Хүн хулгайлах хамтарсан операцаа нуухаар шийдэвээдээ?!

 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгаа юу? Газар нутаг дээгүүрээ хүний хулгайчид бүтэн өдөр дураараа сүлжихэд таг дуугүй!

 

Г.ЖАМЬЯН

(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч)

 

“Улаанбаатар эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг долдугаар сарын 27–ны өглөө гэрийнх нь гаднаас хулгайлсан хэрэг хэсэг шуугиулснаа, “хоёр орны найрамдалт харилцаанд цөв суулгаж болзошгүй” гэдэг үндэслэлээр чимээгүйхэн дарагдах бололтой. Энэ бол маш эртнээс, дээд түвшинд бэлтгэгдсэн аймшигтай операци гэж олон түмэн үзэж байгаа. Хоёр орны төрийн эрх барих томоохон албаны хүмүүс зохион байгуулж, тагнуул хүчний байгууллагууд хамсан оролцсон үйл ажиллагаа гэж үзэх хүмүүсч давамгайлж байна. Туркийн тал “Манайд хамаагүй. Бид оролцоогүй гэж янз бүрийн түвшинд мэдэгдчихлээ.Манай эх сурвалжуудыг ч буруутгах янзтай. Тэгвэл “Ройтерс”,”Дейли мэйл” зэрэг гадны томоохон хэвлэлүүд энэ үйл явдлын талаар мэдээлсэн. Тэр битгий хэл Туркийн  өөрийнх нь өдөр тутмын томоохон сонин “Сабах: ”Туркийн  үндэсний  тагнуулын газар Фетуллах Гюллений сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа найман мянган км–ийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд өнөөдөр түүнийг Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэй баривчилжээ” гэж мэдээлсэн байгаа. Энэ чинь бултах газаргүй болгож байгаа биздээ?!Манай хууль хүчний байгууллагууд ч бид оролцоогүй гээд л гүрийгээд байгаа. Тэгвэл гэгээн цагаан өдрөөр гадаадын иргэнийг хулгайлахыг завдсан энэ аймшигт халдлагыг хэн зохион байгуулж, хэн маш нарийн холбож, хэн хулгайлсан болж таарав?!

БНТУ–ын Ерөнхийлөгч Режен Тайил Эрдоган нь энэ өндөр албанд очсоноосоо хойш 80-аад мянган хүнийг баривчилж, 170 гаруй мянган хүнийг ажлаас нь халсан, хүчтэй дарангуйлагч гэдгээ дэлхий нийтэд таниулаад байгаа хүн. Тэрээр сүүлийн үед гадаад улсуудад ажиллаж байгаа Турк сургуулийн багш нарыг яг л өнөөгийнх шиг тусгай албаны нууц ажиллагаагаар хулгайлан аваачиж, гэсгээн цээрлүүлж байгаа нь нууц биш. Энэ дансанд орсон хүний нэг нь В.Акчай. Улаанбаатар дахь Турк сургуулийг хаах, захирлыг нь баривчлах талаар тусламж дэмжлэг хүссэн Туркийн түрүүчийн элчин сайдын гуйлт та бүхэнд сонин байх. Манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн сэтгүүлч Б.Батбаяр (Баабар)твиттер хуудсандаа”Түрэгийн түрүүний элчин сайд намайг Элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд туславал хувь хүний хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа… Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно… Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдоганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн юм.

Энэ бол ганцхан хүнд хандсан нь. Өөр хичнээн хүнд ингэж их мөнгө амлан гуйсныг бүү мэд. Юутай чВ.Акчайг баривчлах гэсэн санаа бодол БНТУ–ын удирдлагад нилээн дээрээс байжээ. Тэр үйл ажиллагаа сая болоод өнгөрлөө гэхэд хилсдэхгүй бол уу. Харин манай талаас хэн их мөнгө авч, энэ хүн хулгайлахыг завдсан операцид оролцов гэдэг л сонин байгаа юм.

В.Акчайг өглөө 10 цагийн үед багтай гурван хүн баривчилж саарал өнгийн суудлын тэргэнд чихэж аваад зугтахад өдөр 13 цаг50 минутанд Туркийн тусгай үүргийн “ТТ4010” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж байгаа юм. Энэ онгоц нь Туркийн ерөнхийлөгчийн тамгын газарт бүртгэлтэй, дипломат паспорттай байсан байна. Экипажаас гадна дөрвөн хүн байсан нь манайханд шалгуулалгүй эсэргүүцсэн гэсэн. Эрдоган гуайн тамгын газрын онгоц Монголоор юу хийж хонон өнжин явсан нь сонин байгаа юм. Онгоцны буудал дээр манай талын хэсэг хүн ажилласан юм билээ. УИХ–ын хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд л нэлээн нухацтай тайлбар хийсэн байна. Тэр онгоц манай нийслэлд хүрч ирсэн талаар “дипломат шуудан хүргэж ирсэн”, “нэг хүн аваад явна” гэхчлэн яриа гарсан л даа. Гишүүн Л.Болд “Ачаа бол дипломат шугамаар орж гарч болох байх. Харин амьд хүнийг ачаа мэтээр явуулж болохгүй” гэсэн шаардлага тавиад “Ээлжит бус чуулган эхлэхээр”УИХ–ын хүний эрхийн дэд хороо, хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг ярина. Бүх зүйлийг тодорхой болгох ёстой гэсэн байна билээ. Уг онгоц орой болтол нисэх буудлын талбайд байсан. Хүн хулгайлах ажиллагаа бүтэлгүйтэж, онгоцны буудалд олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн цугласнаас онгоц арга буюу буцсан л даа. Тус онгоцоор өмнө нь Казакстан Косово болон Африкийн  хэд хэдэн улсаас хүн хулгайлсан гэх бүртгэлтэй талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Юутай ч Туркийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарын олон улсын нисэх буудалд газардсан, яг энэ үеэр Турк сургуулийн багшийг хулгайлж явсан нь жирийн нэг тохиолдлын хэрэг биш байх. Их урьдаас бэлтгэсэн хүн хулгайлах хамтарсан операци нь олон түмний сонор сэрэмж, шаргуу үйл ажиллагаанаас бүтэлгүйтлээ гэж үзэхэд буруудахгүй болуу.

Энэ хүн хулгайлахыг завдсан хэрэгт Монголын талын оролцоо ямар түвшинд байсан ямар байгууллагаас хэн үүрэг өгч, хэн холбож, баривчлах ажиллагаанд оролцсон талаар олон түмэн машид сонирхож, нууцлах тутам нь янз бүрийн хардлага төрүүлсээр байна. Хардлага хоёр чиглэлээр үүсээд байгаа. Нэг нь, Ерөнхийлөгч Х.Баттулга түүний тамгын газрын чиглэлээр, нөгөө нь Улсын Их хурлын дарга М.Энхболд, түүний ойр дотны хүмүүсийн чиглэлээр хардлага үүсээд байгаа. Ерөнхийлөгчийг хардах шалтгааныг нийтлэлч Б.Баабар “…харсаар байтал манай оролцоотой ажиллагаа. Султан Эрдоганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн байгаа шүүдээ. Ийм утга санаа бүхий жиргээ цахим сүлжээгээр л дүүрэн байгаа.

Нөгөө нэг хардлага нь Улсын Их хурлын дарга М.Энхболд болон түүний ойр дотны хүмүүс. Энэ оны гуравдугаар сард УИХ–ын дарга М.Энхболд Турк улсад айлчилсан. Үүний дараа л Туркийн шадар сайд, Ерөнхий сайд гэх мэтчилэн ар араасаа цувчихсан. Тэр битгий хэл тун ойрмогхон Эрдоганы хүү Монголд ирсэн байж ядашгүй гэсэн мэдээллүүд цацагдаад байгаа. Гэв гэнэтхэн юу болоод Туркийн нөлөө бүхий хүмүүс Монголыг сонирхоод, айлчлаад байгаа юм бэ? гэж асуух хүмүүс таарч л байна.Тэр битгий хэл эдгээр хүмүүсийг хэн уриад, юу хэлэлцээд, ямар үр дүнтэй айлчлал болоод байгааг нарийвчлан үзээд, ард түмэндээ мэдээлээч гэсэн санал хүсэлтүүд ч байгаа юм.

Миний хувьд Монгол Туркийн хамтын ажиллагаа бэхжээсэй, ард түмнүүд нь ахан дүүгийн холбоотой яваасай хэмээн хүсэж мөрөөдөж явдаг хүн. Гэтэл ийм учир битүүлэг явдал болчихлоо. Үүнийг яаж ч булзаарууллаа, нууцаллаа гэсэн өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдсан нь маргаангүй үнэн.

Гадаадын иргэнийг багтай хүмүүс хулгайлаад, суудлын тэргээр бүтэн өдөр Монголын газар нутаг дээгүүр явж байхад өнөөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаа байв? Монголын тагнуул, цагдаа, замын цагдаа, прокурор хаа байв? Монгол улсын Батлан хамгааалах яам, хилийн цэрэг, хил гаалийнхан хаа байв? Энэ чинь, юм юмтай, тусгаар тогтносон улс юм байгаа биздээ. Хүн хулгайлсан, хуурамч номертой машин Монгол газар нутаг дээгүүр 9 цаг давхиж байхад илрүүлээд, бариад авч чаддаггүй, ийм хууль хүчний байгууллагууд байдаг бол, Монголын хамаг мөнгийг хүртэж суугаа энэ байгууллагуудаа татан буулгавал яасан юм. Уул нь мэдээлэл авангуутаа л өнөөх хэдэн цагдаагаа замын уулзвар болгонд тавьчихаад л есөн цаг байтугай есөн минутанд илрүүлчих, барьчих ажил шүүдээ. Тэгсэнгүй. Их дээрээс хүлээлт үүсгэж, хүн хулгайлагчдыг дархан эрхтэй, далдалж байсан гэж ямарч  тэнэг толгой бодно биздээ. Манай тагнуулын байгууллага чинь түрүү олон улс дамжуулаад хүн хулгайлж байсан, тэгээд зүгээр өнгөрцгөөсөн их л “туршлагатай”  газардаа.

“Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр олон хүн очсоны дотор УИХ–ын гишүүн, манай шудрага түшээ Л.Болд байсанд олзуурхмаар. Тэр л нэлээд зүйлийг ард түмэндээ тодруулж өгч байгаа. Бас УИХ–ын ээлжит бус чуулганд мэдээлнэ гэсэн. Олон түмэн үүнийг л хүсэн хүлээж байна. Эрх баригчдын зүгээс бол нууц хэлэлцээд чимээгүйхэн дарахыг бодох биз. Гэхдээ УИХ-ын шудрага гишүүд олон байгаа. Хүлээх л үлдлээ.

Энэ, хүн хулгайлахыг завдсан хэрэгтэй холбогдуулаад, миний хувьд тодруулж өгөөч гэсэн хэдэн зүйл байна.

-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардан удаан хугацаагаар зогссон Турк улсын тусгай үүргийн онгоцыг шалгах эрх байдаг юм уу, үгүй юм уу. Манай улсын дипломат паспорттай хүмүүсийг, унаж явсан машиныг нь шалгасан, янз бүрийн хориотой зүйл илрүүлсэн тохиолдол гадаадад зөндөө л байдаг. Харин онгоцны хувьд яадаг юм? Туркийн онгоцонд явсан хүмүүс эсэргүүцсэн гэнэ. Энэ чинь нэг юм хэлээд байнаа даа! Миний бодлоор бол өөрийнхөө газар нутаг дээр, эрх бүхий хүмүүс нь ямарч  тээврийн хэрэгсэл, хүмүүсийг шалгаж болмоорл санагдах юм. Ер нь энэ, тусгай үүргийн онгоцыг өөрийнхөө буудал дээр хэний зөвшөөрлөөр буулгаж, хэний зөвшөөрлөөр явуулсан юм бэ?

–   Гадаадын иргэнийг хулгайлаад газар нутаг дээгүүрээ бараг бүтэн өдөр  давхиж байхад хүчний байгууллагууд яагаад анхаарал тавилгүй, зөнд нь орхисон бэ? Ямар байгууллага, хэн гэж хүн, үүнийг ард нь зохион байгуулж, хяналт тавьж байв? Наад машинаа битгий саатуул. Яажийгээд тэр хулгайлагдсан хүнийг онгоцонд нь суулгачих гэж, дээрээс хэн нэгэн үүрэгдээд байгаа юм шиг бодогдож байгаа биздээ. Яах аргагүй сэжиглэмээр зүйл.

      -“Хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа” гэдэг нэрээр чимээгүйхэн

дарж өнгөрөөх, жинхэнэ эздийг олох хариуцлага тооцох сонирхолгүй байгаа юм биш үү?!

-Хүн хулгайлах гэмт хэрэг бол, олон улсын анхаарлын төвд байгаа маш ноцтой асуудал. Зарим улс оронд үүрэг тавьсан, гүйцэтгэсэн хүмүүст ялын дээд хэмжээ ч оногдуулсан байдаг юм билээ. Өнөөдрийн үүсээд байгаа байдлыг ажиглавал буруутнаар нь, элчин сайдын яамны нэг орчуулагч ч юм уу, хэн нэгнийг тодруулаад жинхэнэ эзэд нь “арыг нь дааж” үлдэхээр болж байгаа юм бишүү.

-Уул нь гадаадын иргэнийг хулгайлахыг завдсан ийм ноцтой асуудал үүсээд байхад Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, ажлын  хэсэг ч юм уу, тусгай комисс томилж шалгаад дүнг нь ард түмэндээ мэдээлэх ёстой биздээ. Энэ янзаар бол тусгаар тогтносон Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэнч, ямар ч гэмт үйлдлийг хэдий хугацаагаар ч хийж болмоор нөхцөл байдал үүсчихлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гурван гишүүн яаж дуугарахыг ард түмэн тэсэн ядан хүлээж байна.

-Турк багш В.Акчайг гэр бүлээр нь хамгаалалтанд авсан. Уул нь энэ хүнээс л чөлөөтэй мэдээлэл авмаар байгаа юм. Өөрийг нь ямар байдлаар авч явсан, есөн цаг хамт явсан хүмүүсээ гадарлаж ярилцлага өгмөөр юм. Эмнэлэг рүү аваачсаныг бодоход зовоож тарчилаасан л байж таараа. Харин яагаад  алчихаагүй юм бол?! Цагдаад өөрөө ирсэн үү? Ямар байдлаар цагдаад ирэх болов гэхчлэн олон асуулт хариулт хүлээж байна. Энэ хүний яриаг нийтэд дэлгэж тавибал илүү ойлгомжтой болнодоо. Бас л нууц уу?!

-Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксойгийн мэдэгдсэнээр бол Монголд “Фето” гэдэг террорист байгууллага байдаг, тэр нь өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Турк улс үүнээс болгоомжил гэж манай эрх баригчидтай байнга ярилцаж байсан болоод байна. Байдал цааш нь нэлээд эвгүй байдлаар үргэлжлэх төлөвтэй болчихлоо.

Энэ асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулахыг ард түмэн хүсэн хүлээж байгаа шүү.

 

 

SHARE