Монголын нууц товчоо: ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ

 

  1. 153.    Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн шөнө шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд үдэлж байтал Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг үзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, үнэхээр Мау өндрийн өврөөр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. Чингис хаан, тэр тоосыг үээж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас үзээгүй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан Жамухаас асууруун: “Тэмүжин хөвүүнд бидэндтэй байлдаж чамдаар ямар хүмүүс байна?” гэвэл, Жамуха өгүүлрүүн: “Уруул мангууд нар түүнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.

Тойрч ирээд

Довтлон буудаг

Ташаалдаж ирээд

Даран ордог

Бараан алаг тугийг

Барьж явдаг

Бачит тэдгээр иргэн

Бага наснаас эхлэн

Байлдаж мэргэжсэн тул

Ван хан та

Баахан болгоомжилбол зүйтэй” гэжээ.

Тэр үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: “Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жүрхиний баатруудыг оруулъя. Түүний хойноос түмэн түбэгэний Ачиг-Ширүнг оруулъя. Түүний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмүн тайж довтолтугай. Түүний хойноос бидний их гол хүчин оръё” гэв. Бас Ван хан өгүүлрүүн: “Жамуха дүү чи бидний бүх цэргийг зас (захирагтун)” гэвэл, Жамуха олноос онцгой гарч нөхдөдөө өгүүлрүүн: “Ван хан, бүх цэргээ намайг захиг гаж байна. Би Тэмүжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Үзвэл Ван хан, надаас хэтрэхгүй дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай” гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хүн явуулж хэлүүлсэн нь: “Ван хан, надаас асуув. “Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдах ямар хүн бий?” гэж асуувал, би “Уруул Мангуд тэргүүтэй хэцүү баатрууд бий” гэж хэлбэл, Ван хан Жүрхиний баатруудыг манлай болгож томилов. Түүний хойноос Түмэн Түбэгэний Ачиг Ширүнг томилов. [Түүний хойноос] Олан дунгайдыг томилов. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийн ноён Хориширэмрүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: “Жамуха дүү, эдгээр бүх цэргийг захир” гэж надад итгэж хэлнэ. Үүнээс үзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй билээ. Гэтэл Ван хан надаас дорой хүн байна. [Иймийн тул] Анд чи бүү ай. Хатууж” гэж илгээжээ.

  1. 154.    Энэ мэдээг сонсоод, Чингис хаан өгүүлрүүн: “Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя” гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн өгүүлрүүн: “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжинд анд мэдтүгэй” гэв. Жорчидай өгүүлрүүн: “Чингис хааны өмнөөс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя” гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жүрхинээр толгойлуулсан дайсан хүрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жүрхинийг дарав. Гэтэл бас Түмэн түбэгэний Ачиг-Ширүн довтолж ирэв. Ачиг-Ширүн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав. Үүнийг үзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай, урууд цэргээ удирдан байлдаж, Түмэн түбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгайд эсэргүүцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмүн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмүн тайжийг мохоож дарахад Сэнгүм, Ван хан эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгүмийг шархтаж унахад хэрэйд бүгдээр түүн дээр цуглан очив. Тэднийг ийнхүү дарж шингэх наран, уул ташиж байхад миний цэрэг эргэж шархдсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мөн үдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов.
  2. 155.    Тэнд хоноод маргааш үүр цаймагц (хүмүүсээ) бүртгэвэл Өгэдэй Борохул, Боорчи гурав үгүй ажээ. Чингис хаан өгүүлрүүн: “Өгэйдэйтэй итгэлт нөхөр Боорчи Борохул хёор хоцорчээ. Амьдарч үхэвч тэр хоёр түүнээс хагацахгүй” гэв. Манай цэргүүд шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан, өвчүүгээ дэлдэж, “Мөнх тэнгэр мэдтүгэй” гээд Боорчийг дуудаж асуувал, тэр өгүүлрүүн: “Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гүйж явтал хэрэйдүүд Сэнгүмийн дээр цуглаж байх чөлөөгөөр ачаагаа хөглүүлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хүрч ирэв” гэв.
  3. 156.    Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Үзвэл, нэгэн хүн мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл: Өгэдэйн хойно Борхоул сундалж (ӨГЭДЭЙГ Борохул, эмээл дээрээ дүүрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгэдэйн хүзүү суманд шархтсан тул Борохул, түүний асгарсан цусыг амар шимж, зангирсан нөжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч, Өгэдэйд унд өгч уулгаад, дайса ирвэл байлдъя гэж хүлээж байв. Борохул өгүүлрүүн: “Мау өндрийн өврөөр Улаан Бургадын зүг цааш дайсны тоос суунаглаж далд оров” гэвэл Борохулын тэр үгийг сонсоод: “Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхүү дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье” гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд Улхуй шилүгэлчид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмүргэ хүрэв.
  4. 157.    Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хөвүүдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы үг гэж өгүүлрүүн: “Ван хан, хөвүүн Сэнгүмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:

“Хөндлөний хүнийш

Хөнөөх гээд

Хөөрхий биеэ

Хөсөрдүүлэв чи

Хажуугийн хүнийг

Халдах гээд

Хацар энгэсгээ

Хатгуулав, чи

Хайрт хөвүүний

Хатгагдсаны төлөө

Харь дайсныг

Халдан довтолръё”

гэвэл, Ачиг”Ширүн өгүүлрүүн:

“Эзэн хан минь

Эрхбиш болгоомжилж айлд

[Эзэн хан тэргүүлэн

Энгийн харц бүгдээр]

Эс заяасан хөвүүний

Эрэл мөрөөдөл болж

Элдэв арга хийлгэж

Эвий бавий хэмээн залбирах бөлгөө

Энэ залбирал бүтэж

Эхээс төрөн заяасан

Эрхэм хөвүүн Сэнгүмийг

Энхрийлэн асарч сувилъя

Монгол (Мөн гол)-ын олонхи, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмүжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох бвэ? Морин унаатан, модон нөмөртөн болов тэд (хүн бүр дөнгөж ганц морьтой бөгөөд гэргүй учраас модны нөмөрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эс ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье” гэв. Ачиг-Ширүний энэ үгэнд Ван хан өгүүлрүүн: “За, тийм бол хөвүүн эндэх болуузай. Хөвүүнийг асран сувил” гээд байлдааны газраас буцаж харив” гэв.

  1. 158.    Чингис хаан, тэрхүү Далан нэмүргээс Халх [гол] уруу хөдөлж явах зуур цэргээ бүртгэж үзвэл, хоёр мянган зургаан зуун хүн байна. Үүнээс нэгэн мянган гурван зуун хүнийг Чингис хаан авч Халх голын өрнөд этгээдээр нүүв. Нөгөө нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нүүв. Тэгж нүүж явах замдаа хүнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгүй байтал, Чингис хааны ятгасан үгийг үл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шрах үгдэрч наснаас нөгчив. Түүнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.
  2. 159.    Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан өгүүлрүүн: “Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хүртэл зээгийн зүсээр, охины өнгөөр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргүүцвэл байлдаж эзлэгтүн” гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар түүнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хөндсөнгүй.
  3. 160.    Чингис хаан хонгирадыг оруулаад тэндээс нүүж Түнхэлэг горхины зүүн этгээдэд хүрч буугаад Архай Хасар, Сүхэхэй Жэүн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлүүлсэн нь: “Бид Түнхэлэг горхины зүүн этгээдэд буув. Энд өвс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж өгүүлтүгэй: “Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хөвүүд, муу бэрүүд биднийг амар унтуулахгүй юунд айлгаж байна?

Сандайлж суух орыг минь

Салбагнуулан түлхэж

Савсан гарах утаагий минь

Сацруулан муу хөвүүнээ юунд

Сандруулан хөнөөв, чи?

Хан эцэг минь чи

Хажуугийн ховч хүний

Халтай муу үгэнд

Хатгагдан юунд оров?

Хөвүүн миний тухай

Хөндлөнгийн муу хүн

Хөвсөргөн үгийг хэлж

Хөнөөн салгаж байна.

Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэдцсэн билээ?

Хорт могойн хэл

Хооронд минь хутгаж

Хов жив оруулбал

Холдож салалгүй, харин

Хоёр нүүрээр учирч

Хор хөнөөлийг тасалж байя.

Гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо эцэг минь чи хоёр нүүрээр уулзаж хэлэлцэлгүй юунд хөнөөж эхлэв?

Араат могойн шүд

Амрагийн хооронд орж

Ая эвийг эвдвэл

Ам хэлээр уулзан ярьж

Аливаа учрыг олж байя

Гэж хэлэлцсэнгүй билүү? Одоохан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгүй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цөөн боловч олноос дутахгүй, муу боловч сайнаас дорхдохгүй [чамд нөхөр түшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал үхэр түүнийг чирч чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билүү? Хоёр хүрдтэй тэрэгний нэгэн хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш билүү? Эрт өдөр Хурчахус буйруг хан эцгийн дөчин хөвүүний ах гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дүүгээ алав. Бас чиний дүү Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгээ ханд очиж амь хоргодов. Дүү нараа алав гэж Гүр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хүнавч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргийдийн Тогтоад Ужаур үжин охиноо бялдуучлан өгч, Хараун-хавчлаас гараад Есүхэй хан эцэг минь ирж: “Авга Гүр хаанаас улсыг минь аварч өг” гэж гуйсанд, Есүхэй хан эцэг минь, чиний улсыг аварч өгөхийн тул тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гүр хааныг [дарж түүнийг дөнгөж] хорт гучин хүний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч өгсөнбилээ. Тэр цагт чи Туул голы Хар шугуйд Есүхэй хан эцэгтэй анд бололцоод ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь “Энэ хүргэсэн тусыг чинь ургийн ураг хүртэл [мартахгүй] ачийг хариулахыг тэнгэр газрынг ивээл мэдтүгэй” гэж биширч хэлсэн билээ. Түүний хойно [чиний дүү] Эрх-хар, найманы Инанч Билгэ ханаас цэрэг гуй аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гүр ханыг Сарталуын нураг Чүй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэгэн жил бололгүй бас Гүр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээнийцус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хүрч ирэв, чи.Есүхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарч явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сүхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би өөрөө Хэрлэн мөрний Бүрги эргээс угтан мордож, Гүсэүр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуурт татаж өгсөн ба урьд эцэгтэй минь ард бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хөвүүн бололцсон биш билүү? Тэгээд тэр өвөл чамайг бид хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл өвөлжиж зун өнгөрөөд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сүүл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин төхүмийн зүг хөөж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хүнс тариа хүртэл цөмийг авч энэ бүгдийг би хан эцэг чамд өгсөн билээ.

Өлсөх өдөрт чинь

Өршөөж тэжээсэн би.

Өнчрөх сад чинь

Өмөглөж тэтгэсэн би

Бас бид Хүчүгүдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хөөж, Үрүнгү гол хүргэж, Хишибаши нуурт түүнийг барьж сөнөөв. Тэндээс харьж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хэн эцэг минь чи буусан газраа олон гал түлж орхиод мөн шөнө Хар сүүл голыг өсөн хөдлөв.

Бид маргааш өглөө нь үзвэл, чи буусан гзараа үгүй болсон тул “Биднийг энэ орхиосон гал мэт хаясан ажээ” гэж бид хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хүгсэү сабраг баатар нэхэж очоод Сэнгүмийн эм хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтү амсар гээдг газар байх үед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнэ авч эцэгтээ нийлэхээр Баргужин төхүмийн зүг дутаан хөдлөв. Тэр цагт чи: ”Найманы Хүгсэү сабрагт эд хөрөнгө албат иргэдээ булаагдав. Хөвүүн минь дөрвөн хүлэг баатраа явуулж тусална уу” гэж гуйсанд , би чам шиг ийм санаа агуулалгүй, даруй Боорчи Мухулай, Борохул Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дөрвөн хүлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хүрч байтал миний дөрвөн хүлэг баатар хүрэлцэн очиж Сэнгүмийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд сэлтийг аварч өгөв. Тэр цагт хан эцэг чи биширч өгүүлрүүн: “Хөвүүн Тэмүжин дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч өгөв””гэж хэлсэн билээ.

Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хүргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итүргэн хоёр элчийг томилон ирүүлж хэлтүгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хүнийг илгээвч болно” гэж илгээв.

  1. 161.    Ван хан энэ үгийг сонсоод өгүүлрүүн: “Ай халаг.

Сайн хөвүүнээсээ салж

Сайхан төрөө гутаав, би

Эрхэм хөвүүнээс хагацаж

Эвдрэх үйлийг хийв, би”

Гэж гэмшиж өгүүлрүүн: “Одоо хөвүүн (Тэмүжин)-ээ үзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгаля” гэж андгайлж чигчий хурууныхаа өндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад өчүүхэн саванд хийж “Хөвүүнд минь өг” гэж илгээв.

  1. 162.    Бас Чингис хаано, Жамуха андад хэлүүлсэн нь: “Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хан эцгийн хөх хундагаар (айраг) уух бүлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хэн эцгийн хөх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ? Гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой). Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлүүлсэн нь: “Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв үү? Мэхлэн урвах гэв үү? Хучар чамайг Нэгүн тайжийн хөвүүн тул “Чи хан бол? Гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бүхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгүй.

Бартан баатрын хөвүүээс ахмад үеийн хүмүүс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгүй]. Та нарын алин нь ч хан болохгүй тул би та нарт өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би

Өрсөх дайн болоход

Өмнө нь уулгалан яваад

Өндөр хөх тэнгэрийн

Өршөөл ивээлд орж

Өстөн дайсныг дарвал

Өнгөтэй сайн охидыг авчирч

Өөдтэй сайн морьдыг олзолж

Өндөр эзэн тандаа барих бүлгээ.

Ойн гөрөөсийг авлах цагт

Ойртуулж шахаж өгөх билээ.

Хадын гөрөөсийг авлах цагт

Хавьтуулж шахаж өгөх билээ

Гууны гөрөөсийг авлах цагь

Гуяыг нийлтэл шахаж өгөх билээ

Хээрийн гөрөөсийг авлах цагт

Хээлийг нийлтэл шахаж өгөх билээ.

Одоо тан нар хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн өгсөн цол. Энэ тухай 134 дүгээр зүйл үз)-ийн садан энэ ажээ гэж бүү хэлүүлэгтүн. Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай” гэж илгээв.

  1. 163.    Бас Чингис хаан, Тоорил дүүдээ өгүүл гэж өгүүлрүүн: “Чамайг дүү гэсний учир нь, урьд нэгэн цагт Тумбинай, Чархай, Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвүүн Сүбэхэй боол бүлгээ. Сүбэхэй боолын хөвүүн Хөхөчү-хирсаан. Хөхөчү хирсааны хөвүүн Ехэй-хонтагар бүлгээ. Ехэйхонтагарын хөвүүн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуулчлан явна? Миний улсыг Алтан Хучар хоёр хэнд ч мэдүүлэхгүй нь лавтай биз. Иймийн тул чамайг дүү гэж нэрийднэ.

Элэнцийн үеийн

Иштэй боол чамд

Эрхэмлэж хэлэх үг минь

Энэ байна.

Хуланцын үеийн

Хувьтай боол чамд

Хуурмаггүй хэлэх үг минь

Энэ байна”

гэж илгээв.

  1. 164.    Бас Чингис хаан, Сэнгүм андад өгүүл гэж өгүүлрүүн: “Би эцгийн дээлтэй төрсөн хөвүүн ажээ. Чи нүцгэн төрсөн хөвүүн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, үүнд Сэнгүм чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнүүлэхгүй зүрхийг зүдүүлэхгүй, өглөө үдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа үл тавин, хан эцгийг амьд байтал хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгүм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ” гэж явуулав. Бас өгүүлрүүн: “Надад хан эцэг, Сэнгүм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширүн, Хачиун тус бүр хоёр хүнийг элч болгож ирүүлнэ үү” гэж Архай Хасар, Сүхэхэй жэүн хоёрт энэ үгсийг цээжлүүлж илгээв. Энэ үгийг сонсоод Сэнгүм өгүүлрүүн: “Саяхан миний эцгийг хядагч өвгөн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бөөгийн сартаул хонины сүүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ үгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн үг байна. Үүнд ямар ч эргэлзэх зүйлгүй. Билгэ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун” гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сүхэхэй жэүний эм хөвүүд, Ван ханы хүрээндб айсан тул буцахаас зүрх халширч тэнд хоцров. Архай хүрч ирээд тэдний үгсийг Чингис хаанд өгүүлэв.
  2. 165.    Тэндээс Чингис хаан нүүж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоос цагаан ирж уулзаад, горлосууд дага жоров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргүнэ мөрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сэртаулын (Туркестаны) хасан гэдэг хүн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан түүнтэй уулзав.
  3. 166.    Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар өөрийн эм ба Егү Есүнхэй Туху гурван хөвүүнээ Ван ханы тэнд орхиж, өөрөө хэдэн нөхөдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангүй шир шөрмөс идэж яваад яса Чингис хаанд ирж нийлэв.

Хасарыг ирмэгц Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зөвлөлдөж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын үг гэж хэл гэж өгүүлрүүн:

“Хасар би танаас салж

Хан ахаа санаж

Хайн эрэвч

Харагдах бараагүй

Хайлан уйлавч

Сонстох чимээгүй

Хаана одсоныг мэдэхгүй

Од харан хонож

Орвон дэрлэн унтаж

(Гэргүй хонож

Дэргүй унтаж) байна.

Миний эм хөвүүд, хан эцэг чиний тэндбий. Хэрэв итгэмжтэй хүнийг илгээвэл би танд эцэгт одох билээ? Гэж хэлтүгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт өгүүлрүүн: “Та нарыг явмагц бид хөдөлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтүн” гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргүүтэн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нүүж Хэрлэний Аргал хохид ирж буув.

  1. 167.    Халиудар Чахурхан хоёр, Ван ханд хүрч, Хасарын үг гэж дээрх үгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрын үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: Тийм бол Хасар иртүгэй. “Итгэмжит хүнд Итүргэнийг илгээе” гэж явуулав. Тэрхүү Итүргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хүрч ирээд их бараа (олон хүн мал)-г үзэж Итүргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэж гйүцэвч барьж чадахгүй, өмнө хойноос арай гэж сум хүрэлцэх газар ирж, Итүргэний алтан эмээлт хар морины гуяны угийг хойш унатал харважээ. Тэгээд Итүргэнийг Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итүргэнээс үг асуусангүй. “Хасарт авч оч” гэв. Хасарт авч очвол Хасар, Итүргэнтэй үг хэлэлцсэнгүй дор нь цавчиж орхив.
  2. 168.    Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд өгүүлрүүн: “Ван хан болгоомж ажиггүй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шөнө дүлд бүчин дайръя” гэвэл (Чингис хаан) энэ үгийг зөвшөөрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргүүн явуулаад дара ань бүгдээр шөнө дүлэн явж Жэжээр өндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бүслэн авав. Гурван шөнө, гурван өдөр турш байлдаад гуравдугаар өдөр тэд бууж өгөв. Үзвэл, Ван хан Сэнгүм хоёр үгүй болжээ. Шөнө оргон одсоныг манайхан мэдсэнгүй. Ингэж байлдсан нь Жүрхиний Хадаг баатар байсан ажээ.

Хадаг баатар орж ирээд өгүүлрүүн: “Тус (өөрийн) ханаа яахин барьж алуулах гэж тэвчин ядаж, түүний амийг арчлахын тул гурван өдөр, гурван шөнө байлдав. Одоо түүнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж өгөв. Намайг үхүүлбэл үхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хүчээ өгье” гэв. Чингис хаан, Хадаг баатрын үгийг зөвшөөж зарлиг болруун: “Өөрийн ханыг орхихгүй, түүний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нөхөрлөж болох хүн байна” гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жүрхин овгийн зуун хүнийг Хуилдарын үхсэний тул Хуилдарын эм хөвүүнд зарц болгож өгөв.

Тэндээс хөвүүн үр төрвөл Хуилдарын ургийн ураг хүртэл адгаж хүчээ өгтүгэй. Охин үр төрвөл эцэг эх нь өөрийн дураар худалдаж (хадамд) өгч болохгүй. Тэдний хөвүүд охид Хуилдарын эм хөвүүдийн өмнө хойно зарагдаж явтугай” гэж соёрхон зарлигб олов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга үгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: “Хуилдарын зүтгэсний тул түүний ургийн ураг хүртэл өнчдийг тэтгэх хишгээс хүртэж яв” гэж зарлиг болов.

ВАН ХАН СӨНӨСӨН НЬ

  1. 153.    Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү Жаха хамбуд хоёр охин байсны эгч ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харьяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха хамбыг тэрэгний нөгөө арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож өршөөв.
  2. 154.    Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт олгож

“Хувьдаа зарцалж

Хундагаа бариулж

Хоромсгоо зүүлгэж

Ургийн урагт хүртэл

Удтал дархлан жаргатугай

[Та хоёр]

Алалдах дайнд явж,

Авсан олзоо цөмийг

Аминдаа ашиглаж байгтун.

Анд явж

Алсан гөрөөсөө цөмийг

Хувьдаа хэрэглэж байгтун”.

Гээд Чингис хаан бас зарлиг болруун: “Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай” гэж зарлиг болов.

Хэрэйд улсын эзэлж

Хэнд дутаалгүй

Хэсэглэж хувааж авав

Түмэн бүбэгэнийг номготгож

Түүнийг бүрнээ тасчиж

Түгээн хувааж орхив.

Олан дунгайдыг дараж

Орой болохын өмнө

Огтчин хувааж авав

Цус урсгах дуртай

Цуут жүрхийн овгийг

Цугийг хувааж эзлэв.

Хэрэйд иргэнийг сөнөөж тэр өвөл, Абжиа хүдгэр гэдэг газар өвөлжив.

  1. Ван хан Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахлын Нэхүн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хүнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, “Би Ван хан мөн” гэж хэлсэн боловч тэр ханьсангүй ба үнэмшсэнгүй, Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгүм Дидиг сахлын Нэхүн усан дээр очилгүй тойрон гарч, цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм, мориноос бууж, морио агтач Хөхөчүд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгүм, агтагч Хөхөчү, Хөхөчүгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хөхөчү, Сэнгүмийн морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал түүний эм өгүүлрүүн:

“Алттыг өмсөхөд

Амттыг идэхэд

Амраг Хөхөчү минь гэж хайрлаж

Асран санаж билээ.

Харин одоо чи

Хан Сэнгүмийг орхиж

Хаяж дутаах буюу?”

Гэж хоцрохыг завдвал, Хөхөчү өгүүлрүүн: “Чи Сэнгүмийн эхнэр болох гэв үү?” гэвэл, эм нь өгүүлрүүн: “Чи намайг нохой мэт ичгүүргүй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай үлдэг” гэвэл, Хөхөчү алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хөхөчү буцаж ирээд Чингис хаанд очи: “Сэнгүмийг тийнхүү цөлд явган хаяад ирэв” гэж ярилцсан үгээ бүрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: “Гагцхүү эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчү, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгүй хүн” гэж цавчиж алав. [Сэнгүм, Ашиг балгасыг дайрч, Түвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгүмийг барьж алсан ба эхнэр хүүхдийг Чингис хаанд хүргэж өгөв гэдэг үг байдаг. Рашид]

  1. Найманы Таян ханы эх Гүрбэсү өгүүлрүүн: “Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мөн бол бид тахья” гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шүүс өргөн, бэрээд (бэрүүд)-ээ бэрлүүлж, хуур хуурдуулж, идээ шүүс тавьж, хундага өргүүлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишглүүлэв. Үүнд Хүгсэү сабраг өгүүлрүүн: “Үхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь:

“Эр намайг өтөлсөн хойно

Эхнэрийн минь залуу байхад

Эрхт тэнгэрийн элбэрлээр

Энэ Таян төрсөн билээ.

Торлог гоо биетэй

Торомгор бор хүү минь

Ард дорд олноо

Асран захирч чадах болов уу?”

Гэж байсан билээ. Одоо

“Хар нохой муу ёроор хуцах болов.

Хатан Гүрбэсү

Хамаг хэргийг мэдэх болов

Хан Таян чи

Халшрах зөөлөн хүн байна.

Ан гөрөө хийхээс өөр, мэдэх эрдэм чадалгүй ажээ” гэвэл, Таян хан өгүүлрүүн: “Дорно зүгийн цөөн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд, тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатайа юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг ббиз. Гэтэл, газар дээр хоёрхан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хээргтэй вэ.) Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя” гэжээ. Түүнд эх Гүрбэсү нь өгүүлрүүн: “Юу хийнэ? Тэдний монголчууд

Халхлах муу үнэртэй

Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?

Холхон байвал дээр бий. Гагцхүү шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хөлий нь угаалгавал үнээ, хонь саалгаж болох мэт” гэвэл Таян хан өгүүлрүүн: “Тэд ямар боловч [хамаагүй] бид Монголд очиж хоромсого саадгийг хураан авчиръя (эзлэн авчиръя)” гэжээ.

  1. Эдгээр үгийг сонсоод Хүгсэү сабраг байтар өгүүлрүүн: “та хэтэрхий их үг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун” гэж Хүгсэү сабраг хэдийгээр ятгавч [үгийг сонссонгүй]. Төрбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь: “Энэ дорно зүгийн цөөн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя” гэж илгээжээ. Тэр үгэнд Алахуш-дигитхури өгүүлрүүн: “Би чиний баруун гар бол чадахгүй” гэж явуулаад , Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлүүлсэн нь: “найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай” гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Түлхинчэүд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар “Яах вэ?” гэж зөвлөлдвөл, олон хүн өгүүлрүүн: “Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагүй [намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]” гэвэл, Отчигин ноён өгүүрүүн: “Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх бишүү. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ. Рашид.]” гэв. Бэлгүтэй ноён өгүүлрүүн:

“Амьд яваа байтал

Алтан хоромсогоо алдвал

Амьд явсны хэрэг юун?

Нум сумаа барьсаар

Саадаг хоромсгоо дэрлэсээр

Ясаа хээр орхихоос

Эрхэм сайн үхэл

Эр хүнд байх буюу?

Ар найман улс

Агуу их нутагтай

Ард иргэн олонтой

Адуу мал баялагтйа гэж

Их сүр бадруулан

Ийм үг хэлж байна

Харин энэ далимд

Халдаж бид очвол

Нутаг усыг эзэлж

Нум сумыг булаахад

Бэрхгүй.

Одоо бид довтлон очвол

Олон адуугаа хурааж амжихгүй.

Орхиод дутаах нь магадгүй бишүү.

Орд гэрээ ачиж чаадахгүй

Хаяад зайлах нь лавтай бишүү.

Олон харяат ард нь

Ой тайгад шургалж

Осолдон самуурах биз

Одоо ийм үгийг сонссоор байж

Огт зүгээр өнгөрүүлж болохгүй

Олон даяар байлдаар мордъё” гэв.

  1. 191.   Бэлгүтэй ноёны энэ үгийг Чингис хаан зөвшөөрч, аваас буугаад Абжиа Хүдгэрээс нүүж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бүртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргүүлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби Өэлүн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби энэ зургаан чэрби түшмэлийг тэнд томилов. Цэргүүдээ арван, зуун мянган болгон хуваарилаж дуусаад, бас наян хэвтүүл (шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, үүнд мянганы ноёд, зууны ноёдын хөвүүд дүү нар ба сул ардын (чөлөөт иргэний) хөвүүд дүү нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг өршөөн дотнолж: “Мянган сайн баатрыг шилж автугай! Байлдах өдөр минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай!” гэж зарлиг болов. Бас “Далан торгуудыг Өэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зөвлөж явтугай! Гэв.
  2. 192.   Бас Чингис хаан зарлиг болруун: “хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар өдөр бүр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаад уг үүргээ нар шингэхийн урьд хэвтүүлийн хүмүүст шилжүүлж өөрсдөө агтанд гарч хонотугай! Хэвтүүлийн хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож, гэрийн тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг өглөөний хоол идмэгц ирж хэвтүүлийн хүмүүсээс үүрэг хүлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтугай! Гурван өдөр, гурван шөнө жасаалан явж дуусаад гурван шөнө (амарч) хонотугай! Хорчин нар хэвүүлийн үүргийг гүйцэтгэж сольж явтугай! Гэж зарлигб олов. Тэгээд цэргүүдээ мянга мянгаар хуваарилаж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтүүл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найманы улстай байлдахаар мордов [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дөрвөн татаар, хатахин, салжиуд аймгууд цөм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].
  3. 193.   Хулгана жил (1204) –ийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн өөд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хүрч Ханхарханы (Хангай-ханы) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харицлан тулалцаж байгаад найманы ахруулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад “Монголын агт туранхай ажээ” гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хүрч буугаад “Одоо явах вэ?” гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: “Бидний цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хүн тутам эр бүр шөнө таван анги гал түлж галаар үср бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээс гарч үзээгүй танхи хүн гэнэ. Бид галаар сүрдүүлэн тэдний гөлрүүлж байх завсар бидний агт цадахб из. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хүчинд нь хүртэл хөөж оруулаад тэдний самгардах самбаанд байлдаж орвол болох уу?” гэж дуртгавал, энэ үгийг зөвшөрч Чингис хаан зарлиг болруун: “Тийм бол галуудыг түлэгтүн” гэж цэргүүдэд тушаал тунхаглав. Цэргүүд саарь хээрт тарж буугаад амьд хүн бүр таван анги гал түлэв. Найманы харуул, Ханхарханы тэргүүнээс шөнө олон галыг үзэж “Монгол цөөн гэсэн биш билүү? Одноос олон гал ноцож байна. Гэж Таян ханд өнөөх барьсан муу эмээлтэй саарал морийг хүргүүлэв. Бас Таян ханд мэдүүлсэн нь: “Монголын цэргүүд Саарь хээрийг дүүртэл буужээ. Өдө бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Өдөр өндөр ууланд гарч байдаг болов уу? Шөнө талд од мэт олон гал ноцоож байна)” гэж илгээв.
  4. 194.   Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хүчүлүг хан хөвүүндээ хэлж илгээрүүн: “Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,

Хар муусайн монголтой

Хатгалдаж нэгэн хэлбэл

Хагацахад бэрх болно

Хацрыг жадалж байвч

Харсан нүдээ цавчдаггүй

Хар цусаа урсаж байвч

Харьж огт буцдаггүй

Хатуужил ихт монголтой

Хамаагүй байлдаж болохгүй.

Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хөдөлгөж, цэргээ засацгааж монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хүртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид өмнөөс нь довтлон оръё” гэж илгээжээ. Тэр үгийг сонсоод Хүчүлүг хан өгүүлрүүн: “Таян хан ман аанай [муусайн] эм мэт зүрх алдаж, ийм үг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна.

Жирэмсэн эмийн шээх газраас

Хол яваагүй

Жижиг тугалын бэлчих газраас

Гарч үзээгүй

Эм Таян зүрх алдаж

Энэ үгийг хэлжээ” гэж

Эцэг Таян ханыг

Элдвээр дайран доромжилж

Элч хүнээ илгээв.

Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн:

“Хүчүлүг хөвүүн чиний

Хүчирхэх бардах их боловч

Хүрэлцэн алалдах цагт

Хүнээс урьд шантрах биз.

Тэр их омгоо

Тэрс дайсанд гаргаасай!

Тэмцэж нэгэнт эхэлбэл

Зүгээр салах аргагүй”

Гэв. Тэр үгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи өгүүлрүүн: “Инанча Билгэ хан эцэг чинь

Адил зэргийн дайсанд

Араа үзүүлж яваагүй

Алалдах тулалдах өдөрт

Агтаа ухруулж үзээгүй

Билээ. Өнөө чи юунд маргаашийн төлөө зүрх алдана. Чиний ингэж зүрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх Гүрбэсийг авчирч цэрэг захируулах билүү? Хөөрхий Хүгсэү сабраг баатар өтлөөд цэргийн цааз сулрав. Монголын завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгүй хүн ажээ” гээд хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов.

  1. Түүнд Таян хан хилэгнэж өгүүлрүүн: “Үхэх амь, зовох бие бүгд нэгэн адил биз ээ. Тийм бол хатгалдъя” гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гүний зүүн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хүрч ирэхэд Чингис хааны харуул үзэж, “Найман хүрч айсуй” гэж хэл хүргэвэл үүнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: “Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн газр гарна” гээд эсрэг нь морилж (өмнөөс нь очиж) тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа

Харгана зорчлоор хатгалдаж

Нуур байрлалаар байлдаж

Цүүц хатгалдаанаар цөмөрч тулъя”

Гэлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнайд явж, Хасарт гол хүчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.

Найман, Цахир могодоос буцаж, Наху гүний өвөр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы харуулыгб идний харуул хөөж, Наху гүний өвөр байгаа гол хүчинд нь хүрч очвол Таян хан үзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: “Тэр сүрэг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа чоно мэт довтлогч ямар хүмүүс вэ?” гэвэл, Жамуха өгүүлрүүн: “Тэмүжин анд минь, дөрвөн нохойг хүний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хөөж ирэгчид тэр дөрвөн нохой биз.

Ширмэн төмөр магнайтай

Шивээ хурц хэлтэй

Ган төмөр зүрхтэй

Гадас цүүцэн хошуутай

Галзуу дөрвөн нохой,

Түмэн амьтныг хядахаар

Төмөр гинжээс мултарч

Шууд барьж идэхээр

Шунахай шүлсээ савируулж айсуй

Шүүдрээр унд хийж

Шүлсээр хоол хийж

Салхиар унаа хийж

Саадгаар нөхөр хийж явдаг

Зэв, Хубилай тэргүүтэй

Зэлмэ, Сүбэдэй дараатай

Тэмүжин андын тэжээсэн

Төр дөрвөн ноход

Тэмүүлэн хүрч ирэв”

Гэжээ. Таян хан өгүүлрүүн: “Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя” гээд хойш ухарч уул өөд өгсөв. Бас тэдний хойноос харайлан дүүлэн яваа хүмүүсийг үзэж, Таян хан, Жамухаас асууруун:

“Эрт тавьсан унага

Эхийн сүүг хөхөж

Эрхлэн давхин наадах мэт

Эрчлэн үсэрч яваа

Энэ хэдэн хүнийг

Эрхэм Жамуха мэдэх үү?”

гэвэл, Жамуха өгүүлрүүн:

“Зэвсэгт эрийг айлгаж

Зэв тоногийг булаадаг

Илдэт эрийг няцааж

Илүү дутууг булаадаг

Идэт урууд, мангуд нарбиз.

Баатар зоригт тэд

Байлдаан болох ойртсонд

Баярлан харайж явна” гэжээ.

Тэндээс Таян хан өгүүлрүүн: “Тийм бол тэр муусайнаас хол байя” гэж бас ухран уул өөд авирав. “Бас тэдний хойноос өлссөн шувуу мэт өрвөлзөн сөрвөлзөн ирэгчид хэн бэ?” гэж Таян хан асуувал, Жамуха хариу өгүүлрүүн:

“Тэр хойноос ирэгч нь

Тэмүжин анд мөн байна

Хан Тэмүжин тэр

Хамаг биедээ цөм

Шөвөг хатгах зайгүй

Шөрөг төмөр өмсч

Зүү шивэх завсаргүй

Зүймэл хуяг өмсч

Өлссөн шувуу мэт

Өрвөлзөн сөрвөлзөн айсуй.

Уурласан араатан мэт

Урагш дүүлэн айсуй.

Наймаг аймаг та нар Монголыг үзмэгц, ишигний год ч үлдээхгүй [ийш тийш хувааж эзэлнэ] гэдэг байсан биш билүү? Одоо та нар үзтүгэй” гэв. Энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн: “Ай тийм бол энэ уулын ам өөд бас авиръя” гэж уул өгсөж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув. “Бас тэр хойноос нь ирж яваа нүсэр амьтан хэн бэ?” гэвэл, Жамуха өгүүлрүүн:

“Хүндэт Өэлүн хатны

Хүний махаар тэжээсэн

Хүчин Хасар гэдэг

Хүү нь тэр мөн

Гурван бухаар зүтгүүлэвч

Гулзайхгүй хүчтэй

Гунжин үхрийг идэвч

Цадахгүй ходоодтой

Хэдэн алд биедээ

Хэлхээ хуяг өмссөн

Хэрцгий догшин Хасар

Хэн бүхнийг идэхээр айсуй!

Хоромсого саадагтай хүнийг

Ховх татаад залгихад

Хомхой тэр Хасарын

Хоолойд тордоггү йгэнэ.

Амьд хүнийг бүхлээр

Авч шүүрээд залгихад

Аюулт тэр гахйлын

Аманд тээглэхгүй гэнэ.

Уур нь их хүрч

Урдах сумаа шүүрч

Ухасхийн харвахад

Уулын цаадах хүмүүс ч

Уул суманд оногдож

Ундуй сундуй үхэцгээнэ

Хилэн нь их хүрч

Хийсвэр сумаа шүүрч

Хийн зүг харвахад

Хярын цаадах хүмүүс ч

Хяргах тэр суманд

Хядагдаж олноор үхэцгээнэ.

Их дэлж харвавал

Есөн зуун алд газар харвадаг

Татуу дэлж харвавал

Таван зуун алд газар харвадаг

Хүнтэй адил хүн биш

Хүнийг идэх мангас

Хүчит Хасар тэр

Хүрч ирж явна”

Гэвэл, Таян хан өгүүлрүүн: “Тийм бол өндөр ууланд хоргодъё, дээш авиртугай” гэж уул өөд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Түүний хойно ирж яваа хэн бэ? Гэвэл, Жамуха өгүүлрүүн:

“Өэлүн эхийн отгон хүү

Өнөөх Отчигин тэр мөн.

Эрхэмсэг танхи учраас

Эрт унтдаг боловч

Эрэлхэг зоригтой хүн

Отгон хөвүүн учраас

Орой босдог бловч

Омог чадалтай эр

Байлдаан үймээн болоход

Байрандаа хоцордоггүй

Баатар Отчигин тэр явна”

Гэвэл, “Тийм бол уулын оргил дээр гаръя” гэж Таян хан хэлэв.

  1. 196.         Жамуха, Таян ханд ийм үгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн нь:

“Таян хан чамаас айж

Тайга ууланд шургаж оров.

Ухаан алдтал айгаад тэр

Ууланд хоргодон авирч байна.

Тэмүжин чи хатуужиж хичээ

Тэд сандран дутааж байна.

Эдний царайг ажиж харахад

Эсэргүүцэх чадалгүй болжээ.

Би нөхдийн хамт найманаас хагацав” гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө найманууд буруулан дутаах гээд Наху гүний уулан дээрэс халтиран унаж, нурсан түлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж үхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хүнд шархтсан тул даруй үхэв Рашид]. Хүчүлүг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж, Тамир гол хүрч нэхсэн цэрэгт гүйцэгдээд хүрээ бэхлэлтийг барьж байлдсан болов бас тэрвэрлэсэнгүй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтан өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зүг дутаав] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд, дөрвэн, тайчууд хонгирад тэргүүтэн аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гүрбэсү хатныг Чингис хаан авчруулж өгүүлрүүн: “Чи Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг билүү? Чи одоо юунд ирэв?” гэж түүнийг Чингис хаан өөрөө авлаа. [Таяаны аймгаас нэг хүн дутаав. Хасар түүнийг амьдаар барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл, өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: “Танай олон аймаг цэрэг цөм маныг дагаж байхад, чи энэ юмыг өвөрлөж хааш одно?” гэвэл, тэр хүн өгүүлрүүн: “Миний бие, тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав.”. Хасар өгүүлрүүн: “Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ?” Тэр хүн өгүүлрүүн: “Би язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ”. Хасар бас асууруун: “Энэ тамгыг юунд хэрэглэнэ”? Тататунга өгүүлрүүн: “Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ” гэвэл, Хасар сайшаах шударга элбэрэлт хүн гэж Тэмүжинд мэдүүлж, алиава бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхүү Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл бичиг утга заалгаж удалгүй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бүлэгт бий].

  1. 197.         Мөн хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хөөж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвүүн ба цөөн хүнийг авч дтуааж одов [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хөвүүн Өгэдэйд өгөв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Үсүн гэгч хүн [байлдах саналгүй гэж] өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цээрг саатуулах утл Бааридайн Наяа ноёнд Дайр-Үсүн учирч өгүүлрүүн: “Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна” гэвэл, наяа ноён өгүүлрүүн: “Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хүлээ” гэж дуртгаж хүлээлгэв. Тэндээс Ная ноён Дайр-Үсүн хёор, Хуланыг авч Чингис хаанд хүргэв. Хуланыг Наян ноён гэртээ гурва хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж “Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?” гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, хулан өгүүлрүүн: “Надад Наяа ноёны хэлсэн нь: “Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуург цэргүүд самуурах болзошгүй” гэж бид засврын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Хай энэ Наяатай учирсан минь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй” гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн:

“Хамаг олны эзэн

Хаан Чингис чамайг

Хайрлаж хүндлэхээс өөр

Хар санал надад үгүй.

Харь улсаас олзолсон

Хацар гоо хатад ба

Хатиртай сайн морьдыг

Хаан чиний юм гэж

Халдалгүй харж

Хавиралгүй сахидагб илээ.

Үүнээс өөр сэтгэлийг

Үнэхээр санасан буюу

Үйлдсэн зүйл байвал

Үхэхэд надад гомдолгүй”.

Гэжээ. Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны үг бас үнэн болсон тул “Үнэн үгтэй шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая””гэж өршөөж соёрхов.

SHARE