Ардчиллаас хойшх хамгийн муу сѳрѳг хүчин бол С.Эрдэнийн толгойлсон Ардчилсан нам юм

Монгол Улсад ардчилсан хувьсгал ялаад 30-аад, шинэ Үндсэн хуулиа баталж парламентат засаглалыг тунхаглаад 26 жилийг үджээ. Энэ хооронд УИХ, Ерѳнхийлѳгчийн тус бүр 7 сонгууль болжээ. Үр дүнд нь 5 Ерѳнхийлѳгч, 14 Ерѳнхий сайд сонгогдож, томилогдон ажилласан байна.

Хоёр Ерѳнхийлѳгч хоёр удаа улирч, УИХ-ын сонгуулийн нэг бүхэн эрхэд дунджаар 2 удаа Засгийг газраа сольж байсан байх юм. Засгийн газар ингэж олон солигдоход голдуу сѳрѳг хүчин нѳлѳѳлдѳг байлаа. 1996-2000 онд МАХН /тэр үеийн нэршлээр/ АН-ын Засгийн газрыг хэд ч унагаж байв даа. Харин ѳнгѳрсѳн 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход сѳрѳг хүчин бус намынхан нь голлож оролцсон байдаг. Яг ийм “загвар”-аар МАН ѳнгѳрсѳн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан. Гэхдээ энд нэг том ялгаа байгаа юм.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад тухайн үеийн сѳрѳг хүчин МАН нэлээд оролцоотой, санаачлага нь тус намаас гарч байлаа. Харин З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй “Шонхор”, “Ардчилсан хүчний холбоо”-нд харьяалагддаг гишүүд МАН-тай нийлж Засагаа унагасан байдаг юм. Харин ѳнѳѳдрийн буюу 2016 оны сонгуулиас хойш АН ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ унтуулчихаад байна. Тэд Засгийн газар унагах байтугай “Засч залруулна” гэж ярих ч тэнхээгүй нѳхдүүд болжээ. Яг үнэндээ ард түмэн сѳрѳг хүчнээс эр баригчдыг эсэргүүцсэн “гудамжны тэмцэл”-ийг л хүсдэг. Харамсалтай нь АН-д тэгж чадах хүн алга. 2000 оны сонгуульд АН хоёрхон суудалтай болж, улс тѳрийн тавцангаас үсгүй арчигдах шахаж байлаа. Ѳнѳѳдѳр элий балайгаараа дуудуулж яваа ѳнѳѳх Л.Гүндалай л АН-ыг аварч гарч байлаа.

АН түүнд ѳртэй. Хэрвээ Л.Гүндалай байгаагүй бол МАН тэр үед АН-ыг бүрмѳсѳн булшилж чадах л байсан байх. Харин ѳнѳѳдѳр олонх суудлыг алдсан ч УИХ-д бүхэл бүтэн бүлэгтэй нам шүү дээ. Даанч АН-ынхан сѳрѳг хүчин гэхээсээ хоорондоо сѳргѳлдѳѳд зав алга. С.Эрдэнийгээ хүлээн зѳвшѳѳрѳхгүй, лидер бүр нь нам байгуулахаар хѳѳцѳлдѳж эхлээд байгаа. Нам гэхгүй нь бүлэглэл фракц яриастай. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын тус тусын намын сураг гараад удаж байгаа. Тэрнээс гадна хуучин “Алтангадас”, “Нэг ардчилал” фракцынхан бас ѳрх тусгаарлачих гээд л үзэж байгаа аж.

Тус тусдаа олон “ханлиг” үүссэний нѳгѳѳ талд АН-ын дарга С.Эрдэнэ бий. Энэ хүн намын дарга болсноос хойш тус намын удирдлага “Шонхор”, “Ардчилсан хүчний холбоо”-ныхноос бүрдсэн талаар АН-ынхан тун дургүй ярьцгаадаг болсон. С.Эрдэнэ ч зүгээр суулгүй, 2020 оны сонгуулийн дараа Монгол Улсын 31 дэх Ерѳнхий сайд болно гэдэгтээ туйлын итгэлтэй сууж байгаа гэцгээж байна. Ингэ үзсэн АН-ынхан хүний нүднээс далд, шѳнѳ оройн цагаар С.Эрдэнэ даргад бараалхдаг болсон байна. Уг нь АН ѳнѳѳдѳр улс тѳр хийж, сѳрѳг хүчний үүргээ гүйцэтгэнэ гэвэл сэдэв, талбар ихтэй, МАН-ынхан ч хий алдаа их гаргаж байна.

Гэвч дээр хэлсэнчлэн АН-д тийм “зав” алга. Тиймээс Ардчилсан хувьсгалаас хойшх хамгийн муу сѳрѳн хүчин С.Эрдэнийн толгойлсон АН болоод байгаа юм. Та бодоод, санаад үзээрэй. Ер нь МАН ѳнѳѳдѳр сѳрѳг хүчингүйгээр Тѳрийн эрхийг барьж байгаа гэхэд болно. Энэ их хортой. Сѳрѳг хүчингүй эрх баригчид хяналтгүйгээр дураараа дургисаар дараагийн сонгуульд нам унадаг номтой. МАН ч энэ замаар л явж байна. Гэвч эцсийн дүнд Монгол Улс, Монголын ард түмэн л хохироод үлдэх вий.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE