Монголын нууц товчоо: ЧИНГИСИЙН НАС БАРСАН БА ӨГЭДЭЙН ХААН БОЛСОН НЬ

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу

243.   Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил, (1226) –ийн намар Чингис храарн, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есүй хатан өгүүлрүүн: “Хөвүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие шөнө их халуурч хонов” гэв. Хөвүүд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби өгүүлрүүн: “Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотхондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!” гэвэл, хөвүүд ноёд цөмөөр тэр үгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан өгүүлрүүн: “Тангуд иргэн биднийг зүрх шантарч буцав гэж болно. Бид элч сувилж байгаад Тангудын хэлэх үгийг сонсож буцвал болно” гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: “Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! Гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндэ эоруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул ирггэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв” гэж илгээвэл, Бурхан өгүүлрүүн: “дайрах муу үгийг би хэлсэнгүй” гэв. Аша хамбу өгүүлрүүн: “Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! Гэвэл, миний биш Алаша нутаг тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн!” гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: “за тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!” гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. “Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагдсыг манай цэргүүд дураар барьж олзолж явтугай!” гэж зарлиг болов.

  1. 244.   Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бүгсэн тэрэм тэргэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт “Тангудын иргэнээс чадлын хэрээр автугай!@” гэж соёрхоод зарлиг болруун: “Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи Мухулай та хоёр биш үү!” гэж зарлигб олов.
  2. 245.   Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж, Түрэмгий (Лин-Жоу) хотыг эвдэж байхад Бурхан Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвүүд охид есөн ес морь, тэмээ есөн ес, элдэв зүйл тус бүр есөн есийг бэлэглэн уулзахад Бурханыг үүдний гадна бараалхуулав. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирүүлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби, Илаху-г гардаж тонилгов гэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: “Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж үг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмсний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид. Илаху-гийн энэ авч ирсэн нүүдлийн харш (дагшаа орд), ага сав сэлтийг Толунг чи автугай!” гэж зарлиг болов.
  3. 246.   Тангуд улсыг эзэлж, Илаху Бурханд дарга нэр өгөөд түүнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгжо (үр үлдэгдэлгүй болгож үүнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад “Мохол мушгилгүй болсон” гэж хэлж төгсгөж бай! Гэж зарлиг болов. Тангуд улс, үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Түрэмгий балгасанд, А.то] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есүй хатанд өгөв. [Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн Гилүгэтэй баатар магтан шүлэглэсэн нь:

“Хамгийн хаан, улсын эзэн минь

Харцгай шувууны жигүүр болон одов

Хангинах тэрэгний тээш болон одов

Жиргэх шувууны жигүүр болон одов

Жигдрэх тэрэгний ачаа болон одов”

гэж магтан дуулав. Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хүртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөн ядаж, гүр их улс зовоход Сөнидийн Гилүгэтэй баатар өчрүүн:

“Хөх тэнгэрээс заяагаар төрсөн

Хүлэг богд эзэн минь!

Хү их улсаа орхиж одов уу, чи?

Төвшигтөн байгуулсан улс төр чинь

Төгс заяат хатад хөвүүд чинь

Төрсөн их газар ус чинь

Тэмүжин эзэн чамайг хүлээж байна.

Ариунаа байгуулсан төр чинь

Албат олон улс чинь

Амраг хатад хөвүүд чинь

Алтан орд харш чинь

Алс газар билээ.

Удирдан байгуулсан төр чинь

Учирсан хатад хөвүүд чинь

Ураг элгэн монгол чинь

Улс олон иргэн чинь

Унасан Дэлүүн болдог чинь

Тэнд хол байна

Хээр азарганы хөхлөөр хийсэн

Хийр туг сүлд чинь

Хэнгэрэг бүрээ уриа чинь

Хэлэхүй бүгд улс чинь

Тэнд билээ эзэн минь!

Бүтэхийн урьд учирсан

Бүртэгэлжин сэцэн хатан чинь

Буянт газар нутаг чинь

Боорчи Мухулай нөхөд чинь

Булт их улс чинь

Тэнд билээ эзэн минь!

Хувилгаанаар учирсан

Хулан хатан чинь

Хуур цуур хөг дуу чинь

Хотол бүгд улс чинь

Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь

Тэнд билээ, эзэн минь!

Харууна уулыг дулаан гэж

Харь тангудыг олон гэж

Хатад охидыг гоо гэж

Хамаг монголоо мартав уу

Хайрт эзэрн минь!

Халуун амийг чинь алдавч

Хас эрдэнэ мэт хүүрийг чинь

Хамгаалан авч харъя эзэн минь!

Хатан Бүртэгэлжинд чинь үзүүлье

Хамаг улсад чинь хүргэе”

Гэж өчвөл

Хаан эзэн энэрэн соёрхов.

Хасаг тэрэг хангирсан хөдлөв

Хамаг улс баясгалант болов.

Хан их газар тэнд хүргэв

Хамгийн мөнхийг тэнд оршуулж

Хаан зайсагнуудын тулгар болж

Хамаг улсын шүтээн болоод

Найман цагаан гэр болов за.

Эн их улсад тунхаг зарлаж

Өмссөн цамц, өргөө гэр

Ороосон оймсыг тэнд онголов.

Үнэн хүүрий нь заримууд Бурхан

Халдунд онголов гэх заримууд Алтй

Ханы ард, Хэнтий ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов гэх бий. А.то.]

  1. 247.   Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түмний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв.
  2. 248.   Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох түмэн хишигтэн, голын услыг өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг илгээв. Бас урьд Сүбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил Яик мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэх мэдээг аваад Сүбээдэйн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүдийг морилуулав. Энэ аянд мордсон бүх хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! Гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! Гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан өхвүүд рөөсдийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвүүд, түмэн, мянган, зуун аравны ноёд, олон хүн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвүүдийнхээ ахмадыг явуултугай! Гэж зарлиг болоод бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: “Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийнах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гэнэ” гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн ахмадыг томилж явуулъя! Гэж зүг зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ” гэжээ.
  3. 249.   Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: “Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? Гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё” гэж зөвлөж илгээвэл: Цагадай ах зөвшөөрч “юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!” гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.
  4. 250.   Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зүг зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед Өгэдэй хаан өвчин хүрч үг хэлж чадахгүй болов. Бөө төлөгчин нараар мэрэглүүлбэл Хятад улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гэнэт нүдээ нээж ус гуйж уугаад “Юу болов?” гэж асуув. Бөө нар өгүүлрүүн: “Хятад улсын газар усны эзэд газраа сүйтгүүлж, хүн хөрөнгөө талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгьегэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!” гэж өвчөл Өгэдэй зарлиг болруун: “Хан хөвүүдээс миний дэргэд хэн бэйна?” гэвэл дэргэд нь байсан Толуй өгүүлрүүн: “Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний утнсаныг сэрүүлэхвэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясахб олно. Хаан ахын оронд би золио болгъё! Тул загасны нурууг тунтарч явлаа. Би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!” гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад өгүүлрүүн: “Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин хүүхэн дүү нар би бэлбэсэ бэр Бэрүдийг хүмүүжүүлэн асрахыг хаан ах мэдтүгэй! Аливаа үгээ хэлэв, би. Согтов!” гээд гаран одож муужирсан билээ.
  5. 251.   Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяо-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин мэндээр буцаж, Хар Хорум хотож ирж буув.
  6. 252.   Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: “Чормаган хорчи, мөн тэр газарт захиагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив торго, сувд, тана урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байгтун!” гэв. Сүбээдэй баатрын хойноос явсан Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтэн олон хөвүүд Ханлин, Хипчак, Бажигидийг оруулж, Ижил, Яип мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сүйтгэв. Асу, Сасу, Боларман, хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захигач нарыг тавиад буцав. Урьд Зүрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутугай! Гэж зарлиг болов.
  7. 253.   Бат хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: “Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах бооход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: “Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уухб илээ?” тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгэчих юм сан!” гэжээ. Гүюгийн хэлсэн нь: “Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя” гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны хэлсэн нь: “Тэдэнд модон сүүл зүүвэл зохино” гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гарга жхэлсэн боловч, Бүри Гүюг хоёртэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!” гэж өчиж илгээжээ.
  8. 254.   Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гүюгийг бараалхуулсангүйгээр өгүүлрүүн: “Энэ түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлүүлэхээр уагш зүтгүүлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу түрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлэв? Гүюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зүй нь Аргасныг албал дохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол Батад хэлэгтүн! Цагадай ахмад хэлж илээгтүгэй! Цагадай ах мэдтүгэй!” гэв.
  9. 255.   Хан хөвүүнээс Мангай, ноёдоос алчидай, Хонхордай, Жанги тэргүүтэн ноёд дуртган өчрүүн: “Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ. Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гэрт шийтгэх билээ. Хаан одоо Гүюгт хилэгнэж байна. Ээн бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?” гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөж тайтгараад Гүюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: “Аянд явахзуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн гэнэ, чи. Цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хүний өөдөөс эсэргүүцэв үү? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хүн хүчтэй, гүн ус аюултай! Гэж бий бишүү Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж, олон бүгдээр хамсаж, орос хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй байж эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай жанги нар, бургилсан зүрхийг дарах нөхөр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амарлиулав. Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюг Аргасун хоёрыг Бат мэдтүгэй! Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй!” гэв.
  10. 256.   Бас Өгэдэй хаан зарлиг болруун: “Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд бүх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин% торгууд урьд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц үүргээ хэвтүүлд шилүүлээд гадна гарч хонотугай! Шөнө биднийг гэрийн хорчин хэвтүүл сахигтугай! Наран шингэсний хойно шөнө явах ардыг хэвтүүл баржь хонотугай! Олон хүний тарсны хойно хоносон хэвтүүлээс өөр хүн доторш ордондорвол хэвтүүл манаач, тэр хүний толгойг цавчиж хаятугай! Орд гэрт орох гарах бүх зүйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтүүлтэй хамт элбэж эрхэлн мэдтүгэй. Элжигэдэй итгэлтэй хүн боловч үдэш хэвтүүлийн дэргэдүүр яваад хэвтүүд барилгдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хүн боловч хэвтүүлийн ойр очиж үл болохба хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр бүү явтугай! Хэвтүүлийн завсраар би явтугай! Хэвтүүлийн дэргэдүүр явж, хэвтүүлийн завсраар орсон ардыг хэвтүүл барьтугай! Хэвтүүлийн тоо асуусан хүний тэр өдрийн уна жявсан эмээл хазаартай морийг бүх хувцасны хамт хэвтүүл автугай. Хэвтүүлийн байрны дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүл, туг, хэнгэрэг, дөрөө жад, аяга савыг асарч ахдгалтугай! Идээ унд, архи айраг, мах шүүсийг хэвтүүл дарглаж мэдтүгэй!” гэж зарлиг болов. “Орд тэргийг хэвтүүл асарч мэдтүгэй!@ Бидний бие байлдаанд эс мордвол, хэвтүүл, биднээс ангид тусгайгаар цээргт бүү мордтугай! Бидний шувуу авалахад хэвтүүлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтүүлчин, нутаг үзэж, орд өргөөг нүүлгэж буулгатугай! Ордны үүдэнд хаалгачин хэвтүүл үргэлж сахиж байтугай! Бүх хэвтүүлийг мянганы ноён Хадаан захирч мэдтүгэй!” гэж зарлиг болов. “’Бас хэвтүүлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хёор, нэг ээлж болон хавсарч нэг ээлж болон манаж ордны баруун зүүн э тгэээд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадай Хори-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чаанрын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид, ордны зүүн этгээдэд байрлаж суутугай. Хадай Хори-хачар хоёрын ээлж, Ялбаг Хараудар хоёрын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутгуай. Ээн дөрвөн ээлжийн хэвтүүлийг хадаан ноён захирна. Бас хвтүүл миний биеийн шадар ордыг тойрон байж үүдийг сахиж харгалзтугай. Хэвтүүлийн хоёр хүн ордонд орж сөн түшиж барьтугай!” гэж зарлиг болов. “Бас хорчныг захирсан Есүнтэй, Бүхэдэй, Хорхудаг, Лабалха дөрвүүл нум сума агссан торгуудаа дөрвөн ээлж сахитугай!” гэж зарлиг болов. “Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хүний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмүдэр Жэхү хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглүүр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!” Бас хаан зарлиг болруун: “Бүх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн үгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мөн хүн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хүн өвчний шалтгаангүй, ээлжийн ахлагчийн зөвшөөрөлгүйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нүдний далд цөлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бүртгэн жагсаасангүйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтуагй. Зарлиг сонссон бөгөөтөл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндэ ээс сонсгосон бол ээлжин ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харъяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн төдийгөөр дур мэдэн шийтгэж үл болно. Тэд, засгийг зөрчвөл бидэнд мэдэгдэж ирүүлтүгэй! Алах ёстойг бидална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн төдийгөөр бидэнд мэдэгдэхгүйгээр, миний хишигтэнд гар хөл хүргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ” гэж зарлиг болов.
  11. 257.   Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгб үү зовооё. Хөлий нь хөсөр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоно. Шөл шүүс болгож харьяат улсын сүрэг хонь бүрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хнь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудын тусламж болгож өгтүгэй. Бас олон ах дүү эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бүр ардаас татварлан авах нь зохилдохгүй. Зүг зүгийн мянгат бүрээс гүү гаргаж, мөн саах саальчин адуулан нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унагачин болготугай. Бас нёод ах дүү нар чуулбал өглөг соёрхлыг өгч бая. Үүний тул эд уурс, мөнгө, сүх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Үүнийг зүг бүрээс балгасчин, амучин (аму будуу хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн, уужим суухыг хүснэ. Чанай Уйгуртай хоёр тэргүүтэй нутагчныгявуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явахб а ард олон зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнаг журам болгож зүг зүгийн мянгатаас зармчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олныг дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хёор санж бидэнд дутгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийтгэтүгэй!” гэж илгээвэл эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч “Тэр ёсоор хийтүгэй!” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай!” гээд бас өгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавъя гэдэг. Зөвөөс зөв үгийг дуртгажээ!” гэж илгээжээ.
  12. 258.   Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм голын охид, хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: Далай хаан (Өгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шөлд хэрэглэхээр жил тутаэм сүрэг бүрээс нэжээд шүлгэн иргийг гаргаж өгнө. Зуун хониноос х нэжээд зусаг хонь гаргаж, үгээгүү ядуу хүмүүсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зөвлөөд Цагадай ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нэжээд шүлгэн иргэ, зуун хониноо снэжээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унаагчныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин , улаачныг гаргуулж суруилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын гэнэ суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хоиод улаачтай болгов. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал өрөөлөөр хагас алдалтан болтугай. Халбага хигээс дутуулбал хамар хагас алдалтай болтугай” гэж зарлиг болов.
  13. 259.   Өгэдэй хаан өгүүлрүүн: “Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: нэгдүгээрт би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов. Дөрөвдүгээрт зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш энэ дөрвөн үйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов. Хорёдугаарт ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу бий. Ямар бруу гэв гэвэ, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголху-г хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана. Дөрөвдүгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийгб усад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ!” гэв.
  14. 260.   Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсгөв.

ТӨГСӨВ.

SHARE