“MINT ULAANBAATAR” клуб 4 жилийн ой дээрээ Токиод салбараа нээлээ

Нийгмийн хөгжлийг дагаад жинхэнэ шөнийн клубууд нийслэлд маань байгуулагдсаар байгаа. Харин олон нийтийг зугаацуулах үүргээс гадна нийгмийн хариуцлага, урлагийг дэмжин хөгжүүлэх ажлыг хамгийн сайн хийж байгаа нь яах аргагүй МИНТ клуб. Энэ клубыг тав тух, олон улсын шөнийн клубын стандарт, хөгжмийн хэмнэлийг мэдрэхийг хүсэгчид зорьдог гэхэд буруудахгүй байх. Өнөөгийн байдлаар МИНТ-ээр “овоглосон” залуу дуучид, репперүүд, DJ нарын цөөнгүй уран бүтээл Монголд төдийгүй олон улсад танигдаж чадсан. Өөрөөр хэлбэл МИНТ клуб залуу уран бүтээлчдэд өөрийгөө илэрхийлэх том боломжийг бий болгосоор хэдэн жилийг ардаа үдэж байна.

Уншигчид санаж буй бол 2015 онд МИНТ клуб хийлч Дээгий, дуучин Энхзол, ая зохиогч Тэмүүлэн, One way Отгоо, Dj BTR нарын уран бүтээлчидтэй хамтран Монголд анх удаа “NU Disco” урсгалын нэн сонирхолтой шоуг зохион байгуулсан. МИНТ клубын цуврал уран бүтээлүүд үргэлжлэн гарсаар олон нийтэд шинэ уран бүтээлийн хүлээлтийг бий болгож буй.

Энэ нь Монголд анхдагч болж 2017 оны рок попын шилдэг уран бүтээлч шагналыг хүртсэн нь дуу хөгжмийн талаарх олон нийтийн ойлголтыг өөрчилж чадсан гэхэд болно. Хуучны дуунууд нэхэж, DJ нарыг зүгээр л баарны тайзан дээр дуу орилуулдаг хүмүүс мэтхэнээр сэтгэж, баар бол шөнийн амьдралтай хүмүүст зориулсан уушийн газар гэсэн түгээмэл ойлголтуудыг л эвдэж чадсан хэрэг.

Гадныхан ч Монголд түр саатахдаа МИНТ-ээр орж, монгол дуу хөгжмийн айзмыг биширч чаддаг болсон. Тэгвэл МИНТ клуб саяхнаас хилийн чанадад салбараа нээж, Монголын авьяаслаг уран бүтээлчдийг олон улсад сурталчлах ажлыг эхлүүлсэн гэх яриа гарсан. Сураг сонсох нь, МИНТ-ийн шинэ салбар Токиод нээгдэж, Монголоос олон залуу уран бүтээлч тийш зорих болжээ.

Харин япончуудад Монгол өнгө аяс бүхий бүтээлүүд тун таалагдаж байгаа гэнэ. Хэдийгээр яг таг батлагдсан мэдээлэл биш ч гэсэн хэрвээ үнэн бол Монголын чадварлаг DJ, дуучид, репперүүд МИНТ-ээр дамжуулж Японы зах зээлд хүчээ сорих боломжтой болжээ.

SHARE