МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2018 оны 06-р сарын 29-ний өдрийн 2-р тогтоолоор 11 салбар зөвлөл, 11 нийгэмлэг, 3 холбоо нийт 25 байгууллагад 2018 онд мэргэжлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулах эрх олголоо.

Энэ жилийн хувьд Сувилахуй судлалын чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох шалгалт авах үйл ажиллагааг  Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам” –ын 2.3.3, 5.2, 5.6 дах заалтад  орсон өөрчлөлтийн дагуу зохион байгуулна.

Үүнд: Сувилахуй судлалын чиглэлээр зэрэг горилогч нь мэргэжлийн онол болон дадлагын шалгалтад 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн нөхцөлд тэнцсэн гэж тооцох, зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн боловсролын докторын зэрэгтэй байх гэсэн нийтлэг шалгуур үзүүлэлтийг мөрдөхгүйгээр зохион байгуулахаар болсон.

ЭМХТ-өөс Мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг  зохион  байгуулах эрх бүхий мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж 2017 оны шалгалтын нэгдсэн тайланг хэлэлцэн,  2018 оны хурлын тогтоол, шалгалт зохион байгуулах төлөвлөгөө, холбогдох тушаал, журмыг танилцуулан шалгалтын зохион байгуулалттай холбоотой анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ.

Тус уулзалтад мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, нийгэмлэг, холбоодын тэргүүн болон бусад төлөөлөл  28 хүн оролцон санал солилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын баталсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалт 2018 оны 09-р сарын 25 – 27, дадлага шалгалт 10-р сарын 03 – 15-ны хооронд зохион байгуулагдахаар боллоо.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

Эх сурвалж: http://hdc.gov.mn

SHARE