Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн байраар орж, эцсийн бүтээгдэхүүн болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг үзэв. Үйлдвэрийн захирал А.Ганбилэгийн танилцуулснаар үйлдвэр нь арьс ширний салбарт олгосон зээлийн үр өгөөжөөр дотоодын цэрэг, цагдаагийн хувцас, гутал үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн ямааны арьсаар гутлын дотор, бээлий, хувцасны бэлэн савхи, үхэр сарлагийн арьсаар эмээлийн гөлөм зэргийг боловсруулан нийлүүлдэг байна.

Харин үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлийн томоохон нь арьсны механик гэмтэл болоод малын өвчлөлтэй холбоотой юм байна. Тухайлбал, паразит бог малын арьс гэмтээж байгаа нь тулгамдсан асуудал болж, хонины 80 хувь нь, ямааны 20-30 хувь /хамуу/ паразит өвчинд нэрвэгдсэн байна. Тиймээс малыг угаалгажуулж, эрүүлжүүлэн, эрт эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэй гэж үйлдвэрийнхэн үзэж байгаа юм байна.

Мөн “Монгол Шевро”, “Хос аз” үйлдвэрийн удирдлагууд болоод ажилтнууд арьсны чанар муу болоод хиймэл арьсан бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Бод малын түүхий эдийн чанар мөн л муу бөгөөд сүүлийн дамжлагаар гарч ирсэн арьс нь чанаргүй байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг бог болоод бод малын арьсны гэмтлийг бууруулахын тулд малын өвчлөлийг бууруулахаар тавдугаар сарын эхнээс энэ асуудалд онцгой анхаарч, малчдын анхаарлыг хандуулах боломжтой талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр орлоо. Хүрээлэнгийнхэн түүхий эдийн салбар уналтад орсон байгаа нь түүхий эдийн чанар муу байгаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм байна. Гэсэн ч энэ асуудлыг шийдэх судалгаа, мөн хөгжлийн хүрээлэн гэгдэж байгаа ч салбарын хөгжлийн гарцыг судалсан зүйл байхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй хандаж, тус хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхөд салбарын хөгжлийн судалгааг сайн хийх ёстойг санууллаа.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

хуваалцах