Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадмаар харагдаагүй нь ийм учиртай

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Х.Баянмөнх аварга тэргүүтэй үндэсний бөхийн Дархан аваргууд гарч ирж наадамчидтай мэндчилсэн.

Дархан аваргуудын “жагсаал”-д Б.Бат-Эрдэнэ аварга оролцсонгүй. Тэрээр УИХ-ын гишүүний хувьд ч Төв асарын индэр дээр харагдсангүй.

Мэдээж хэрэг, Монгол төрийн наадамд хамгийн олон түрүүлж, бүтэн нэг үеийн турш бөхийн торгон ногоон дэвжээг эзэгнэж явсан Их аваргыг үгүйлсэн наадамчид олон байлаа.

Тэрээр долдугаар сарын 11-ний өглөө өөрийн цахим хуудаст “…Та бүхэндээ баяр наадмын мэнд хүргэе. Хотол түмнээрээ сайхан наадаарай” гэсэн товч мэндчилгээ дэвшүүлсэн байв.

Харин олны ярих нь, ялангуяа цахим сүлжээнд шуугиснаар, баяр наадмын өмнөхөн болсон элдвийн хэл амнаас болж Б.Бат-Эрдэнэ аварга гомдоод наадамдаа оролцоогүй гэцгээсэн.

Тэгвэл энэ мэтийн асуудал үүнд огт холбоогүй ажээ. Тэрээр баяр наадмын өмнөхөн ХБНГУ-ыг зорьж, баяр наадмын өдрүүдийг тус улсын Дюсельдорф хотод өнгөрүүлсэн байна.

Учир нь Б.Бат-Эрдэнэ аварга гэр бүлийн хамт охиныхоо төгсөлтийн баярт оролцохоор ХБНГУ-ыг зорьсон нь энэ аж. Их аваргын том охин Б.Баярмаа ХБНГУ-д архитекторч мэргэжил эзэмшсэн бөгөөд 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр Dusseldorf University of Applied Science их сургуульд Master of Arts degree хамгаалжээ. Бас Б.Баярмаагийн бүтээл нь ХБНГУ-ын 15 их дээд сургуулийн дунд зарлагдсан уралдаанд оролцохоор сургуулиасаа шалгарсан байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE