Манай буудлагын бүсгүйчүүд алт, мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын буудлагын эмэгтэй 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах төрөлд 33 тамирчин өрсөлдсөнөөс манай хоёр тамирчин шигшээ наймд эхний хоёр байраар шалгарч, улмаар Г.Нандинзаяа аваргалж, Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртжээ. Г.Нандинзаяа өмнө нь 10 метрийн урт бууны төрөлд хүрэл медаль хүртсэн ба ийнхүү Азийн наадмын хос медальтан боллоо. Г.Нандинзаяа түүнчлэн урьдчилсан шатанд 1175 оноо авч Азийн наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Харин Ч.Нарантуяа дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадмаас 50 метрийн хэвтээ буудлагын төрөлд аваргалж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа Азийн наадмаас дахин медаль хүртлээ.

Монголын баг тамирчид одоогоор гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай болоод байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE