М.Энхболдын нэр төрийг сэргээж, Ц.Сандуйг эргүүлэн сонгож, А.Ганбаатарыг Хотын дарга болгоё

60 тэрбумын бичлэгийн асуудал дахин сөхөгдлөө. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг нар энэ асуудлаар байр сууриа илэрхийлцгээгээд байна. Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудалд орооцолдсон М.Энхболдыг УИХ-ын дарга байх эрхгүй гэсэн нь энэ маргааныг өдөөхөд хүргэсэн юм.

Одоогийн байдлаар ингэж мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хурлаар орж, хэвлэлээр гөвүүлж, бас УИХ-ын даргын зөвлөхөд няцаалгаж, үндсэндээ дийлдэх маягтай байна. Мөн АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг 60 тэрбумын асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж, прокурор энэ хэргийг хаасан байдаг.

Гэвч олон түмэн одоог хүртэл Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй адилхан байр суурьтай байгаа нт тодорхой харагддаг. Үүний зэрэгцээ анхаарал татсан нэг юм бий. Хэрвээ 60 тэрбумын бичлэг огт гэм зэмгүй яриа байгаад, энэ нь бас эвлүүлэг байсан юм бол УИХ-ын дарга М.Энхболд яагаад нэр төрөө сэргээж, түүнийгээ олон нийтэд мэдээлэхгүй байна вэ.

Түүнчлэн НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй яагаад хариуцлага хүлээж огцорсон бэ. 60 тэрбумын хэмээх А.Ганбаатарыг яагаад сонгуулийн дараа Нийслэлийн Засаг дарга болгох тохироо хэрэгжсэнгүй вэ. Ерөөс энэ гурван эрхэм хэлмэгдээд яваад байгаа юм биш үү гэх олон асуулт тавигдана. Тийм учраас М.Энхболдын нэр төрийг сэргээж, Ц.Сандуйг эргүүлэн сонгож, А.Ганбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилох хэрэгтэй.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE