Ш.Раднаасэд хаалтанд дахин зогслоо

Ш.Раднаасэдийг аливаад голтой ханддаг, гайгүй даацтай улстөрч гэж үнэлдэг хүн цөөнгүй.

Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдсон байж таарна. Бас ийм учраас л анх удаа сонгогдсон атлаа УИХ-ын хамгийн чухал Хууль зүйн байнгын хороог толгойлж буй биз ээ.

Түүний энэ даацтай, тулхтай чанарыг УИХ-ын дарга М.Энхболд анзаарсан бололтой. Хүнд хэцүү болгоноо түүнд даалгадаг болжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ аль хэдийнэ хаагдаад сураг алдарсан 60 тэрбумын асуудлыг хаврын чуулганы хаалтын үеэр сөхөж, үүгээр Нээлттэй сонсгол хийнэ гэж баахан сандаргасан.

Тэр үед буюу 2018 оны зургадугаар сарын 20-нд Ш.Раднаасэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “…Нийтийн сонсгол явуулах тухай бичгийг авсан. Маш төвөгтэй байдал үүсээд байна. 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчөөс хаагдсан хэргийн талаар нийтийн сонсгол явуулаач гэсэн бичиг ирсэн. Үүнийг нь Улсын ерөнхий прокурорт явуулсан. Ерөнхий прокуророос тухайлсан хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариуг өгсөн. Энэ дагуу Ерөнхийлөгчид нийтийн сонсгол явуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл өчигдөр 19 гишүүнээс дахиад нээлттэй сонсгол хийх санал өгсөн. Ерөнхийлөгчид энэ хэргээр нээлттэй сонсгол хийх боломжгүй гэж хэлчихээд 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй байна. Өнөөдөр мөрдөж буй хуулиар тухайн байгууллагын үйл ажиллагаа, дарга цэргийг үнэлэх гэх мэт 2-3 хан асуудлаар нээлттэй, хяналтын сонсгол явуулах боломжтой.  Санал ирүүлсэн гишүүд хууль, журмаа судлаж үзэх хэрэгтэй. Зүйл, үндэслэл нь нийцэхгүй байна. Ерөнхий прокурорын тайлан жил бүр ирүүлж байгаа. Жил бүрийн намрын чуулганаар ирүүлдэг уламжлалтай юм байна лээ. Би өнгөрсөн долоо хоногт тайлангаа ирүүлээрэй гэдэг бичиг явуулсан. 60 тэрбум, Төмөр замын хэрэг, Эрдэнэттэй холбоотой, Стандарт банкны хэрэг гэх мэт прокурор дээр очоод хаагдсан бүх хэргээр сонсгол явуулмаар байна. У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үеийн тагнасан чагнасан гэх хэргийн талаар нээлттэй сонсгол хийж өгөх хүсэлт бас ирсэн. Шалгагдаж байгаа хэргээр нээлттэй сонсгол хийх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Мэдээж нээлттэй ил тод байх ёстой. Тэглээ гээд бүгдийг шүүхээр таслаад байх хуулийн орчин байхгүй”  гэж хэлээд нам буцаасан.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ дахиад 25 гишүүний гарын үсэг цуглуулаад Ээлжит бус чуулганыг зарлах хуулийн нөхцөлийг бүрдүүлээд баяр наадмын өмнөх өдөр албан бичиг өргөн барьчихав.

Хууль хуульчид ажилладаг УИХ-ын Тамгын газарт Ээлжит бус чуулганаас “бултах” гаргалгаа хайх үүрэг дээрээс ирж, тэд хэдэн өдөр хууль нухжээ. Гээд ямар нэг гарах орох нүх сүв олж чадсангүй бололтой.

Учир нь УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Долдугаар сарын 18-нд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган зарлах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас уг асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр болсон. Хууль зүйн байнгын хорооны дарга хуралд оролцсон. Ойрын үед байнгын хороо хуралдах болов уу. Түүний дараа товыг зарлах байх.

Гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж байна. Зарим гишүүн амарч байгаа. Ирц бүрдүүлэхэд амаргүй л байх.

Харин Тамгын газар бэлэн байна. Техник хэрэгсэл, хүн хүч, гүйцэтгэх ажил үүргийн талаас ямар ч асуудал байхгүй” гэсэн тайлбарыг хэлжээ.

Ингэхээр Ээлжит бус чуулганы асуудал дахиад Ш.Раднаасэдийн мэдэлд ирж байна. Харин тэрээр Нээлттэй сонсголыг хаасан шигээ Ээлжит бус чуулганыг зогсоож чадах болов уу, яах бол гэдгийг улс төрийн хүрээнийхэн, олон нийт анхааралтай ажиглаж байна.

Юутай ч энэ эрхэм 60 тэрбумын хаалтанд дахин зогслоо…

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE