёр яагаад Малага бус чухам Лондонд амьдрахаар нүүж ирсэн бэ?

-Николь Германы Штутгартад төрж, Швейцарт амьдарч байсны дээр испаниар ярьдагүй хүн. Харин би төрөлх Испаниас, бас Стелла охинтойгоо үе үе уулзахын тулд АНУ-аас ч нэг их хол биш амьдрахыг хүссэн. Тэгээд Николь бид хоёр ярилцаж байгаад англи хэлтэй, аль аль нь ажил төрлөө эрхэлж болох Лондоныг сонгосон юм. Гэхдээ мэдээж миний найз нөхөд, миний зүрх сэтгэл, багын дурсамж Малагагаас салшгүй.

-Малагад та “Суутан” олон ангит кинонд суут зураач Пабло Пикассогийн дүрд тоглосон. Зураг авалтын үеэр тамхинаас гарсан гэж үнэн үү?

-Би Пабло Пикассогийн дүрд тоглож байхдаа сүүлийн тамхиа татсан нь үнэн. Зураг авалтын үеэр зүрх маань гэнэт маш их өвдсөн ба үүний дараа би шууд л тамхинаас гарахаар шийдсэн юм. Согтууруулах ундааг харин хэзээ ч ихээр хэрэглэж байсангүй. Одоо бүр татгалзсан.

Би йогоор хичээллэж өглөө бүр гүйдэг шүү. Өнөө өглөө гэхэд таван километрыг 29 минутанд туулсан. Иймд би гэдэг хүн бөөн эрч хүч л гэсэн үг. Ажлаа хийж байгаад л үхэхийг хүсдэг шүү. /Инээв/

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE