“Эрдэнэс Тавантолгой ХК нь “Хишиг арвин индустриал” ХХК-д давуу эрх олгож, шударга өрсөлдөөнийг хааж байсныг тогтоожээ

Манай мэдээллийн сайт өмнө нь гэрээ нь дууссан “Хишиг арвин индустриал” компани “Эрдэнэс Тавантолгой”-н талбай дээр ажилласаар байгаа тухай мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан Эрдэнэс Тавантолгой ХК-иас тайлбар мэдэгдэл гаргажээ. Түүндээ “…Тус сайт нь тодорхой эх сурвалжгүйгээр бодит бус мэдээлэл бэлтгэн олон нийтийн хэрэгслээр цацсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн хооронд байгуулсан уулын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр албан ёсоор дууссан бөгөөд Цанхийн баруун уурхайн дараагийн гэрээт олборлогч шалгарч, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд уурхай түр зогсолт хийж байгаа болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд аливаа ажил үйлчилгээ худалдан авалт нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн хүрээнд явагддаг болохыг мэдэгдэж байна.Компанийн хэмжээнд явагдаж буй сонгон шалгаруулалтууд бүгд нээлттэй ил тод явагддаг тул Цанхийн баруун уурхайн сонгон шалгаруулалт нь мөн энэ зарчмын дагуу явагдаж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Тус сонгон шалгаруулалтын ажлын даалгавар нь холбогдох тооцоо судалгаанд үндэслэн гүйцэтгэсэн бөгөөд жилд 28 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэхэд шаардлагатай уулын үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийг тусгаснаас гадна сонирхсон этгээд дангаар болон хамтарч оролцох эрх нь нээлттэй байгаа болно” гэсэн байна.

Тэгвэл бидний мэдээлэлд дурдагдсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс огт тайлбар хийхгүй байгаа “…тус компанийн тендерийн шаардлага 90 ТН-ЫН 40 САМОСВАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ гэх зэргээр “Хишиг арвин индустриал”-д зориулагддаг уу гэдэг асуудал бас босч ирээд байна. Учир нь 90 тн-ын 40 самосвалтай компани Монголд бараг л байдаггүй аж. …Гэхдээ томилогдоод бас ч гэж удчихаж байгаа, энэ тендерийн тэнцвэргүй шаардлага, шалгаруулалтын талаар маш сайн мэддэг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг таг дуугүй суугаад байгаа нь хачирхалтай байгаа юм. Нөгөөтэйгүүр тус компанийнхан ч ажил хариуцсан нөхдүүд, албан тушаалтнуудтай учраа олоод сурчихсан бололтой юм” гэснийг төрийн хяналт шалгалтын байгууллагууд тогтоогоод эхэлжээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ийм маягаар “Хишиг арвин индустриал” ХХК-д давуу эрх олгож, шударга өрсөлдөөнийг хааж байсан нь албаны ёсоор тогтогдсон байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 

 

Эх сурвалж: news1.mn Д.БАТ-ОЧИР

хуваалцах