Гадаад хэл сурах 10 дүрэм

Унгарын орчуулагч, алдарт зохиолч Като Ломб 16 хэл мэддэг байжээ. Тэр бараг бүх хэлийг  бие даан өөрөө сурсан байна. Бүр 80 настай байхдаа иврит хэл судалж байсан аж.

Ингээд алдарт Като Ломбын гадаад хэл сурах 10 зөвлөгөөг хүргэж байна.
1.  Сурч байгаа хэлээ өдөр бүр давтах хэрэгтэй. Хичнээн цаг завгүй байсан ч ядаж 10 минутыг хэл сурахад зарцуулахыг хичээ. Ялангуяа өглөөгүүр гадаад хэл үзэх хамгийн сайн.
2. Хэл сурах хүсэл буурсан ч, амархан хаях хэрэггүй. Ямар нэгэн аргаар цааш нь үргэлжлүүлэхийг оролд. Тухайлбал: Сурах бичгээ түр хойш тавьж радио сонс, словарь эргүүл, ном унш. Үйл явдлыг бүү яаруул.
3. Үгийг нэг нэгээр цээжлэхгүй байх. Сэдвийн дагуу өгүүлбэр, текстээр цээжилж тогтоовол зохино.
4. Олон хувилбараар ашиглах боломжтой түгээмэл өгүүлбэр, “бэлэн үг хэллэг”-ийг хаа тааралдсан газраа ямар нэг тусгай хуваарь, төлөвлөгөөгүйгээр бичиж аван тогтоож бай.
5. Нүдэнд үзэгдсэн, замд таарсан бүхнийг бодол санаандаа орчуулах гэж оролд. Жишээ нь хаяг, зар сурталчилгааны самбар, зарлал, санамсаргүй сонссон хүмүүсийн яриа. Энэ бол амралт, бүр таны ядарсан толгойд ч амралт болно.
6. Зөвхөн багшийн засч залруулсан зүйлийг бат нот цээжил. Дасгал ажилласнаа багшдаа үзүүлээгүй бол дахин дахин унших хэрэггүй, алдаатай байж магад. Яагаад гэвэл олон удаа унших үед текстээ алдаатай чигээр нь тогтоох аюултай. Хэрэв та ганцаар хичээллэдэг бол зөвхөн зөв гэдэгт итгэлтэй бүхнээ цээжилж занш.
7. Өвөрмөц болон хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үгсийг хуулж бичин төлөөний 1-р биеэр ганц тоон дээр тогтоож авах хэрэгтэй. Жишээ нь: I am only pulling your leg (Би зүгээр л чамаар даажигнаж байна).
8. Гадаад хэл бол цайз, түүнийг тал бүрээс нь нэгэн зэрэг халдан довтол. Гадаад хэл дээр ном сонин сэтгүүл унш, радио сонс, орчуулгагүй кино үз, гадаад хэлээр явагддаг лекцэнд суу, сурах бичиг дээр ажилла, захиа мессежээр харилц, тухайн хэл мэддэг найз нөхөдтэйгээ тогтмол уулзаж ярилц.
9. Сурч байгаа хэлээрээ ярихаас айж эмээх хэрэггүй. Алдаа гаргахаас бүү зов, харин алдааг минь засч өгөөч гэж бусдаас хүсч байгаарай. Хамгийн гол нь таны алдааг засч залруулах үед гомдож урам хугарч болохгүй.
10. Юу ч болсон заавал зорилгодоо хүрнэ гэж дотроо шийд. Өөрийгөө мохошгүй зоригтой, хэл сурах ер бусын авьяастай гэдэгт бат итгүүл. Хэрэв та үүнд итгэл алдарсан бол “Гадаад хэл сурах мэт өчүүхэн зүйлийг чадах хангалттай ухаантай хүн” гэж өөрийгөө зоригжуул. Үүний дараа ч сэтгэл санаагаар унаж материалаа өөрийн болгож чадахгүй бол сурах бичгээ харааж зүх. Яагаад гэвэл төгс сурах бичиг гэж байдаггүй. Толь бичгээ ч хараа, яагаад гэвэл бүгдийг багтаасан толь ч байхгүй. Эцсийн бүлэгт наад сурч байгаа хэлээ хараан зүх. Яагаад гэвэл бүх хэл хэцүү, тэдгээрээс хамгийн хэцүү нь таны төрөлх хэл. Ингээд л та урагшилна!

Като Ломб хэл сурах энгийн ийм томёо гаргажээ

зарцуулсан цаг + сонирхол = үр дүн
Үүнийг арай тодруулбал: зарцуулсан цаг + сонирхол /ичих (алдаа хийхээс айх айдас) = үр дүн

Эх сурвалж: elselt.mn

SHARE