Төлбөр нэмэхийг эсэргүүцсэн 2000 оюутны шаардлагыг ТУЗ-ийн дарга нь аваад “дарчихжээ”

Д.БАТ-ОЧИР

Сүүлийн жилүүдэд хавартаа л их, дээд сургуулийн төлбөрийн тухай “яриа” гардаг. Өөрөөр хэлбэл, жил бүр оюутны сургалтын төлбөр өсдөг гэсэн үг.

Явсаар энэ нь хэвийн үзэгдэл болж, эцэг эхчүүд ч тоохоо больж, хэвлэлүүд ч анзаарахаа байж байгаа бололтой.

Ирэх 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийн оюутны сургалтын төлбөр 24.7 хувиар өссөн байна.

Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригт буюу 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр болсон ТУЗ-ийн хурлаар яригджээ. ТУЗ-ийн гишүүд оюутны төлбөрийн нэмэгдэл 1.5 тэрбум төгрөгийн 500 саяар нь сургуулийн барилгыг засахаар төлөвлөсөн байна.

Тиймээс МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн, тус сургуулийн Оюутны холбоо, Оюутан конгрессын тэргүүн Г.Мандах дээрх хурал дээр “…Төлбөрийн нэмэгдлийн асуудал нэг тийш болсон цагт төсвийн тодотгол хийх ёстой юм биш үү. Өмнөх ТУЗ-ийн хурал дээр удаа дараа сануулсаар байтал төлбөрийг нэмсэн. Оюутнууд бид тэмцлийн хэлбэр рүү шилжиж 2000 гаруй оюутны гарын үсэг цуглуулан БСШУСЯ, ШӨХТГ, МУИС-ийн захиргаанд өгөхөөр болсон ч бүх албан бичгийг ТУЗ- ийн дарга С.Мөнхбат дээр хүлээгдчихээд байна. Үүнийг С.Мөнхбат та мэдэж байгаа юу. Та олон мянган оюутны эрх ашгийг яагаад хүлээлгээд байгаа юм бэ. Одоо төсвийн тодотгол хийх нь буруу. 24.7 хувиар төлбөрийг нэмсэн асуудал оюутнуудын болоод тэдгээрийн эцэг эхчүүдийн дургүйцлийг ихээр төрүүлж байгаа. Хэрвээ энэ тэмцлийн дүнд Засгийн газраас, эсвэл БСШУСЯ-наас төлбөрөө бууруул гэсэн үүрэг өгвөл дахин төсвийн тодотгол хийх хэрэг үү. Тиймээс энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудлын дарааллаас хасч, төлбөрийн нэмэгдлийн асуудал цэгцэрсний дараа асуудлыг хэлэлцье” гэсэн саналыг хэлжээ.

Харин ТУЗ-ийн дарга С.Мөнхбат “…Та бүхний гарын үсшийн шалгаж байгаа. Тэглээ ч аль хэдийнэ нэмэх нь зөв гэж хэлэлцээд дууссан. Бид бусад сургуулийг бодвол харьцангуй багаар нэмж байгаа. 2000 оюутны хүсэлтийг хүндэтгэн үзнэ. Гарын үсгийг шалгаж дууссаны дараа ярилцъя” гэжээ.

Үүний дараа ТУЗ-ийн гишүүн Г.Мандах дахин тайлбар хэлэх гэсэн боловч хурлыг удирдагчдын зүгээс боломж олгоогүй байна.

Тиймээс тэрээр оюутнууддаа хандаж “…Бид бүхэн хамтдаа хичээгээд зүтгэвэл ээж, аавынхаа нуруунаас бага ч атугай ачааг хөнгөлж чадна. Өөрсдийнхөө эрх ашгийг ирж буй наймдугаар сард баттай хамгаалан зогсож чадна гэж итгэж байна “гэж цахим хуудсаараа дамжуулан хэлсэн байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE