Хөвсгөлийн эрэг аялал жуулчлал нэртэй архичдын суурин болжээ

Хөвсгөл нуур бол Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой газар. Дэлхийн цэнгэг усны 1 хувьтай тэнцдэг, Монгол Улсын гадаргын усны 93 хувийг бүрдүүлдгээрээ төрийн онцгой хамгаалалтад байх хуультай. Нөгөө талаар аялал жуулчлалын хамгийн том бүс нь Хөвсгөл.

Улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газар учраас Хөвсгөл нуурын ойр орчимд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар олгодог. Өөр бусад хэлбэрээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хуулиар хориглодог. Гэвч сүүлийн үед Хөвсгөлийн эрэг дээрх газар олголт замбараагаа алдаж, даац хэтэрснийг нутгийн иргэд төдийгүй мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд хөндөн ярих боллоо. Үүнээс үүдэж Хөвсгөл нуурын эко системд сөргөөр нөлөөлж, тэндхийн уугуул малчид бэлчээр өвөлжөө, хаваржааны газраа алдаж, орон нутгийн иргэдийн бизнес шахагдсаар байна.

Хөвсгөл нуурын эрэг дагуу тусгай зөвшөөрөл бүхий 118 гэр буудал, 38 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн салбарын яамны мэдээлэл байгаа ч газар дээрээ үүнээс ч илүү болохыг төрийн бус байгууллагууд онцолж байгаа.

 

                         ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, НХҮЕГ-ынхны бизнес

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Хөвсгөл нуурын орчимд  зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар олгоно. Ийм зориулалтаар газар авах эрх нь шаардлага хангасан хэн бүхэнд нээлттэй ч иргэн хүн гэхээсээ эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүсийн бизнес болж хувирсныг Хөвсгөлийн жишээ бэлэхнээ харуулна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Л.Энх-Амгалан гээд л цуварч өгөх төрийн томчуудын эзэмшлийн баазууд олонх нь. Өөрсдийнхөө нэр дээр биш, өөр хүмүүсийн нэр дээр аялал жуулчлалын бизнес эрхлүүлээд ашгийг нь далдаас хүртдэг эзэд ч бий. Тэгвэл сүүлийн үед төрийн томоохон байгууллагууд Хөвсгөлийн эрэг дээр газар авч жуулчид хүлээж авдаг болжээ.

Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар эзэмшлийн газартай байна. Тэд жуулчид хүлээж авахаас гадна дарга удирдлагууд нь ирж амарч цэнгэдэг, архидаж хөлчүүрхдэг газар болсныг нутгийн иргэд ярьж байгаа юм. Төрөөс санхүүжилттэй, тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд аялал жуулчлалын бизнес эрхэлнэ гэдэг хуульд харш. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр газар авчихаад амарч зугаалдаг нь бүр зүйд нийцэхгүй. Магадгүй ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, НХҮЕГ-тай барьцаад дараа дараагийн өөр агентлаг, газрууд газар аваад эхэлвэл яах вэ?

 

            Байгалийн цогцолборт газар уу, зуслангийн газар уу?

Хөвсгөл нуурыг зорьж очвол нутгийн хэн нэгнээс ингэж асуух нь холгүй дур зураг бий болжээ. Хөвсгөлийн эрэг дээр аялал жуулчлалын бааз олноор бий. Үүнтэй зэрэгцээд гэр хороолол я хүрээгээ тэлэх болжээ. Гэр хороолол гэхээр нутгийн айлууд уу гэвэл үгүй. Улаанбаатарын, өөр бусад аймгийн харъяалалтай айл олонх нь. Тэд зуны улиралд ирж амарчихаад намар болохоор гэрээ түгжээд яваад өгнө. Нэг ёсондоо Хөвсгөлийн эрэг зуслангийн газар болчихоод байгаа хэрэг.

Ийм эмх замбараагүй газар олголтоос нуурын орчимд тоосжилт ихэсч, усны чанарт нөлөөлөхөөс гадна хог хаягдал маш ихээр бий болжээ.

Эдүгээ нэг мөр шийдэж чадахгүй байгаа асуудал нь Хөвсгөлийн эрэг дээрх ариун цэврийн байгууламж. Нүхэн жорлонгоо шийдэж чадаагүй хэрнээ аялал жуулчлалаар мөнгө олно гэж том, том бодлого боловсруулсаар байгааг олон түмэн шүүмжилдэг. Одоо ч нуурын эрэг дээрх ариун цэврийн байгууламжийн асуудал шийдэгдээгүй байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3 сая ам.долларын эко ариун цэврийн байгууламж барих төсөл хэрэгжсэн ч үр дүнгээ өгөөгүй байна.

 

                                      Газар олголтын хийдэл

Хөвсгөл нуурын эрэг дээр аялал жуулчлалын зориулалтаар газар авахын тулд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас санал авна, мөн аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаас санал авна. Энэ хоёр субьектээс авсан саналыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайд газар олгодог. Гэвч энэ нь хийдэлтэй үйл ажиллагаа болсоор байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Хог хаягдал, тоосжилт, гэр хорооллын нягтаршил, жуулчны баазуудын хууль бус үйл ажиллагаа, нутгийн уугуул иргэдийн эрх зөрчигдөх явдал нь нуурын эрэг дээр бий болсоор байгаа. Гэтэл эдгээрийг харгалзаж газар олгох эсэхийг шийдвэрлэх субьект нь Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга хоёроор хязгаарлагдаж байгаа нь хангалтгүй. Алаг-Эрдэнэ сумын ИТХ, Хатгал тосгоны захиргаа шийдвэр гаргалтад оролцохгүй. Хаа холын Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас санал авч байгаа нь нөлөөлөлд өртөж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалж чадахгүйд хүрч байгааг нутгийнхан онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газар олголтод сумын удирдлагууд, нутгийн иргэдийн оролцоо хомс байгаа нь харагдана.

 

                 Нутгийн иргэдийн язгуур эрх зөрчигдсөөр байна

Эмх замбараагүй газар олголтоос хамгийн ихээр хохирч байгаа нь нутгийн уугуул иргэд. Үе удмаараа суурьшиж ирсэн тэд малаа бэлчээрлэх газаргүй, өвөлжөө, хаваржааны газраа алдах болжээ. Нэг мэдэхэд бэлчээрийн газрыг нь хашаалчихдаг. Үүнийгээ яамнаас зөвшөөрөлтэй гэж тайлбарладаг. Малчид малаа бэлчээрлүүлж чадахгүй, хашаандаа хашдаг болжээ. Бэлчээргүй болсон малчид малаа уул руу гаргая гэтэл уул руу гарах замыг нь хаагаад хашаалчихсан, бүр гэр рүүгээ орох замыг нь ч хааж авчихаад байгаа бодит байдалтай байгаад иргэд бухимдалтай байгаа юм.

Нөгөө талаар нутгийн захиргааны зүгээс малтай иргэдийг нуураас холдуулах мэдэгдлийг хүргүүлж эхэлсэн гэнэ.

Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх хүн бүрт бий. Амьдрах орчноо өөрөө сонгох, газар эзэмших, өмчлөх эрхтэй. Нэгэнт өмчилсөн газрыг хууль бусаар булааж авах эрх аль нэг яам, газарт битгий хэл төрд ч үгүй.

Иргэд амьдрах газаргүй, мал бэлчээргүй, хог хаягдал ихтэй, тоосжилт нэмэгдсээр байгаагийн цаана эмх замбараагаа алдсан газар олголт гэдэг нь ойлгогдоно. Аялал жуулчлалаа чанартай хөгжүүлээд нутаг оронд нь хөрөнгө оруулалт нэмэгддэг, уугуул иргэдийнхээ эрхийг дордуулахгүйгээр бэлчээр нутаг, өвөлжөө хаваржааг нь орлох нөхөн төлбөр, одоогийн байгаагаас дордуулахгүйгээр өөр бусад нутагших газар заадаг бол эргэж харахаар.

Гэвч зуслангийн бүс болгочихоод, төрийн том агентлаг, газрууд нь газар эзэмшээд архидаж согтуурдаг болсон л дүр зураг бий болжээ. Товчхондоо, Хөвсгөлийн эрэг аялал жуулчлал нэртэй архичдын суурин болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE