“Хишиг арвин индустриал” дахиад шалгарчихав уу, Б.Ганхуяг захирал аа?!

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Хишиг арвин индустриал” компаниудын “нөхөрлөл” цөөнгүй жилийн түүхтэй.
Энэ нөхөрлөлийн цаана чухам юу нуугдаад байдаг нь эргэлзээтэй.
Тун саяхан ШӨХТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Хишиг арвин индустриал” ХХК-д давуу эрх олгож хамтран ажилладаг байсныг тогтоосон гэх мэдээлэл түгээд байна.

Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хэд хоногийн өмнө “…”Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн хооронд байгуулсан уулын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр албан ёсоор дууссан бөгөөд Цанхийн баруун уурхайн дараагийн гэрээт олборлогч шалгарч, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд уурхай түр зогсолт хийж байгаа болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд аливаа ажил үйлчилгээ худалдан авалт нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн хүрээнд явагддаг болохыг мэдэгдэж байна.

Компанийн хэмжээнд явагдаж буй сонгон шалгаруулалтууд бүгд нээлттэй ил тод явагддаг тул Цанхийн баруун уурхайн сонгон шалгаруулалт нь мөн энэ зарчмын дагуу явагдаж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Тус сонгон шалгаруулалтын ажлын даалгавар нь холбогдох тооцоо судалгаанд үндэслэн гүйцэтгэсэн бөгөөд жилд 28 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэхэд шаардлагатай уулын үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийг тусгаснаас гадна сонирхсон этгээд дангаар болон хамтарч оролцох эрх нь нээлттэй байгаа болно” гэсэн мэдэгдэл хийсэн.
Тиймээс энэ жилийн сонгон шалгаруулалтын дүнг харах нь зүйтэй болов уу. Гэхдээ энэ цаг мөчид өнөөх “Хишиг арвин индустриал” шалгараад байж магадгүй гэнэ. Үгүй байлгүй дээ Б.Ганхуяг захирал аа!
Яагаад гэвэл та бол “Эрдэнэс Тавантолгой”-н шинэхэн захирал, тиймээс өөрийнхөө толгойгоор ажиллах хэрэгтэй. Бас энэ мэтийг таслан зогсоо гэж таныг томилсон гэдгийг байнга санаж яв!

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE