Н.Батсуурьд “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга Н.Батсуурийн гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа.

Тоёота моторс корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр “Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын аварга Н.Батсуурь танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.

Монгол Улсын аварга Н.Батсуурь “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Тоёота моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээн хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

SHARE