Гэрээ нь дууссан “Хишиг арвин индустриал” компани “Эрдэнэс Тавантолгой”-н талбай дээр ажилласаар байна

“Эрдэнэс Тавантолгой”-д 2012 оноос хойш дархан эрхээ тогтоосон “Хишиг арвин индустриал” гэдэг компанийн нэр ойр ойрхон дуулддаг боллоо. Тус компанийн ард нөлөө бүхий улстөрч байдаг.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”-д хөрс хуулалт, бусад иймэрхүү ажлыг эднийх л авдаг болсон гэж хэвлэлүүд бичиж байна. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н тендерийн шаардлага 90 ТН-ЫН 40 САМОСВАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ гэх зэргээр “Хишиг арвин индустриал”-д зориулагддаг уу гэдэг асуудал бас босч ирээд байна.

Учир нь 90 тн-ын 40 самосвалтай компани Монголд бараг л байдаггүй аж. Түүнчлэн энэ компанитай холбоотой нэгэн мэдээлэл байна. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамгийн сүүлд 2017 оны гуравдугаар сард гэрээ байгуулжээ. Гэрээ нь энэ оны гуравдугаар сард буюу гурван сарын өмнө дуусчихсан гэсэн үг. Гэтэл “Хишиг арвин индустриал” компани “Эрдэнэс Тавантолгой”-н талбай дээр өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа аж.

Тэдний хийдэг ажлын хөлсийг мөнгөн дүнгээр тооцвол хэдэн зуун саяар яригдана. Ер нь бол Монголд хамгийн өндөр дүнтэй мөнгөний ажил хийдэг компани нь энэхүү “Хишиг арвин индустриал” компани болоод байгаа гэж бас бичиж, ярьж байгаа. Тэгэхээр гэрээ нь дуусчихаад байхад ажиллаад байна гэдэг бас л ноцтой асуудал. Цаана нь маш том дэмжлэг байна гэсэн үг.

Гэхдээ томилогдоод бас ч гэж удчихаж байгаа, энэ тендерийн тэнцвэргүй шаардлага, шалгаруулалтын талаар маш сайн мэддэг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг таг дуугүй суугаад байгаа нь хачирхалтай байгаа юм. Нөгөөтэйгүүр тус компанийнхан ч ажил хариуцсан нөхдүүд, албан тушаалтнуудтай учраа олоод сурчихсан бололтой юм.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: news1.mn Д.БАТ-ОЧИР

хуваалцах