Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Монгол Улсын эдийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

Монгол Улсын консерваторын  үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын консерваторын ахмад багш Мишигийн Цэрэндорж,

Монгол Улсын боксын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон арван тамирчид төрөн гарах хөрс суурийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Мөн тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд  оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг,

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг,

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг,

“Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүндсамбуугийн Сандуйжавыг,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг,

“Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,

Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг,

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,

“Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Доржпалам нарыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг,

Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг,

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг,

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг,

Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяндоржийн Пүрэвсүрэнг,

Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг,

ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг,

Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг,

Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг,

МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг,

“Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР “Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг,

“Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа.

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР “Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг,

Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг,

Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг,

Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг,

“Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР  П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг,

“Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Хүний бага эмч Гончигийн Батсуурийг,

“Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг,

Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа.

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

СҮХБААТАРЫН ОДОНГООР Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилэгийг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханыг

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханыг,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулж дууссаны дараа үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монголчууд аа, ажил үйлсээрээ манлайлагчид аа

Та бүхэнд Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Төрт ёсны уламжлалын дагуу өнөөдөр ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль гардуулж байна. Төрийн шагнал хүртэгсэд, тэдний гэр бүл, ойр дотныхон, хамт олонд халуун баяр хүргэе.

Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалтгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстээ манлайлсан хөдөлмөр, зүтгэл гаргасан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь ч зүйн хэрэг юм.

Өнөөдөр төрийн цол, одон медалиар шагнагдагсадын дунд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр гуай байгаа. Энэ үйлдвэрт 35 жил ажилласан хүн. Энэ жил 40 жилийнхээ түүхт ойг тэмдэглэж байгаа тус үйлдвэрийн амжилт бүтээлийн төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Монгол Улсын эдийн засагт олон жил үр өгөөжөө өгч буй “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрч хамт олны 40 жилийн зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм.

Монгол Улсын консерваторийн багш Мишигийн Цэрэндорж, Монголын Боксын холбооны зөвлөх Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цолыг олгож байна. Та бүхний сурган хүмүүжүүлэх үйлсэд гаргасан амжилт, зүтгэлийг монголчууд сайн мэднэ.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан танд Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэх арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гаргасан амжилт, бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байна.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч Машлайн Энхтуяа таныг Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнаж байна. Монголчуудын найман хүн тутмын нэг, нийслэлчүүдийн гурван хүн тутмын нэг нь “Нэгдүгээр төрөх” гэж олноо нэршсэн энэ эмнэлэгт мэндэлсэн байдаг бөгөөд эх барих эмч, хүйн ээж нарыг төлөөлүүлэн таны нөр хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр үнэлж байгаа юм.

Усжуулалт, усны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, говийг усжуулах төслүүдийн техникийн үндэслэлийг боловсруулах, эх орныхоо усны нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлсэд чармайн ажилласныг тань үнэлж Норпилын Чагнаа танд Байгаль орчны гавьяат ажилтан цол олгож байна.

Дархан-Уул аймгийн иргэн Боожийн Цэвээн Монгол Улсын гавьяат тариаланч цолоор шагнагдаж байна. 1961 онд Хонгорын сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн цагаасаа хойш өнөө хүртэл тариалангийн талбайд зүтгэж, залуу тариаланчид, хадланчдыг сурган дадлагажуулж, нутаг орондоо хүнлэг сэтгэлийг тарааж явааг тань ийнхүү үнэлж байна.

Өнөөдөр шагнал хүртэж байгаа бүх манлайлагчид, сайчуудад халуун баяр хүргээд, ажил амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Үйлс, буян тань Сүн далай шиг арвин болтугай.

Өлзий, хутаг тань Сүмбэр уул шиг бат болтугай,

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд бадраг” гэлээ.

 

Эх сурвалж: https://president.mn
SHARE