Ихэр охид оросуудыг гайхашруулжээ

ОХУ-ын “Россия-1” телевизийн “Удивительные Люди” /Гайхамшигт хүмүүс/  нэвтрүүлэгт Гиннесийн рекордыг эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцож монгол хүний оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харууллаа. Тэд оросуудыг гайхашруулж чадлаа.
Даалгаврын хувьд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх, мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох байлаа. Ихрүүд маань ердөө 5 минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэлээ.

Ингээд манай тамирчид урд болон хойд хөршийнхөө телевизийн хамгийн том нэвтрүүлгүүдэд амжилттай оролцож эх орноо сурталчлан соёлын үүргээ гүйцэтгэлээ гэж Монголын Оюун Ухааны Академиас мэдээлсэн байна.

Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёр 2017 оны сүүлчээр БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

Тэд Ой тогтоолтын  спортоор хичээллээд дөнгөж нэг жил гаруй болж байгаа ч ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа юм.

Гиннесийн амжилтыг эвдсэн тэмцээнд Н.Мөнхшүр хоёртын тооллын төрөлд 30 минутанд 5,445 цифр цээжилж, дэлхийн рекорд эвдсэн. Харин Мөнхшүр нэг цагт багц хөзөр цээжлэх төрөлд 37 багц буюу 1,924 хөзөр цээжилж, дэлхийн рекордыг эвдсэн байдаг юм.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE