Шадар сайд Ө.Энхтүвшин Тува Улсын тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзлаа.

Хоёр улс, тэр дундаа хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, зам, тээвэр, худалдаа, эдийн засгийн салбар гээд өргөн хүрээнд ажиллах сонирхолтой байгаагаа ОХУ-ын БНТУ-ын тэргүүн Ш.В.Кара-Оол илэрхийлэв.

Увс аймагт мод боловсруулах, Кызыл хотод мах боловсруулах үйлдвэр байгуулах, Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статустай болгох, хоёр улсын хооронд нислэг үйлдэх зэрэг боломж байгааг дурдаж үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын БНТУ-ын тэргүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын бүс нутгийн дэд бүтэц хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд тэмдэглэв.

Мөн худалдаа, эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд Тувагийн тал идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Ш.В.Кара-Оолыг урив.

Уулзалтаар мөн хийн хоолой дамжуулах шугам, Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Бизнесийн салбарынхан болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

SHARE