Хятадын хамгийн үнэтэй орчин үеийн гурван зураач

Хятадын дүрслэх урлагт өдгөө циник буюу увайгүй реализм хэмээх чиглэл идэвхтэй хөгжиж байгаа аж. 1990-ээд он гартал тус чиглэлээр уран бүтээл туурвидаг Хятадын зураачид үзэсгэлэнд оролцохгүй, эх орондоо болон хилийн чанадад нэрд гарахгүй, зураг нь борлогддоггүй байсан аж. Харин өнгөрсөн зууны сүүлийн арван жилд Хятадын дүрслэх урлагт томоохон өөрчлөлт өрнөж, хориотой байсан циник реализм нууц байдлаас гарчээ.

Өдгөө энэ чиглэлийн хятад зураачид Европ, Америкийн уран бүтээлчдийн хамт орчин үеийн хамгийн үнэтэй ТОП 100-гийн жагсаалтад орж иржээ. Алдарт “Sotheby’s” дуудлага худалдаанд Хятадын зураачдын уран бүтээл тогтмол өндөр үнээр борлогддог болсон байна. Дэлхийн томоохон музей, галерейнуудын үнэ хаялцан байж уран бүтээлийг нь худалдан авдаг Хятадын хамгийн үнэтэй гурван зураачийг дор танилцуулж байна.

1.Фанг Лижун

Циник реализмын чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Фанг Лижуны зургууд бусад зураачдынхаас эрс ялгагдан танигддаг. Хэрэв зураг дээр халзан толгойтой ази хүн дүрслэгдсэн бол Фанг Лижуны уран бүтээл байх магадлал тун их гэнэ. Түүний бүх уран бүтээлд ядарч шаналсан халзан толгойтой залуу эрчүүд дүрслэгджээ. Түүнчлэн Фанг Лижун уран бүтээлдээ нэр өгөхөөс татгалздаг ба тоо юм уу, бүтээсэн огноогоо л тавьдаг байна. Түүний ганц зургийн үнэ сая ам.доллараас буудаггүй ажээ.

 

2.Чан Сяоган

Дэлхийн урлаг судлаачид Чан Сяоганыг орчин үеийн хамгийн ирээдүйтэй зураачдын нэг гэж үздэг байна. Түүний уран бүтээлийг циник реализм гэхээс илүүтэй сюрреализмд хамааруулж болмоор.

Түүний “Тяньаньмений талбай” зураг Хонгконг дахь дуудлага худалдаагаар 3.8 сая ам.долларын үнэ хүрчээ. Социализмын үед өсч хүмүүжсэн хятадуудад энэ талбай их зүйлийг бэлгэддэг нь мэдээж. Чан Сяоган “Тяньаньмений талбай”-г шар өнгөөр дүрсэлжээ. Хятадад шар өнгө хаадын эрх мэдлийг илэрхийлдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Хэдий тийм ч Чан Сяоганыг улстрөжсөн зураач гэж тодорхойлж болохгүй аж. Тэрээр юуны түрүүнд хувь хүн, түүний дотоод сэтгэл зүйг дэлгэхийг эрмэлздэг байна.

 

3.Ю Минжун

Ю Минжуны авангард цуврал хөргүүд дэлхий даяар “The Silly Man” (“Тэнэг хүн”) нэрээр алдаршжээ. Зураач инээмсэглэж буй өөрийн хөргөө цувралаар дүрсэлдэг байна. Инээмсэглэж буй хүний хөрөг аз жаргал бус, айдас, доромжлол, өвдөлт зэргийн тухай өгүүлдэг аж. Түүний цуврал зургийн нэг нь “Sotheby’s” дуудлага худалдаагаар зургаан сая ам.доллараар худалдагджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE