Нярайн шарлалтыг тоолгүй орхивол тархины саажих аюултай

Сүүлийн үед манай улсад нярай хүүхдийн шарлалт удаан хугацаагаар үргэлжилж, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа билээ. Энэ удаад бид нярайн шарлалтын тухай товч танилцуулъя.
Нярайн шарлалт нь цусан дах билирубины түвшин нэмэгдсэнээс үүсдэг. Ураг эхийн хэвлийд байхад цусны улаан эсээс үүссэн билирубин элгээр дамжин шүүгдэж хүүхдийн өтгөнтэй хамт гадагшилснаар шарлалт дуусдаг. Билирубины түвшин нэмэгдсэнээр хүүхдийн арьс салст, нүдний склер, гарын алга, хөлийн ул шарлахыг бид энгийн нүдээр ч харж чаддаг шүү дээ.

ШАЛТГААН:

Хүүхэд эхийн хэвлийд байхад ихэс ургийн биед байгаа илүүдэл билирубиныг гадагшлуулдаг. Харин төрсний дараа хүүхдийн элэг энэхүү үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үйл ажиллагааг элэг бүрэн гүйцэтгэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг. Үүнийг физиологийн шарлалт гэнэ. Эрүүл хүүхдийн шарлалт 2-3 дахь хоногоос эхэлж 10 хоногийн дараа арилдаг.
Дараах 2 хэлбэрийн шарлалт нь хүүхдэд аюулгүй юм.
 Эхийн хөхөнд сүү сайн орохгүй байснаас хүүхдэд шарлалт харьцангуй удаан явагдаж болно. Энэ тохиолдолд хөхөнд сүү орсноор хүүхдийн шарлалт хурдан арилдаг.
 Хөхний сүүний шарлалт гэсэн ойлголт байдаг. Энэ нь зарим эрүүл нярай хүүхдэд тохиолддог. Хөхөөр хооллож байгаа хүүхдэд амьдралын эхний 7 хоногтойд шарлалт явагдаж 2,3 дахь долоо хоногт шарлалт ихэсч, сарын дотор аажим багассаар арилдаг.
ШАРЛАЛТ УДААН ЯВАГДАХ , ШАРЛАЛТЫН ЯВЦ ХҮНД БОЛ ДАРААХ ЭМГЭГ БАЙЖ БОЛОХ ТАЛТАЙ

 Эх хүүхдийн цусны резус үл тохироо
 Төрөлтийн хүндрэлээс шалтгаалсан цефалогематом
 Цусан дах улаан эсийн тоо олшрох. Энэ нь дутуу төрсөн нярай болон ихэр хүүхдүүдэд түгээмэл тохиолддог шалтгаан юм.
 Халдвар “TORCH”
 Зарим ферментийн дутагдал
 Зарим эмийн нөлөө
 Элэг , цөсний замын эмгэгүүд
 Хүчилтөрөгчийн дутмагшил
 Удамшлын өвчнүүд, гаж хөгжил
ШИНЖ ТЭМДЭГ

Шарлалт нүүрнээс эхэлж хүзүү, цээж, хэвлий, хөл , хөлийн ул хүртэл тархдаг.
Толгойноос хөл рүү чиглэлтэй шарлана.
Хүүхдийн нүдний шарлалт ажиглагдана.
Хүүхдийн уланд шарлалтыг үнэлэх техникээр шарлалтыг тодорхойлж болно. Шалгахдаа тасалгааны гэрэлд бус нарны гэрэлд дээрх шинж тэмдгүүд байгаа эсэхийг шалгана. Арьс болон арьсан доорхи өөхөн эдийн өнгийг хувиртал арьсан дээр хуруугаараа зөөлөн дарна. Хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгаа эсэхийг ажиглана. Хэрвээ хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгаж үзээрэй.

ЭМЧИД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь хэт их шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 2-оос дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

ОНОШЛОГОО

Эмч нар ихэвчлэн тусгай багажийн тусламжтай нийт билирубины хэмжээг арьсанд нь хүргэх замаар оношлодог.
Шаардлагатай тохиолдолд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, кумбсын сорил, ретиукулоцитыг тоолох шинжилгээ хийдэг.

ЭМЧИЛГЭЭ

Физиологийн шарлалтад эмчилгээ шаардлагагүй.
Эмчилгээ шаардлагатай эсэх нь доорх хүчин зүйлсээс хамааралтай. Үүнд :
 Хүүхдийн билирубины түвшин
 Билирубины түвшин хэр хурдан нэмэгдэж байгаа
 Дутуу төрөлт
 Хүүхэд хэдэн хоногтой буюу настай
 Хүүхдийн цусан дах билирубины түвшин маш өндөр бөгөөд хурдацтай ихэсч байгаа тохиолдолд эмчилгээ шаардлагатай.
 Хүүхдийг өдөрт олон удаа буюу дор хаяж 12-оос дээш удаа хөхүүлэх. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж баастай билирубиныг гадагшлуулах хэрэгтэй.
 Ховор тохиолдолд билирубины түвшин өндөр байсаар байгаа тохиолдолд судсаар шингэн сэлбэх эмчилгээ хийдэг.
 Билирубины түвшин өндөр байгаа нярай хүүхдүүдэд фото эмчилгээ хийгддэг. Энэхүү эмчилгээ нь арьсан дах билирубины хэмжээг бууруулдаг.
 Хөх гэрэлтэй тусгай зориулалтын ор, хувцас, чийдэн гэх мэт олон төрлийн багаж байдаг. Фото эмчилгээнд орох үед дулаахан , тохиромжтой, тогтмол температуртай байна.
 Хүүхэд нүцгэн байх бөгөөд зөвхөн Нүдийг хамгаалах зорилгоор нүдний хаалттай, памперс зүүсэн байна.
 Хүүхдийг фото эмчилгээнд орж байх өдрүүдэд хөхөөр хооллох нь чухал юм.
 Хэрвээ хүүхдийн билирубины түвшин тийм ч өндөр биш бол гэрийн нөхцөлд хөх гэрэл гаргадаг чийдэнгээр эсвэл эгц дээрээс тусч байгаа нарны гэрлээр шарж болно. Энэ үед хүүхдээ ойр ойрхон хөхүүлж байх шаардлагатай юм.

ШАРЛАЛТ НЬ ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?

Ихэнх эрүүл хүүхдийн шарлалт 1-2 долоо хоногийн дараа ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрөө аяндаа арилдаг.
Билирубины хэмжээ маш өндөр байх нь хүүхдийн тархийг гэмтээдэг.
 Тархины саа
 Дүлийрэл
 Энцефалопатия хэмээх хүнд өвчтэй болгож болзошгүй тул хүүхдийн шарлалт 14 хоногоос удаан үргэлжлэх нь аюултай тул мэргэжлийн эмчид үзүүлж байх нь тун чухал юм.

Эцэст нь хэлэхэд хүүхэд гэдэг эцэг эхийн 100% хайр халамж, энхрийллийг цаг үргэлж шаарддаг бурхны бэлэг юм шүү. Таны гэр бүлд аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсье.

SHARE