АНУ-ын сенатч Жон Маккейн тархины хавдрын улмаас нас баржээ

АНУ-ын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Жон Маккейн 81 насандаа нас барсан тухай “The New York Times” сонин уламжиллаа. Түүний албанаас гаргасан мэдэгдэлд, “АНУ-ын сенатч Жон Сидни III Маккейн 14.28 цагт өөд боллоо. Тэрээр 60 жилийн турш эх орондоо үнэнчээр зүтгэсэн юм” гэжээ. Нас барах мөчид нь түүний дэргэд эхнэр, төрөл төрөгсөд нь байсан аж.

2017 онд эмч нар Жон Маккейныг тархины хавдартай болсныг оношилсон бөгөөд сенатч энэ сарын 24-нд эмчилгээг үргэлжлүүлэхээс татгалзжээ.

Жон Маккейн 1936 оны наймдугаар сарын 29-нд төрсөн бөгөөд АНУ-ын Сенатад Аризона мужийг зургаан сонгуульт хугацаанд төлөөлж байв. 2008 онд тэрээр Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн билээ.

Сенатч Жон Маккейн 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын гадаад, дотоод бодлогыг эрс шүүмжилж байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE