Дөнгөж эхэлж байна…

Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд нар ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өглөө. Араас нь гуниглаж, уйлж унжсан хүмүүс ч энэ сошиал хэмээх ертөнцөд олон харагдаж байна. Тэнэглэл.

Хүн мэдчихвэл муухай юм болно гэдэг шиг иймэрхүү юмаа бид гадаад ертөнцөөс нуух хэрэгтэй юм. Аз болж монгол хэлийг маань дэлхий мэдэхгүй нь сайхан юм даа.

Мэддэг бол Монгол гэдэг онигоо дэвэн дэлхийг зугаацуулна. Дарга огцорлоо гээд гашуудаж уйлдаг “Зөвхөн Монголд” л байх энэ мэтийн тэнэглэлийг багцаалдаг хойд хөршийн онигооны баатруудын нэг нь бид шүү дээ.

Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл хоёр сайн хүн байж болно. Гэхдээ сайн дарга байсангүй. Хамар дор нь ажилтныг нь алж, хариуцсан вагон нь тэнд очоод онхолдож, өөр бас кран унаж… Энэ бүхэн дээрх хоёр хүний албан тушаалаас хамдхан уу.

Нийгэм цаг үе өөрчлөгдөж байна. Алдаа гарах төдийд албан тушаалтан нь бөхийж байгаад Ерөнхий сайдаасаа биш ард түмнээсээ уучлалт гуйдаг Японыг харсаар 20-иод жилийг үдлээ.

Баахан будилаан тарьчихаад монгол эр хүний “гүндүүгүй цөлх” зан гаргаж байна гээд гүрийгээд байдаг улс төрийн “соёл” одоо алга болно.

Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл хоёр залуу хүн. Цаашид олон “нар салхи” үзэж таарна. Хэдийгээр аль хэдийнэ шийдвэр нь гарчихсан ч “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе” цахим сүлжээнд мэдэгдсэн нь сайн. Монголдоо анхных болохоор Япончууд шиг бөхийсөнтэй л адил боллоо.

Нөгөөтэйгүүр энэ бол жишиг. Насаар нь хадчихсан, аль эсвэл угаасаа сайд болоод төрчихсөн юм шиг салж ядаад, халаад явуулахаар гуниглаж, гашуудаад байдаг зүй тогтол нуран унаж байгаа юм.

Одоо цаашид энэ жишиг үргэлжилнэ.

УИХ-ын дарга М.Энхболд огцордоггүй юм гэхэд ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй.

Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалах үйл ажиллагаанд их бага, шууд болон дам, ямар нэг хэмжээгээр хэмжээгээр оролцсон Ерөнхий сайд асан С.Баяр, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Эрдэнэтийн захирал байсан Ч.Ганзориг нар одоо “Бид буруутай” гээд гарч ирэх ёстой.

Эрдэнэтийн 49 хувийг худалдах ажлыг хуулийн дагуу явуулаагүй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ард түмэнд мэхийх учиртай.

Одоо энэ Засгийн газарт байгаа шатахууны үнийг солиортол нэмүүлсэн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нар ард түмний өмнө уучлалт гуйгаад огцрох өргөдлөө өгөх ёстой.

Энэ мэтчилэн ёс зүйн хариуцлага хүлээдэг соёл Монголын улс төрд бий болж байна. Тэртэй тэргүй цаг нь болсон. Тэгэхээр энэ дөнгөж эхэлж байна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: news1.mn Э.Баярмаа

SHARE