Хүүхдийн паркийн газарт биш тоглоомонд анхаарахгүй бол хүний аминд хүрэх нь ээ, Д.Баясгалан захирал аа!

 

-Хүүхдийн паркийн “сансрын хөлөг” унаж, дөрвөн хүүхэд бэртлээ-

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “сансрын хөлөг” хэмээх тоглоом өнөөдөр 15:00 цагийн үед унасан байна. Энэхүү “сансрын хөлөг” нь агаарт нэлээд өндөрт эргэлддэг, хэт бага насны хүүхдэд “хориотой” тоглоом юм.

Тухайн үед дотор нь хүүхдүүд суугаад тоглож байжээ. Энэ үед уг тоглоом  хугарч доош унасан байна. Үүний улмаас дөрвөн хүүхэд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа, хоёр нь хөнгөн гэмтсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

15:13 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст “…Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансрын хөлөг” гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газарт очиж ажиллажээ.

Бидний Хүүхдийн парк хэмээн нэрийддэг энэхүү Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулсан. Хүүхдийн парк нь хотын төвд дунд байрладаг, 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5,6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбай юм.

Паркийн анхны даргаар С.Дашдэндэвийг 1965-1971 он хүртэл томилон ажиллуулж байжээ. Паркийг барьж байгуулахад 70 гаруй мянган хүн өдрийн ажил хийж, 10 шахам сая төгрөгийн барилга, байгууламж барьж босгосны 50 шахам хувийг дан залуучууд, олон нийтийн хүчээр барьсан байдаг юм байна. Паркийг 1966 онд нээгээд өргөтгөж бүтээн байгуулах ажил 1969 он хүртэл үргэлжлэн хийгдсэн байна

Паркийг 1966 онд анх нээх үед 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2,8 км зам МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна.

1979 оны намраас 1,8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж 1980 онд ашиглалтад оруулсны дээр, улсын хөрөнгө оруулалтаар 1981-1983 онд ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, Сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аялалын галт тэрэг, далайчин зэрэг 124,0 мянган төгрөгний үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцион, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж, хөдөлмөрчид, хүүхэд залуучуудад үйлчилдэг болсон байна.

1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэх өрөө, дэлгүүр, монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр гоёл, чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ.

Хүүхдийн дарк 1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” гэдэг нэртэй болсон байна.

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг Нийслэлийн Засаг Даргын 2005 оны 09-р сарын 26-ны өдрийн 397 дугаар захирамжаар татан буулгасан байна.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 09-р сарын 21-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гаргасан байна.

2005 онд “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК болон нэр нь өөрчлөгдсөн. Одоогоор Хүүхдийн паркад

  1. Тойрог зам
  2. Агаарын дугуй
  3. Алсыг харагч
  4. Аймшигийн байшин
  5. Галзуу хулгана
  6. Гинжит
  7. Динозавр
  8. Далайн дээрэмчний хөлөг онгоц
  9. Завь
  10. Морин тойруулга
  11. Уран жолоодлогын машин
  12. Мэлхий үсрэлт
  13. Сансрын хөлөг
  14. Саран савлуур
  15. Эргэдэг дельфин
  16. 3D кино үзвэр
  17. Co kart буюу галзуу хурд
  18. Бага насны хүүхийн тоглоомууд / галт тэрэг. алсыг харагч.хөгжилтэй баавгай.буутай машин/ зэрэг тоглоомууд бий.

“Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК нь “Бодь” группийн охин компани. Гэвч “Бодь групп”-ийнхэн хоорондоо маргаж Д.Баясгалан, Лу.Болд нар “салсан” байдаг. Улмаар шүүхдэлцэж “Бодь групп”-ийн нэрийг хэн нь ч ашиглахаа больсон юм. Харин “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК буюу Хүүхдийн парк нь “Голомт”-ын Д.Баясгаланд үлдсэн байдаг.

Олон нийтийн дунд Хүүхдийн паркийн тоглоомын насжилт, аюулгүй байдлын талаар яригдсаар ирсэн. Гэвч эзэд нь тэр талаар төдийлэн арга хэмжээ авалгүй газрын хэмжээ дамжаандаа ач холбогдол өгсөөр ирсэн гэж шүүмжилдэг юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE