Эрх баригчид “тал еэвэн”-дчихгүй бол Н.Энхбаяр эрхэм гишүүн болно

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Байнгын хороо өнөөдөр /2018.6.13./ хэлэлцээд 90.9 хувийн саналаар дэмжлээ. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар л Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхгүй гэсэн санал өгсөн юм. Ингэснээр энэ асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх нь тодорхой болж байна.

Өөрөөр хэлбэл, Хэнтийд нөхөн сонгууль зарлах нөхцөл бүрдэв. Энэ нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших хүн байхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзсан болохоор өөр нэр дэвшигч тодрох аргагүй болж байгаа юм.

Эрх баригч намаас нэр дэвшигч тодрохгүй байгаа нь тус тойрогт МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр эртнээс зэхсэнтэй холбоотой. Нөхөн сонгууль зарлагддаг л юм бол Н.Энхбаяр нэр дэвшинэ. Н.Энхбаяр нэр дэвшдэг л юм бол сонгогдоно гэдэг тодорхой болчихсон гээд байгаа. Н.Энхбаярын ээж нь Хэнтийн Дадал сумынх. Тиймээс хар багаасаа Хэнтийгээр “гүйдэлтэй” байсан хүн.

Н.Энхбаяраас гадна Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар АН-аас нэр дэвшиж орж ирнэ. Ж.Оюунбаатар бас л МАН-ынхныг айлгах нэр дэвшигч. 2016 оны сонгуульд өөртөө хэт бардаж яваад унасан гэдгийг нутгийнхан хэлдэг. Ж.Оюунбаатарын унаган нутаг нь Хэнтий аймгийн Батноров сум. Аймгийнхаа МХЗЭ-д залуудаа ажиллаж явсан. Сүүлд аймгийн Засаг даргаар дөрвөн жил нэртэй, төртэй ажилласан намтартай.

Ингээд ирэхээр эрх баригчид энэ хоёр эрхмийн хаагуур нь гарч сонгогдох вэ гэдэг гарцгүй болж байгаа хэрэг. Тэгэхээр нэг нөхрийн азыг үзүүлж таарах биз.

Нөгөөтэйгүүр МАН дотооддоо ихээхэн зөрчилтэй байгаа. Энэ зөрчил нь Хэнтийн нөхөн сонгуулийн сурагаар сэргэж байх шиг байна.

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригийн хурлаараа Д.Гантулгын өргөдлийг хэлэлцсэн байна. Тэр үеэр 32-ын бүлгийнхэн нь “Хэнтийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд, намын дарга та өрсөлд” гэж янзыг нь үзсэн гэх яриа гадуур явна. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хангалттай “давхар дээл”-тэй байгаа. 2020 оныг хүртэл сонгуульд нэр дэвших талаар юм ярихгүй” гэсэн байна. 32-ын бүлгийнхэн ингэдэг нь намын даргыгаа Н.Энхбаярын аманд “хаяж” өгөх санаатай байсан гэлцэж байгаа юм.

Үүнээс гадна 32-ын бүлгийн энэ сэргэлт нь саяхан шоронгоос гарсан С.Баярын үүрэгтэй холбоотой байж мэдэхээр байгаа. У.Хүрэлсүхэд үхтлээ гомдсон С.Баяр “Засгийн газрыг унагаа” гэдэг чиглэл өгсөн тухай мэдээлэл тараад хэд хонож байна. Энэ ч үнэн байж магадгүй нь 32-ын бүлгийг хөдөлгөөнөөс тодорхой харагдах болсон. Учир нь 32-ын бүлгийнхэн дотоодын хурал дээрээ ингэж намын даргаа даапаалахаас гадна ажлын хэсэг гаргаад АН-ынхантай уулзаж эхэлсэн гэх мэдээлэл бас байна. Мэдээж хэрэг, энэ бүхний ард Засгийн газрыг хамжиж унагах асуудал яригдаж байгаа нь тодорхой юм.

МАН- асуудал ингэж өрнөж байна. Гэрээ шатаагаад ч хамаагүй жоомоо устгана гэдэг шиг л үзэж тарж байна.

Гэхдээ энэ нөхөн сонгуулийн хувь заяа өөр тийшээ эргэхийг үгүйсгэхээргүй нэг явдал болоод байна. Тэр нь Ерөнхийлөгчийн өнөөдрийн хоригтой холбоотой. Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг түрүүлээд хэлэлцчихвэл Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх биш түдгэлзэх болно. Тэгэхээр нөхөн сонгууль байхгүй болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, эрх баригчид  Н.Энхбаярыг УИХ-д оруулж ирэхгүйн тулд ийм “тал еэвэн”-гийн үлгэрийг хэрэгжүүлж магадгүй юм. Хэрвээ Н.Энхбаяр УИХ-д орж ирээд суучихвал МАН-ынхан ч, АН-ынхан ч одоогийнх шигээ зоргоороо ярьж, дуугарч, хөдөлж чадахгүй болно гэдгийг учир нэлээд сайн мэдэх хүмүүс яриад л байгаа юм. Энэ үнэн байж мэднэ.

Монголын улс төрийн ойрын хэдэн өдрийн тойм мэдээ гэвэл иймэрхүү л байна даа.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 

 

хуваалцах