М.Энхболд, Су.Батболд нарын зөвлөхүүд Ц.Нямдоржийг “боорлов”

УИХ-аар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнээс болж Хууль зүй, дотоод хэргийн сайд АТГ-т дуудагдахаар болсон. Бас залуу хуульчид түүн рүү дайраад эхлээв. Өөрөөр хэлбэл сүүлийн өдрүүдэд эрхэм сайд Захиргааны хуулиас болж том дарга нарын хуулийн зөвлөхөөр ажилладаг залуу хуульчдад “боорлуулж” байна. Гэвчиг тэрээр өөрийн байр суурийг хамгаалсаар байгаа юм.

Уржигдар буюу 2018 оны зургадугаар сарын 26-нд УИХ-ын дарга М.Энхболдын хуулийн зөвлөх Б.Гүнбилэг цахим хуудастаа “МИНИЙ САЙД Ц.НЯМДОРЖ ТАНАА” гэж гарчигдаж байгаад Ц.Нямдорж сайдад хандан “хэдэн үг” илгээжээ. Тэрээр “…Захиргааны шүүхийн харьяаллаас Засгийн газрын шийдвэрийг гаргах хуулийн төслийг хэлэлцэх явцад Ц.Нямдорж сайд:
-Энэ хуулийг батлахгүй дараагийн чуулган хүртэл хойшлуулвал 49%-ийнханыг дараагийн чуулган болтол Захиргааны хэргийн шүүхийнхэн ялуулах гээд байна….. Эрүүгийн хэрэг үүсгээд 49%-д шилжүүлсэнийг шалгаж байгаа гэсэн утгатай үг чуулган дээр хэллээ.
Хожуу ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгаж байгаа нь маш зөв байна. Анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгээд шалгаачээ гээд миний хувьд хоолойгоо сөөтөл хурал зөвлөгөөнүүд дээр хэлж байсан. Таныг ч яагаад тийм үнэтэй байранд үнэгүй амьдраад байгааг ч шүүмжилж байсаан. Та сонсохгүй байх үндэсгүй, сонсож л байсан байлгүй.
Захиргааны процессын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-ийг Танд сануулья.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ:
….. 65.1.3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасан байна.
Одоо Засгийн газар захиргааны шүүх дээр хүсэлтээ гаргаад хэргээ түдгэлзүүлээд, эрүүгийн хэргээ сайн шалгаад гаргаад тавь. Тэр болтол чинь Захиргааны шүүх хуралдах учиргүй.
Харин Захиргааны хэргийн шүүгч хүсэлтийг чинь хүлээж авахгүй 65.1.3-ыг зөрчиж, ХХБ-ныханд үйлчилвэл ёстой бүгд нийтээрээ үзэн ядацгаая. Та Монголд байгаа цорын ганц хуульч гэж боддогоо одоо боль. Бидний дэмжлэгийг ав.
Тийм шүүгч нар байж ч мэднэ. Надад бас мэдрэмж бий. Дээд шүүх дээр Н. Алтанхуяг гуайг Ерөнхий сайд байхад хариуцагчаар татсан хэрэгт би нэхэмжлэгчийн талын өмгөөлөгчөөр ороод ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчээр хурал даргалуулаад ялагдаж байсан. Гарч ирээд тэр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй байж гэж маргаад бараагүй. Сонинд нэг нийтлэл л бичсэн, тэгээд л өнгөрсөн.
Процессын хуулийн энэ заалтыг хэрэглэж болох байтал ЗГ-ыг бүхэлд нь материаллаг хуулиас гаргах гээд байгааг чинь үнэндээ гайхаад барахгүй юм. Хуулиа биш УИХ-ын тогтоолоо ч өөрчилж болно гэсэн санаанууд ч бас бий.
Таныг Алтжинд Төрийн банкийг авч өгөх гээд байгаа гэдэг хардлага яваад байгааг сайд Та анхаарна биз. Хатуу хэлсэн бол уучлаарай.
Мөн миний хувьд хэн нэгний бууны нохой биш шүү. Хуульчийнхаа хувьд өгсөн ярилцлагад минь эмзэглэж, хуульч Д. Мөнх-Эрдэнэ бид хоёрыг нэр цохож 49%-ийн бууны нохой гэж ойлгогдохоор Хууль зүйн байнгын хороон дээр гүтгэсэн байна лээ.
Бидний, манай, миний сайдаар ажиллаж байсан, танаас хатуу үг сонсож явсан цэргийн чинь хувьд, мөн одоо ч болтол ахмад хуульчийн чинь хувьд хүндэлж явдаг учир таньд ийнхүү бичихээс өөрийг сонгосонгүй. Шууд очоод танд хэлж болох ч, олны дунд гүтгэснийг тань бодоод өөрийн цахим талбараа ашиглалаа.
49%-ийг Сайханбалагтах шийдвэр гаргах ЗГ-ын шийдвэрийг хамгийн анх эсэргүүцсэн хуульч бол тухайн үед ЗГ-ийн хэрэг эрхлэх газар ажиллаж байсан Д. Мөнх-Эрдэнэ шүү. Хэн нэг даргын зөвлөх гээд албан тушаалын “окоопонд” ороод байх хуульчид биш. Бид төрийн албан хаагчид.
Залуучууд биднийгээ ингээд үнэнийг яриад, зарчим яриад эхлэхээр хаа хаанаасаа хавчаад байхад залуучууд чинь яаж Үндсэн хуулиа хамгаалах юм. Нас, намбатай хүн Та тунгаана биз ээ” гэсэн байна.

Үүний маргааш 2018 оны зургадугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мөн л цахим хуудастаа “ЭГДҮҮЦЭЛ” гэж байгаад “…Өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж сайд мань мэтийн хэдэн хуульчдыг Эрдэнэтийн 49%-ийн гар хөл гээд авч өгчээ. Уул нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49%-ийг Монголын талд худалдан авах асуудал анх яригдаж эхлэхэд л хууль зөрчиж байна шүү гэж хэлсэн хүн нь би. Сайд маань 2016 оны зун хийсэн олон хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ тухай цухас дурдаж хүртэл байлаа. Сайд мартсан бол “магтуулсан” би мартаагүй л явна. Мөн бивээр шүүх засаглал, шүүгч нарын томилгоо улс төрийн нөлөөнд хэтэрхий автсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хараат бус байдал алдагдсан байна гэдгийг нилээн хэдэн жилийн өмнөөс л яриад яваад байгаа. Өнөөдөр шүүхэд үүсээд байгаа бүх асуудлын үндэс нь энэ шүү дээ. Энэ тухай би Үндсэн хуулийн цэцэд хүртэл хэд, хэд хандаж үзсэн. Гэтэл улс төрийн тохироо хийгээд, өөрт нь таалагдсан үед юу ч дуугардаггүй сайд маань эрх ашиг нь хөндөгдөөд ирэхээр хавийн амьтныг хамж гүтгэдэг нь сонин. Тэр нь тэгээд миний анхнаас нь буруушааж, эсэргүүцэж ирсэн асуудал байдаг. Юм гэж сонин шүү. Эгдүүцэж байна!

Сайд маань хүний эрх, эрх чөлөөг хангах гол баталгаа болсон шүүхийн тогтолцоотой ноцолдож суухын оронд уул нь дээр дурдсан асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй юм. Би буруу санаагүй бол шүүхийн захиргаа, хүний нөөцийг хариуцаж ажилладаг Шүүхийн ерөнхий зөвлөлийг нилээн хэдэн жил толгойлсон хүн. Бас шинэчлэл, өөрчлөлт ярихаараа өөрийн эрх мэдлийг яаж нэмэх вэ гэж бодож суухын оронд эрх зүйт төрийг бий болгох талаар эх орон, ард түмэндээ би юу үлдээв ээ гэж эргэцүүлж нэг бодох л ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар бүхэл бүтэн 12, 13 жил ажилласан хүн шүү дээ. Юм гэж сонин!

Сайд маань тэрний зөвлөх, энэний цэрэг гэж цоллоод мань мэтийн хуульчдыг өөрийн бодолгүй, дарга, цэргийн бодлоор амьтас гэж ойлгодог бололтой. Бид даргад биш төрд, Үндсэн хуульд, ард түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд хэлэх ёстой үгээ хэн нэгнээс айж эмээлгүйгээр хэлж ирсэн, цаашид ч хэлнэ. Тэр тусмаа Үндсэн хуульт ёсны эсрэг асуудлаар бол чангахан шиг дуугарна. Зарчимдаа үнэнч явахад айгаад, эмээгээд байх юм байхгүй. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар Монгол Улсын Үндсэн хуульд дордохын 7 өөрчлөлтийг оруулж байхад миний эцэг Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар эсэргүүцэж явсан юм шүү. Өнөөдрийн монголын хямралд эдгээрийн оруулсан хувь нэмэр их бий. Юм гэж сонин!

За тэгээд эцэст нь дахин хэлэхэд би Ц.Нямдоржид биш, С.Батболдод биш, Засгийн газарт биш, Засаг даргад биш, харин монголын төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Хэзээ, хаана, юу хэлэхээ хэн нэгнээр заалгахгүй. Хүний нэр төр, зарчим албан тушаалаас үнэтэй гэдгийг би эцгийнхээ туулж өнгөрүүлсэн амьдралаас харж, ухаарч авсан юм шүү” гэж үзэл бодлоо ширүүхэн илэрхийлэв.

Ийн цаст уулын цагаан барс… гэдэг шиг Ц.Нямдорж руу залуу хуульчид нь зэрэг зэрэг дайраад байдаг болов.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE