Ким Жон Ун Трамптай уулзахаар Сингапурыг зорилоо

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр Сингапурыг зорилоо.

Yonhap News Agency-гийн мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтнуудын нислэгт зориулсан Хятадын агаарын тээврийн онгоцоор хөөрсөн гэнэ. Онгоц Пхеньянаас 08:30 цагт хөөрсөн аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Канадын Квебек хотод болж буй “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг түрүүлж орхин, Сингапурыг зорин нисчээ.

БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт нөгөөдөр буюу энэ сарын 12-нд Сентоза аралд болох ёстой. Трампын хэлж буйгаар хэлэлцээрээс хүлээж буй үр дүн бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал гэнэ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Америкийн тэргүүнээ Америк-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтад бүхий л амьдралынхаа турш бэлтгэсэн нэгэн гэжээ.

SHARE